У.Хүрэлсүх: Бидний ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, үнэт өв бол уламжлалт анагаах ухаан юм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр тэрбээр,
"Эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, эмч, эрхэм зочид болон улс орноо удирдан залж байсан үе үеийн төрийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд бэлэгт сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монголчууд бидний түүх, өв соёл оюун санааны салшгүй нэгэн хэсэг бол уламжлалт анагаах ухаан билээ. Уламжлалт анагаах ухаан нь аливаа өвчин эмгэгийг оншилон эмчлэх арга ухаан, эрүүл зөв амьдрах зан үйл төдийгүй Монголчууд бидний ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, оюун санааны уламжлалд тулгуурласан үнэт өв билээ.
Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн өмнөөс хөгжиж түүхтэй. Анхлан 1681 онд “Тэжээхүй ухаан эмч, маарамба” бэлтгэх дэг сургууль байгуулж сургалтын болон эмчилгээний гарын авлага туурвин хэрэглэж эхэлсэн түүхтэй билээ. Өнгөрсөн 300 гаруй жилийн хугацаанд үе үеийн оточ нар уламжлалт анагаах ухааны онол мэдлэгийг өвлүүлэн ирсэн бөгөөд өнөө цагт уламжлалт анагаах ухааны эмч нар ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж буй.

Мөн сурах бичиг гарын авлага болон хэрэглэгдэж ирсэн ховор нандин бүтээл болох “Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэгсэн” бичгийг 2025 онд Юнескогийн дурсгалын өвд бүртгүүлсэн нь уламжлалт анагаах ухааныг дэлхийд суртчилан танилцуулсан үйл хэрэг болсон.Түүнчлэн Монголын уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд олон улсад тэр тусмаа Бүгд найрамдах Польш улсад оншилгоо эмчилгээ чанартай гүйцэтгэж уламжлалт анагаах ухааны ололт амжилтыг түгээн дээшлүүлж буйг тэмдэглэн хэлмээр байна. Уламжлалт анагаах ухааныг хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэг, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй та бүхэндээ талархал илэрхийлье.
Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, өвөг дээдсийнхээ түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, уламжлан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг билээ.Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотоо сэргээн байгуулах, Монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.
Мөн Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн, ёслол төгөлдөр хүндэтгэн заллаа. Монгол түмний бахархал болсон монгол морио алдаршуулах зорилгоор төрийн тэргүүн “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталснаар дэлхийн улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.
Тэгвэл Монгол Улсад Тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 345 жилийн ойг тохиолдуулан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлигийг өнөөдөр гаргалаа. Энэ зарлигаар уламжлалт анагаахын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож байна.
Цаашид мэргэшсэн, чадварлаг залгамж үеийг бэлтгэх нь чухал бөгөөд авьяас билиг, ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй үзэлд суурилсан уламжлалт шавь сургалтыг сэргээн хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд салбарын эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд Та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт, нэгдмэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монголын уламжлалт анагаах ухааны онол, мэдлэг, өв соёлыг судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг төрийн тэргүүн ямагт дэмжих болно. Монголын уламжлалт анагаах ухаан үеийн үед өргөжин хөгжиж, даян дэлхийд түгэн дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xудлаа шоудах юмаа олж ядах юм. Тонил бистаа!
Уламжлалт анагаах ч агуу л даа. Гэхдээ энэ самрагч ярихаар бүр бүх юм худ болдог
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Nuursnii hulgaich
хэзээ сайд томилохоо болих ьэ чи