"Эцэг, эхчүүдийн гомдлоор хүүхдүүдэд сард нэг удаа таван цулын хоол өгнө" гэв

Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг нэгдсэн цэс, нэг стандартаар зохион байгуулж эхэлсэн энэ хичээлийн жилд эцэг, эхчүүдийн зүгээс хоолны амт, үнэр, түүхий эдийн чанар, дайвар бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гомдол нэмэгдэж байна. Харин салбарын зүгээс хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээнд үндэслэн дайвар бүтээгдэхүүнийг цэсэнд тодорхой давтамжтай оруулсан гэж тайлбарлаж байгаа юм.
2026–2027 оны хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдийн хооллолтод нэгдсэн цэс хэрэгжиж, хоолны хэмжээ, орц найрлагыг тодорхой стандартаар зохион байгуулах болсон.
Мөн цэцэрлэгүүд гал тогоондоо халуун хоол үйлдвэрлэхийн зэрэгцээ хүнсний зарим түүхий эд, бэлдэцийг гаднаас төвлөрсөн худалдан авалтаар хүлээн авч ашиглаж байгаа аж. Энэ өөрчлөлт нь нэг талаас хүүхэд бүрд ижил хэмжээ, шим тэжээлийн шаардлага хангасан хоол хүргэх зорилготой. Боловсролын яамнаас ч хүүхдийн хоолны шим тэжээл, чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг хэлэлцэж, хоолны зардлыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал гаргаж байсан.
Гэвч бодит байдал дээр нэгдсэн цэсийн хэрэгжилттэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн гомдол анхаарал татаж байна. Мөн хүүхэд хоолондоо дургүй байгаа эсэх, хоолны үлдэгдэл хэр их байгаа, тухайн цэсийг хүүхдүүд бодитоор идэж чадаж байгаа эсэхийг тогтмол үнэлэх нь чухал юм. Махны үнэ нэмэгдснээр нийт хоолны 70 хувь нь мах үлдсэн хэсэг нь зүрх, гүзээгээр баяжуулж хоол өгч байгаа талаар нэгэн цэцэрлэгийн тогооч хэлсэн юм. Энэ нь өдөр бүрийн хоол ямар нэгэн дайвар бүтээгдэхүүний орцтой гэдгийг хэлж байгаа юм.
“Хоолны үнэр, амт нь өөр болсон”
Эцэг, эхчүүдийн ярьж буйгаар өмнө нь цэцэрлэг бүр өөрийн гал тогоондоо хоол, нарийн боов, ундаа зэргийг тодорхой хэмжээнд бэлтгэдэг байсан бол одоо бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн түлхүү ашиглаж байгаа гэх гомдол байна.
Тухайлбал, бууз, котлет, бөөрөнхий мах зэрэг бүтээгдэхүүн бэлэн бэлдэц хэлбэрээр ирдэг, жимсээр шинээр шүүс хийхийн оронд бэлэн найруулдаг ундаа хэрэглэх болсон, боорцог, нарийн боовны чанар өмнөхөөс өөр болсон гэх мэдээллийг зарим эцэг, эх өглөө.
Мөн хамгийн их яригдаж байгаа асуудлын нэг нь махан бүтээгдэхүүний орц байна. Зарим эцэг, эхийн мэдээлснээр хүүхдийн хоолонд гэдэс, дотор зэрэг дайвар бүтээгдэхүүн их хэмжээгээр орж байгаа бөгөөд зарим тохиолдолд хүүхдүүд тухайн хоолыг идсэний дараа бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн гэх гомдол гаргасан байна. Гэхдээ эдгээр тохиолдол нь тухайн хоол хүнснээс үүдэлтэй байсан эсэхийг лабораторийн шинжилгээ, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоох шаардлагатай. Харин эцэг, эхчүүдийн гомдол гарч байгаа нь хүнсний түүхий эдийн чанар, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, хоол үйлдвэрлэлийн хяналтыг илүү нээлттэй болгох шаардлагатайг харуулж байна.
Элэг, бөөр, зүрх, уушги зэрэг дайвар бүтээгдэхүүн нь өөрөө хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнс гэсэн үг биш юм. Харин тэдгээрийг ямар нөхцөлд нийлүүлсэн, хэрхэн тээвэрлэж хадгалсан, хэрхэн цэвэрлэж боловсруулсан, хүүхдийн насанд тохирсон хэмжээгээр хэрэглэсэн эсэх нь гол асуудал болоод байна.
Боловсролын байгууллагад ирсэн эцэг, эхийн гомдлын хариуд 2026–2027 оны хичээлийн жилд хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөлд үндэслэн гурван долоо хоногийн нэгдсэн цэсийг урьдчилан боловсруулсан бөгөөд наймдугаар сард дахин тендер зарлагдсан талаар тайлбарласан байна. Мөн Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний VI судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн цус багадалт 21.3 хувьтай, 6–23 сартай хүүхдийн төмөр дутлын цус багадалт харьцангуй өндөр хэвээр байгааг тогтоосон. Тиймээс хүүхдийн хооллолтыг бичил тэжээлээр баяжуулах шаардлага байгааг судалгааны дүн харуулж байна.
Энэ үндэслэлээр дайвар бүтээгдэхүүнийг нэгдсэн цэсэнд долоо хоногийн нэг өдөр оруулахаар төлөвлөсөн гэж холбогдох байгууллага тайлбарлажээ.
-Нэгдсэн цэс чанарын нэгдсэн хяналт болж чадаж байна уу?
-Эцэг, эхчүүдийн дунд “нэгдсэн цэс” гэх ойлголт нь “бүх цэцэрлэгт адилхан хоол” гэсэн утгаар ойлгогдож байна. Гэвч нэгдсэн цэс нь зөв хэрэгжвэл хүүхэд бүрийн хоолны хэмжээ, илчлэг, уураг, аминдэм, эрдэс бодисын хэрэгцээг тооцож, хоол тэжээлийн ялгааг багасгах боломжтой. Боловсролын яамнаас ч хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэрийг хангах зорилгоор 99 нэр төрлийн хоол бүхий “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс”-ийг боловсруулсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс бодисын эх үүсвэрээр ангилан төлөвлөжээ. Гэвч цаасан дээрх цэс, хүүхдийн аяган дахь хоол хоёрын хооронд зөрүү гарвал стандартын ач холбогдол буурах юм.
-3000–4000 төгрөгөөр хүүхэд ямар хоол тэжээл авч чадах вэ?
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2024 оноос улсын хэмжээнд 3000 төгрөг, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд 4000 төгрөгөөр тооцогдож байгаа. Харин мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нөхцөлд энэ мөнгөөр хүүхдийн өдөр тутмын хоолыг чанартай, шим тэжээлтэй байлгах боломж хэр хангалттай вэ гэдэг асуудал давхар тавигдана. Хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх санал өмнө нь ч салбарын хэлэлцүүлгийн үеэр гарч байсан. Тиймээс асуудлыг зөвхөн тогоочийн ур чадвар, цэцэрлэгийн гал тогоотой холбохоос илүү хүнсний худалдан авалт, төсөв, нийлүүлэлтийн сүлжээ, чанарын хяналт гэсэн бүх шатанд нь харах шаардлагатай байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдүүд яг идэж харагдаач.