Сурвалжилга: Аккумляторынхаа цэнэгийг өдөржин гамнаж, орой Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсчхоод, шампанскаа буудуулаад унтдаг
Он солигдох энэ өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин М.Бат-Эрдэнийн гэр бүлийг уншигчидтайгаа уулзуулж байна. Тэд энэ жил анх удаа сумын төвд халуун ам бүлээрээ шинэ оноо угтах гэж буй юм.
М.Бат-Эрдэнийнх гурван охин, ганц хүүтэй. Хоёрхон сарын өмнө гурав дахь охиноо өлгийдөн аваад байна. 2019 онд тэд айл болж, хөдөө зургаан жил амьдарчээ. Харин өмнө жилээс Баянчандмань суманд амьдрахаар шийдэж, 600 гаруй тооны бог малаа зарсан байна. Учир нь хүүхдүүдийнхээ боловсролд анхаарахаас гадна халуун ам бүлээрээ хамтдаа амьдрахыг чухалчилж, үнээний ферм байгуулаад байгаа нь энэ. Эднийх Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул ч сүүний зах зээл болоод хоттой ойр зэрэг шалтгаанаар Баянчандмань суманд төвхнөхөөр шийджээ.
М.Бат-Эрдэнэ сайн судлаагүй, арга туршлага бага ч чамлахааргүй болоод байгаа тухайгаа хэлж байна. Тэр хөдөө хонь мал, адуундаа шогшдог чөлөө завгүй эр байсан бол одоо яггүй саальчин болжээ. Гурван үнээг арваадхан минутад саагаад 10 орчим литр сүү том бидон руугаа хийчихлээ. "Дараа жил бүр гарт орчих байх аа, эхнэр нялх хүүхэдтэй. Гэлээ гээд би малд шогшихгүйгээс хойш ийм ажил хийлгүй яах вэ" гээд инээв. Түүнтэй хамт хамаг ажлыг ээж нь нугалалцаж байгаа харагдлаа.
Фермийн ажил өглөө тийм ч эрт биш, гэхдээ нар мандахаас арай өмнөхөн эхлэх аж. Хөдөөгийн малчдын ажлыг бодвол барагдахгүй их биш юм. Маш тодорхой. Ферм арав гаруй үнээтэй. Өглөөний найман цаг өнгөрөөгөөд саана.
М.Бат-Эрдэнэ, “Сүүгээ 10 цаг 30 минутаас өмнө тушаана. Ирээд үхрүүддээ нэг болон гурав, таван цагт өвс, тэжээлийг нь тавьж өгнө. Зун нэг үнээнээс дунджаар найман литр сүү гардаг. Үнээгээ өглөө, орой сааж сүүгээ тушаагаад долоо юм уу арав хоногт нэг удаа урамшууллаа авдаг. 600,000-1,000,000 төгрөгийг 7-10 хоногт авдаг гэхээр одоогийн маань нөхцөлд тун боломжийн. Гэхдээ үнээ олон байж, их сүү тушаах тусам авах мөнгө, орлого маань нэмэгдэх бүрэн боломжтой. Тиймээс ирэх жил фермээ өргөжүүлнэ” гэлээ.
Мөн тэрбээр, “Бид хөдөө сая төгрөг авах гэж 10 төлгөө жил тэжээнэ. Намар арай гэж нэгийг нь 100 мянган төгрөг болгоно. Гэтэл энд үхрээ сайн тэжээгээд сүүгээ арвин авч чадвал 10 өдрийн л ажил шүү дээ. Үхрээ зөв тэжээгээд, дааруулж хөргөхгүй дулаан байранд нь байлгавал боломжийн гарчих юм шиг байна лээ. Энэ жил шинээр ирсэн болохоор нарийн нандин зүйлсийг бас сайн мэдэхгүй байгаа. Дараа жил гэхэд дээр болчих байх” гэв.
-Мал маллахын хэцүүг мэддэгийн хувьд хүүхдүүдийнхээ боловсролд л анхаарна гэж шийдсэн-

-Олон жил хөдөө амьдарсан уу, яагаад сумын төвд амьдрахаар шийдэв?
-Би сургуулиасаа гарч, хүүхэд байхаасаа л мал дагасан. Түүнээс хойш одоог хүртэл малаа маллаж л амьдарч байна. Өнгөрсөн жил гэнэтийн шийдвэр гаргаж, энд нүүж ирсэн. Баянчандманийн айл болох гээд зүтгээд л байна.
-Мал маллахаас халшрав уу, өөр шалтгаан байв уу?
-Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг гээд хоёр талд тусдаа байна гэдэг хэцүү юм билээ. Эсвэл ээждээ харуулна. Ээж маань нааш цааш явна. Хүүхдүүд гэрээ санана гээд асуудал мундахгүй. Тийм учраас ярилцаж байгаад хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч амьдралаа бодсон ч Чандмань зүгээр юм байна гэж шийдсэн. Зах зээлтэйгээ, хоттойгоо ойр гэж бодсон хэрэг л дээ. Нэмээд мал маллаж, малтайгаа ойр байсан учраас сүүний чиглэлийн үнээ өсгөөд, ферм байгуулбал болох санагдаад наашаа зүтгэсэн нь энэ.
-Мал маллахын хэцүүг мэддэг учраас хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлье гэж шийджээ?
-Цаг үе үнэхээр өөр болж байна. Боловсрол, мэдлэг хамгийн чухалд тооцогдох болсон. Тиймээс хүүхдүүдээ цэцэрлэгээс нь сургууль хүртэл, сургуулиас нь оюутан болтол хичээнэ, хөдөлмөрлөнө. Эдний үеийнхэн том болоод мал маллана гэж байхгүй шүү дээ. Хоёрдугаарт мал маллахын хэцүүг мэддэгийн хувьд хүүхдүүдийнхээ боловсролд л анхаарна гэж шийдсэн. Тэр ч утгаараа бүх бог малаа зараад суурин газарт хамтдаа амьдарч, хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарахынхаа хажуугаар фермээ өргөжүүлнэ гээд ажиллаж байна. Болохоор л санагдаад байгаа.
-Жилийн дөрвөн улирал малаа дагаж амьдарсан, дассан хүмүүст суурин газар хэр хэцүү байна. Амар байж чадаж байна уу?
-Хөдөө байсныг бодвол амар л байна. Ялангуяа өвөл хэцүү шүү. Шуурна, мал уруудна. Малынхаа эрэлд гарна, даарч хөрнө. Шуурганы маргааш бол явахаас л өөр аргагүй. Мэдээж бензин тос үрэгдэнэ. Одоо суурин газар бараадчихсан болохоор тэр талын илүү зардлууд гарахгүй байна. Нөгөө талаар сүүгээрээ дагначхаж байгаа учраас орлого тасрахгүй, болохоор санагдаад байгаа.
-Манай гэр бүлийн хувьд чамлах эрхгүй сайхан жил болж өнгөрлөө-
-Хөдөө ч ажил барагдахгүй хэцүү шүү, өглөө дахиад л эхнээс нь хийдэг?
-Өглөө үхрийн баас арилгахаас л ажил эхэлнэ шүү дээ. Араас нь авч үлдсэн хэдийнхээ өвс, тэжээлийг тавьж өгнө. Бэлчээсэн малдаа явна. Хэчнээн хариулгагүй ч адуундаа шогшино. Орой үхрээ хураана гээд мундахгүй их ажилтай. Хүн бүл муутай, хүүхдүүд том болоогүй манайх шиг айлд бүр л асуудал. Харин одоо бол өөр шүү. Цагаар өвс тэжээлийг нь өгнө. Өглөө, орой саана. Бусдаар ямар ч асуудалгүй. Хуучин мал хариулж байсан болоод ч тэр үү үнэхээр боломжийн шүү.
-Сүүлийн жилүүдэд зун, өвөл гэж байхаа больжээ. Зун болохгүй байна, өвөл болохгүй байна гэцгээх болж. Энд малчид л их өртөж, хохирч байх шиг байна?
-Зун, өвөл хоёр байхаа больчихсон нь үнэн. Хавар уртсаад зунгүй болсон. Наадмын үеэр хэсэг сайхан болж, газар дэлхий өнгөө засах аядна. Удалгүй наадам болж, дараа нь шууд намар. Залгуулаад өвс, тэжээлийн ажил эхэлнэ дээ. Өвөл ч адилхан. Хуучин ес эхлээд 12 дугаар сар хэсэг сайхан налайдаг байлаа. Тэр үе ч байхгүй болж. Ингээд ирэхээр мал үнэгүйдэж эхэлж байгаа юм. Зун, намартаа тарга тэвээрэг сайн авч чадаагүй мал үнэ хүрэх нь битгий хэл өвөл онд ороход хэцүү шүү дээ.
-Танайх оны өмнө одонгийн хүүхдээ өлгийдөж авчээ?
-Саяхан хоёр сарын өмнө дөрөв дэх хүүхдээ өлгийдөж авлаа. Одонгийн хүүхэд гээд их бэлгэшээж байгаа. Гурван охин нэг хүүтэй улам өнөр өтгөн сайхан айл боллоо. Би өөрөө айлын ганц хүү л дээ.
