Баярын ширээ засах дундаж өртөг ₮1-3 сая байна
XVII жарны "Сүрээр дарагч” гал морин жил дөрвөн хоногийн дараа гарах гэж байна. Тиймээс иргэд энэ амралтын өдрүүдийг ашиглаж баярын ширээгээ засах тавгийн идээ, хүнсээ базаах нь биз. Тэгвэл нэг өрх хэд орчим төгрөгөөр баярын ширээгээ засах боломжтойг тооцоолж үзье.
Баярын ширээний гол идээ болох ууцны үнэ "Дэнжийн мянга" захад ₮300-800 мянгын хооронд худалдаалагдаж байгаа юм. Түүнчлэн "Өгөөж-чихэр боов" ХХК-ны угалз хэлбэртэй, 15 ширхэгтэй нэг таваг засах боломжтой ул боов ₮116,150 байна. Харин тавгийн голд орж, сүр чимэг нэмдэг еэвэн ₮23-70 мянгын хооронд худалдаалагдаж байгаа аж. Сүүлийн үед иргэдийн түгээмэл хэрэглэх болсон сүлжмэл ул боов буюу 40 см хэмжээтэй гурван үе таваг засах боломжтой нь ₮75 мянга байгаа бол таван үе таваг засах сүлжмэл ул боов ₮125 мянгаар худалдаалагдаж буй.
Үүнээс үзвэл баярын ширээний гол хоёр зүйл болох ууц, тавгийн ул боовны үнийг дунджаар нийлүүлж бодоход хагас сая төгрөг болох аж. Үүн дээр цагаан идээгээр таваг засах бол ааруулын үнэ килограмм тутамд ₮30-65 мянгын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд иж бүрдлээр нь ₮250-343 мянгаар "Алтжин Бөмбөгөр" захад худалдаалагдаж байна. Мөн баярын ширээ чимэх ус, ундаа, чихэр жимс болон бусад бүтээгдэхүүнийг дунджаар бодоход хагас сая төгрөг болж байна.
Ингээд бодохоор баярын ширээ засах дундаж өртөг ₮1-3 саяын хооронд хэлбэлзэж таарах нь. Ууц тавьдаггүй залуу гэр бүлүүд нэг сая төгрөг бол зочид их ирдэг айл дунджаар ₮3 саяар баярын ширээгээ засах аж.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Фэтийшаа
5 сая болж бна. Манайх ч баярхаж хийдэг угаасаа