Тэмдэглэл | С.Доржпалам эд хаваа гайхуулж, О.Мөнх-Эрдэнэ монгол бөхийн жудгийг үлгэрлэсэн нүүдэлчдийн наадам
Эх нутгийнхаа дөрвөн зүг, найман зовхист суугаа олон ястан, дэлхийгээр нэг тархан суурьшсан монгол туургатнуудын уулзах цэг болсон "Нүүдэлчин" фестиваль гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Соёлын биет бус өвийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү наадмын утга учрыг улам тодруулсан нь хүчит бөхийн барилдаан байв.
Наадамчид зүлгэн дээр тойрч суугаад бөхөө үзэх зураглал. Бөхчүүд нь үзэгч олонтойгоо эгнээ суугаад хууч хөөрөх дүр зураг. Үзүүр түрүүний бөх хайнцах шахам хаялцахад "Далайцэрэн давсан", "Дахиад барилдчих аа" гэхчилэн шуугилдах бөх сонирхогчдын сэтгэл хөдлөл. Ийм нэгэн хуучны киног санагдуулам чимэг хачиргүй барилдаан Тайж хайрханы бэл дэх зүлэг ногооноо дэвжээнээ өрнөсөн юм.
Дэлгэцээр биш дэргэдээс нь
Бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 зодоглоно гэж олон нийтэд мэдээлсэн ч дэвжээнээ 96 бөх гарав. Гэхдээ тоонд бус агуулгад төвлөрсөн нь онцлог боллоо. Дараах зургаан улсын цолтон зодоглов.
- Архангай аймгийн Хангай сумын харьяат Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ;
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын начин Б.Ганхуяг;
- Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Улсын начин Ш.Дарханбат;
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Б.Даваа-Очир;
- Булган аймгийн Могод сумын харьяат Улсын начин Э.Энх-Амгалан;
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Улсын начин Б.Баян-Мөнх.
Хөдөө талд зохион байгуулж буй наадам тул цахилгааны саатал гарч бөх тайлбарлагчийн микрофон ажиллахгүй удав. Нэгийн давааны дундаас хоёрын даваа шувтрах дөхтөл тайлбаргүй үргэлжилсэн ч үзэгчдийн хөл татраагүй нь монголчуудын бөхөд хайртай сэтгэлийг илтгэх биз. Нөгөөтэйгүүр, улс, аймгийн цолтой ид зодоглож буй бөхчүүдтэй зургаа даруулж, барилдааныг яг дэргэдээс нь үзнэ гэдэг бөх сонирхогчдын хувьд азтай тохиол гэлтэй.
Тавын даваа ам ба нийгмийн хүлээлт
Наадмаар бол начин цолны даваа. Цол олгох барилдаануудын хамгийн эзэгтэй хэсэг. Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн нэр хүндийг унагаж буй найрааны асуудал ч энэ даваанд хамгийн их яриагддаг. Улсын наадам төдийгүй аймгийн наадам найрааны асуудал газар аваад удаж байна. Харин "Нүүдэлчин" фестивалийн хүчит бөхийн барилдаанд ам авах бөхчүүд сонгосон бөхийнхөө нэрийг тэмдэглүүлээд буцав.
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Аймгийн арслан Ц.Мөнхбаярыг
- Улсын начин Б.Даваа-Очир Аймгийн арслан Б.Баянсүхийг тус тус амлаж,
- Аймгийн хурц арслан М.Буяндэлгэр, Аймгийн арслан С.Доржпалам нар тунан барилдав.
Хэдийгээр улсын наадам, томоохон ойн барилдаантай зүйрлэх боломжгүй ч дээрх дүр зургаас монгол бөхийн дэг жаяг харагдана. Түүнчлэн ам авахад хэт удахгүй байх, гар утасгүй ирэх зэрэг бөх сонирхогчдын орчин цагийн бөхчүүдээс нэхэж буй ёс зүй энд харагдаж байв. Тэр хэрээр олны хайр хүндэтгэлийг татах аж.
Тахим өгөх уламжлал хийгээд үндэсний бөхийн ёс жудаг
Зургаан даваанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ гоц мөргөж, Улсын начин Б.Даваа-Очир Аймгийн арслан С.Доржпалам нар оноолт таарсан юм. Улмаар Б.Даваа-Очир начин залуу арсланд өвдөг шороодов. Тэрбээр цолоор илүү тул элэг бүсээ тайлж, С.Доржпалам давсан ч цолоор бага тул суган доогуур нь тэргүүнээ мэхийн гарч хүндэтгэл үзүүлэв.
Энэ бол бөхийн тахим өгөх ёсон буюу унасан, давснаа харилцан хүлээн зөвшөөрч буй үйлдэл. Сүүлийн жилүүдэд бөхчүүд тахимаа өгөхдөө уурлаж ундуулах, ёс төдий орхих болсон нь нууц биш.
Өвөрхангай аймгийн Манлай сумын харьяат Аймгийн арслан С.Доржпалам Улсын харцага О.Мөнх-Эрдэнээр долоо даван түрүүлсэн нь таамаг эвдсэн зүйл болж олныг шуугиулав. Бөх сонирхогчдын хэлбэр хийц сайнтай, улсын цолонд мөдхөн хүрнэ гэж хардаг Аймгийн арслан ийн эд хаваа гайхуулах нь сайхан.
Видео линк:
Нөгөөтэйгүүр үзүүр түрүүний бөхчүүд хайнцах шахам ойрхон хаялцсан нь наадамчдын сэтгэлийг улам хөдөлгөсөн юм. Харцага хэдийгээр эргэлзэнгүй зогссон ч цэцийн шийдвэр гарахад тахимаа өгч, архан талаас нь босож төрийнхөө далбааг тойрон хүндэтгэлтэйгээр дэвж харагдав. Эл үйлдэл өндөр хэмээх О.Мөнх-Эрдэнэ харцага ёс жудгаа ч өндөрт өргөж яваа бөх болохыг тодотгов.
Энд дарга нар бөхийн бай шагнал гардуулах гэж бужигнаан үүссэнгүй. Үзэгчид үзүүр, түрүүний бөхчүүдтэй зургаа даруулж, баяр хүргэсээр наадам өндөрлөв. Наадамчид "Үзэх юмтай. Очоод ярих юмтай наадам үзлээ" гэдэг шиг сэтгэл дүүрэн буцаж харагдана. Үүнээс монголчууд бөхдөө хэчнээн хайртайг, үндэсний бөхийн цаана өв соёл, эв нэгдлийн ямар өргөн агуулга тээж явдгийг харж болмоор. Цолны найраа, хориотой бодис, улс төрөөс ангид байж гэмээнэ үнэ цэн нь улам нэмэгдэх нь дамжиггүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.