Иргэд: ₮37 мянгад хонины жижиг хаа ирж байна. Хоёр орой л хоол хийнэ
Намрын сар аль хэдийн дундаа орлоо. Удахгүй өвөл болж бид идэшний махаа бэлтгэх, нөөцлөх ажилдаа орно. "Одоогоор бэлчээрийн мал тарган, мах элбэг учир үнэ өсөхгүй гэж" салбар яамныхан хэлдэг. Тэгвэл Улаанбаатарын махны гол зах болох "Хүчит Шонхор"-оос худалдан авалт хийж буй иргэдээс үнэ буусан, эсэхийг тодрууллаа.
Видео:
Өнөөдрийн (2026 оны есдүгээр сарын 15) байдлаар "Хүчит Шонхор" зах дээр үхрийн ястай мах 26,000-28,000, цул мах 35,000 төгрөг хүрсэн бол хонины цул мах 28,500, ястай нь 22,000-23,000 төгрөгөөр зарагдаж байна. Махны жижиглэнгийн үнэ сарын өмнөх буюу 2026 оны наймдугаар сарын эхэн үеэс дунджаар ₮1,000-2,000-аар нэмэгджээ. Энэ талаар худалдаа эрхлэгч нараас тодруулахад "Өнгөрсөн сард малын тарга хүч сайн, нийлүүлэлт тогтвортой байсан. Харин энэ сард хичээл сургууль эхэлж, хүн амын төвлөрөл болон хэрэглээ нэмэгдсэн учраас үнэ өссөн" гэлээ.
Махны үнийн дунджийг өнгөрсөн сартай харьцуулбал:
- Үхрийн мах: Сарын өмнө ястай нь ₮24,000–28,000, цул нь ₮28,000–33,000 байсан бол энэ сард 1,000–2,000 төгрөгөөр өсөж, дээд үнэ нь 35,000 төгрөг болжээ.
- Хонины мах: Өнгөрсөн сард ястай нь ₮18,500–21,000, цул мах ₮22,000–25,000 байсан бол энэ сард үнэ нь нэмэгдэж, цул мах ₮28,000 орчимд хэлбэлзэж байна.
- Ямааны мах: Сарын өмнөх үеэсээ дунджаар ₮1,000 орчим нэмэгдэж, цул нь ₮27,500 болжээ.
Махны үнийн талаар иргэдээс дараах тодруулгыг авлаа.
Иргэн1: "Үнэ буурна. Бууруулна" гээд байсан бодитоор бидэнд мэдэгдэж байгаа зүйл алга. Нэг туранхай хаа авахад л ₮37 мянга болж байна. Үүнийг ногоотой хольж аргалаад хэрэглэхэд хоёр орой л хоол хийх байх. Энэ байдлаараа үнэ буурахгүй өвөлтэй золгох байхаа. Лангуу болгон дээр үнэ нь өөр байна. Нэг орой л чанах адууны хоёр ястай сээр авахад ₮37 мянга боллоо. Энэ байдлаараа амьдрал улам л хүндрэх юм шиг байна даа.
Иргэн2: Өвөл, хаврыг бодвол махны үнэ бага зэрэг бууж хонины мах ₮30 мянгатай байна. Үхрийн мах бүр үнэтэй авч дийлэхгүй болж. Арай дийлэх нь хонь, ямаа л байна. Дайвар бүтэгдэхүүн буюу малын дотор гэдэс нэг килограмм нь ₮10 мянга гэсэн. Ер нь хүнсний бүтэгдэхүүний үнэ улам өсөөд л байх юм.
Иргэн3: Махны үнэ буусан гээд байсан худлаа байж. Ганц тор дүүрэхгүй мах авахад л ₮120 мянгаас хэтрээд явчихлаа. Наймдугаар сарын сүүлчээс үнэ нь нэмэгдсэн байна. Одоо буурахгүй өссөөр байгаад өвөл, хавартай золгох биз.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mahnii une balairlaa shuu iim ch tor bh gej