Байнгын хороодын "Байнгын гацаа" үргэлжилсээр л
Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороод хуралдаж, олны хэл ам, хэрүүл тэмцлийн гол "угшил" болоод буй 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийх товтой байлаа.
"Байх ёстой байлаа, байх ёстой байсан, байсангүй." "Байсангүй"...
Өнөөдрийн гурван байнгын хороодын хоёр нь хуралдсангүй. Эдийн засгийн байнгын хороо нь төсвөө хэлэлцэж хуралдаагүй байхад 16.00 цагаас хуралдах ёстой Төсвийн байнгын хороо хуралдана гэдэг "худгийн үлгэр". Бүрдэж өгдөггүй ирцтэй, бүрэлдэж өгдөггүй бүрэлдэхүүнтэй, бүтэл муутай Байнгын хороод болж байх шив.
Улсын төсөв нь ухаад ухаад барагддаггүй фактуудын цуглуулбар болоод, ундарсан их маапаан дундаа хөл нь толгой, толгой нь олгой болоод дуусах шинжтэй.
Саяхан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан бүтэн хоёр хоног хэдэн намуудын бойкот, гэдийлтээс болж ирц нь бүрдэхгүй хэвлэлийнхний нүдийг чилтэл хүлээлгэсэн. Хэлэлцэх асуудлыг нь хүлээж бид 4 цагийн турш ирсэн, ирээгүй хэдэн гишүүдийн хоосон нэрстэй дэлгэц ширтэж суусан.
Инфляц нь аюулын дохио 12.5 заачихсан, мах гурилын үнэ нь ард иргэд рүү нь "салаавч" гаргачихсан, бензин тосны оочер нь хоногийн 24 цагийн 20-ийг нь эзлэх нь холгүй нөхцөлд маргаашаа бодохоос огиудас нь цутгах аз жаргал, сэтгэл ханамжгүй иргэдтэй, улсаараа "сааралтсан", "саармагжсан" байхад гарц шийдэл гаргах ёстой нөхдүүд нь "гацаалт"-ын мастерууд л болоод байх юм. Системийнх нь алдаа эндэгдэл, завхрал буруутлыг нь олж, тодорхойлж, сануулж хэлж өгөөд байгаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөө ч сонсдоггүй, Үндэсний аудитын газраа ч сонсдоггүй. Зүгээр л ёсыг бодож микрофон болоод камерын өмнө гаргаж хэдэн үг хэлүүлчхээд "хаалгаа хаачихдаг" бидний төр.
Сайд томилох, албан тушаал ахиулах болохоор бүрддэг ирцтэй, албаны ажил урагшлуулах болохоороо бүдэрдэг парламенттай юм, бид. Нэг талаас Ерөнхий сайд нь "Би ард түмэндээ хайртай болохоор өөрсдийнх нь юмыг өгнө" гэж "хааны сүржигнэл" гаргах, нөгөө талаас "Манай намын талаар цуурхал тараалаа, итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирвэл хуралд нь сууна" гэж мэдэгдэл хийн гөжүүдлэх сөрөг хүчинтэй. Завсарт нь байгаа хэд нь ард түмний дунд афоризм болж алдаршиж чадах үг болоод санааны эрэлд хатсан шиг ээ сууж байх.
Хэн нь жинхэнэ шийдлийг ярьж байна? Ард түмэн энэ олон "миний үнэн бол туйлын зөв" гэх байр суурьтай мянган толгойн яг аль "үнэнд нь" итгэх ёстой юм бэ?












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсөл нь хууль зөрчиж орж ирсэн, инфляцийг хөөрөгдөх нь тодорхой учраас л хэлэлцэхгүй байгаа юм биш үү. Зүгээр л ЗГ төслөө татаад авчих.