"Их говийн манаач"-ыг хамгаалах өдөр тохиож байна
Цор ганц Монголын говийн хатуу, ширүүн уур амьсгалд дасан зохицон амьдардаг амьтан бол Мазаалай. Түүнийг шинжлэх ухаанд "Ursus arctos gobiensis" хэмээх нэршлээр бүртгэсэн бөгөөд хүрэн баавгайн говийн дэд зүйлд хамааран авч үздэг. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн нутагт амьдрах мазаалай нь дэлхийн хамгийн хуурай, эрс тэс уур амьсгалтай бүсэд дасан зохицсон цөөн тооны хөхтөн амьтдын нэг. Хязгаар нь үл харагдах уужим цээлд их говио манан орших түүнийг "Үндэсний бахархалт амьтан" хэмээн өргөмжлөхийн сацуу "их говийн манаач" гэхэд хилсдэхгүй биз ээ.
Жил бүрийн өнөөдөр буюу /02.28/-ны өдөр “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Угтаа өнөөдөр их говьдоо элэгтэй түүнийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, хамгаалах, хайрлах өдөр юм. Мазаалай нь бусад хүрэн баавгайтай харьцуулахад биеэр арай жижиг, цайвардуу хүрэн өнгөтэй, урт сарвуу, өргөн тавхайтай. Гол төлөв ургамлын гаралтай тэжээлээр хооллодог ч шавж, жижиг амьтан, сэг зэм идэх нь цөөнгүй.
Говьд усны нөөц хомс учир баянбүрд, булаг шандын орчимд төвлөрөн нутаглах нь элбэг юм. Ган зудын давтамж, усны эх үүсвэрийн ширгэлт, хүний үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг хүчин зүйлс тэдний амьдрах орчныг хумьж сүүлийн жилүүдэд мазаалайн тоо толгой цөөн хэвээр байгаа аж. Мазаалайг хамгаалах асуудал нь зөвхөн нэг амьтныг аврах бус, говь, цөлийн эмзэг экосистемийг бүхэлд нь хамгаалахтай салшгүй холбоотой болоод буй.

Тиймээс “Мазаалай баавгайг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ жил танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ны өдөр хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон тус төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтэд мазаалайн талаарх судалгааны мэдээлэл хүргэх, байгаль хамгааллын боловсролыг дэмжихэд чиглэх аж.
Өдөрлөгийн үеэр мазаалай баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, судалгааны ажлын үр дүнгийн танилцуулга, хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүйн хөтөлбөрүүд болох юм.
Өдөрлөгийн үеэр,
- Мазаалай баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн
- Баримтат кино, видео танилцуулга
- Судалгааны үр дүн, мэдээлэл танилцуулах
- Хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом, хөтөлбөрүүд зэрэг олон талт үйл ажиллагаа болох аж.
Мазаалай нь Монгол орны биологийн олон янз байдлын бэлгэ тэмдэг мөнөөс мөн бөгөөд үндэсний бахархалт амьтан юм. Иймд түүнийг хамгаалах нь өнөө үеийнхний хариуцлага төдийгүй ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт өвийг хамгаалж буй хэрэг билээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.