-2025 он танай гэр бүлийн хувьд дүүрэн жил байжээ. Бүх зүйл шинэ бас өгөөжтэй?
-Манай гэр бүлийн хувьд чамлах эрхгүй сайхан жил болж өнгөрлөө. Бүх зүйлээ шинээр эхэлсэн гэж хэлж болно шүү. Гэр бүлд минь дахин нэг охин мэндэлж, бүл нэмлээ. Зоригтой шийдвэр гаргаж, зорьсон ажлаа амжилттай эхлүүлж, үр шимийг нь хүртэж байна. Хашаа, байшин гээд бүхнийг өөрсдийн хөдөлмөрөөр барилаа. Хамгийн чухал нь халуун ам бүлээрээ хамтдаа сайхан амьдарч байна. Үүнээс илүү жаргал гэж хаа байх вэ. Энэ бүгд ирж буй 2026 онд ихийг хийж бүтээх урам зориг, хүч өглөө. Ирэх жил улам өргөжүүлж, олон зүйл нэмж хийхээр төлөвлөсөн байгаа. Тэр бүхэн минь биелэх байх аа гэж итгэж байна.
-Төрийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийнхөө үгийг хүлээж сонсдог-
-Хөдөө шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг байв, энэ жил оноо яаж гаргахаар төлөвлөж байна?
-Хөдөө бол шинэ жилийг цагаан сартай ижил хэмжээнд ч юм уу нүсэр тэмдэглэхгүй шүү дээ. Гэхдээ бэлгэдэл талаасаа сайхан баяр учраас тодорхой хэмжээнд тэмдэглэнэ ээ. Бялуу, шампанскаа авчихна. Орой сайхан буузаа хийгээд идчихнэ. Ойр хавийн хүмүүстэйгээ он гартал ярьж хөөрч сууна. Тэгээд Ерөнхийлөгчийнхөө үг хэлэхийг хүлээж, сонсчхоод л унтацгаадаг даа. Цомхон, энгийн сайхан л тэмдэглэдэг дээ. Энэ жил шинэ газар ирсэн учраас олны жишгээр л тэмдэглэж таарна байх. Сайхан ширээ засна гэж бодож байгаа. Хөдөө энэ модыг заслаа ч гэрлийг нь аккумлятор асааж дийлдэггүй. Тогтой газар харин сайхан юм. Хүүхдүүддээ бэлдсэн бэлгээ өгөөд, энд байдаг хамаатнуудаа цай уулгаад, 00 цаг хүртэл тайван сайхан сууцгаана даа. Ерөнхийлөгчийнхөө үгийг бас сонсоно.
-Та түрүүн бас хэлж байсан. Хөдөө байхдаа Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсохын тулд аккумляторынхаа цэнэгийг гамнаад 00 цаг хүртэл юм үздэггүй байсан гээд?
-Төрийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсох гээд байгаа байхгүй юу. Хөдөө аккумлятор нь цэнэгтэй хүн ч байгаа, цэнэггүй хүн ч байгаа шүү дээ. Маргааш нь сонсдог ч хүн бий. Хэцүү шүү дээ. Манай гэр бүлийн хувьд он солигдох цагаа дөхүүлээд л зурагтаа асаана. Ерөнхийлөгч үг хэлэхтэй зэрэгцэж босож зогсоод шампанскаа буудуулцгаадаг даа.
-Гэснээс та айлын ганц хүү юм билээ. Баяр ёслолоор ч гэдэг юм уу ганцаараа гэдгээ мэдрэх, гэнэт анзаарах үеүд хэр гардаг вэ?
-Тийм үеүд гарна аа. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гэдэг үг бий. Нөгөө талд айлын ганц хүүхэд хэдий ч одоо би ганцаараа биш шүү дээ. Дөрвөн сайхан үр минь байна. Хань минь байна. Ээж минь дэргэд байна. Тэднийхээ төлөө л амьдарна. Ганц тулах цэг нь бий шүү дээ. Тиймээс өөрийнхөө хүссэн замаар хүрнэ, зорино гэсэндээ заавал хүрнэ. Хүүхдүүдээ аль болох боловсролтой, бусдын дор оруулахгүй явуулчихъя л гэж бодож, хичээж байна даа.

































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа ийм тэнэг юмуу, эсвэл тавлаад байна уу, амнаасаа өмхий хий гаргахдаа хүний дургүй хүргэж орктдогоо боль малаа!