Төв, Дундговь аймагт төөрсөн 61-62 насны хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Өчигдөр буюу /2026-01-18/-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум болон Дундговийн Эрдэнэдалай суманд 61 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй төөрч, сураггүй болсныг эсэн мэнд олж, эмнэлэгт хүргэн өгсөн байна. Тухайлбал,
Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь 2026.01.18-ны өдрийн 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн.
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Тус сумын харьяат малчин С нь 2026.01.18-ны өдрийн 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид,сумын Мэргэжлийн ангийнхан малчин С /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 01.19-ний өдрийн 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.