Н.Учрал, О.Цогтгэрэл нарын мэтгэлцээний тойм: Төрийн хямралыг хэрхвэл зохих вэ?
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр АН-ынхан УИХ-ын "Асуулгын цаг"-аар “Төрөө хямралаас гаргасан уу, Түмнээ ядуурлаас аварсан уу?” сэдвээр Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж мэтгэлцээн өрнүүлж буй. Мэтгэлцээнийг ингэж нэрийдсэний учир нь тэртээ 26 жилийн өмнө МАН-ын ард түмэнд зориулан гаргасан уриа ийм байж. Сөрөг хүчнийхний зүгээс МАН-ын засаглал энэ 26 жилийн хугацаанд уг уриагаа хэрэгжүүлж чадсан, эсэхэд дүгнэлт хийхээр шийджээ. Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болоод Ерөнхий сайд Н.Учрал нарын мэтгэлцээний агуулгыг тоймлон хүргэе.
О.Цогтгэрэл:
Сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН гурав дахь Ерөнхий сайд, гурав дахь УИХ-ын дарга, тав дахь ХЗДХ-ийн сайдаа томилсон. Юу өөрчлөгдөв? Монгол Улсын түүхэнд энэ жил анх удаагаа УИХ тарах тухай яриа гарлаа. УИХ-ыг тараах зорилгоор танай МАН-ын нэг гишүүн 100 мянган гарын үсэг цуглуулах тухай яриад мэдэгдэл хийж байна. Тэгэхээр та бүхнийг засаглаж байх хооронд ард олон ядуурлаас гарсан уу? Төрийн хямрал жинхнээсээ хаалга тогшиж байна.
Н.Учрал:
Би энд улс төр биш, ажил хийх гэж зогсож байгаа. Та манай намын 2000 оны “Төрөө хямралаас гаргая, Түмнээ ядуурлаас аваръя” гэх уриаг эш татаж байх шиг байна. Яагаад манай нам тухайн үед энэ уриаг дэвшүүлсэн гэхээр “Ардчилсан хувьсгал” эвсэл дөрвөн жил Засгийн эрх барихдаа дөрвөн Засгийн газар огцруулж, төр хямарч түмэн олноо ядууруулсан. Тиймээс энэ уриан дор ажиллах ёстой болсон юм. Улс орон 26 жил уруудсан уу гэвэл үгүй. Улсын 26 жилийн хөгжлийг бүгдийг нь үгүйсгэж болохгүй.
О.Цогтгэрэл:
Та асуултаас бултаж байна. Бурууг хүлээн зөвшөөрч байна. Асуултанд хариулахад хэцүү байгаа бололтой. Энэ хугацаанд түмэн олон ядуурлаас гарсан уу? 2016 онд 900 мянган иргэн ядууралд байсан, энэ тоо одоо ч хэвээрээ. Эдийн засаг 7.7 хувиар өссөн, иргэд харин 5 хувиар ядуурсан. Улсын эдийн засаг чинь яг танай МАН-ын анхны дарга С.Данзангийн хэлж байсан үгний эсрэг байна. “Иргэн нь баян бол улс баян” гэсэн чинь одоо иргэн нь ядуу, улс нь үрэлгэн. Эдийн засаг өсөөд байхад иргэд нь ядуураад л, энэ мөнгө хааччихав?
Н.Учрал:
Экспортийн биет болон хувь хэмжээ өссөн. Түүний ашгийг ард иргэдэд нь өгөх нь зөв. Одоогоор ядуурлын түвшин 27.1 хувьтай байна. Бид татварыг бууруулж, ачааллаа төсөв дээр авах ёстой, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой. Ахмадуудын 30 хувь нь бага орлоготой. Өрхийн худалдан авах чадвар буураад байна. Одоогийн манай засгийн шийдвэр бол иргэдээ л бодсон шинжтэй.
О.Цогтгэрэл:
МАН ард түмэндээ хайртай. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэхээр АН эсэргүүцээд байна гэсэн цуу яриаг ард түмэн дунд та бүхэн тарааж байна. АН-ын хувьд цалин, тэтгэврийг бодитоор нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр 4кг мах авч байсан бол, өнөөдөр 3 кг мах авч бна. Өрхийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэдэг чинь 100 мянган төгрөгийг 110 мянган төгрөг болгохыг хэлдэггүй юм. Та бүхэн нэмж байгаа нэрийдэл дор юуны оронд юу нуугаад байна?
Н.Учрал:
Эмч нарын цалинг 20 хувиар нэмэх хэрэгтэй байна. 90 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Боловсролын салбарт цалингийн зөрүү дангаараа 680 тэрбум шаардлагатай. Суурь тэтгэврийг дээшлүүлэхэд 444 мянган ахмад настан хамрагдана. Бид бага орлоготой иргэдээ хамгаалах бодлого л оруулж ирсэн. Инфляцаар иргэдийг айлгаад байвал ядуурал улам л нэмэгдэнэ. Төсвийг нэмээгүй, танилцвал харагдана.
О.Цогтгэрэл:
Мөнгөн дүн нэмэх биш, мөнгөөр юу авах вэ гэдэг чухал. Таны төсвөөр бол Монгол Улсын нэг иргэнд тооцвол 6 саяын өр нэмэгдэх магадлал байна лээ. Ирэх жил юу болохыг хэн ч таашгүй.
Н.Учрал:
Таны ярьж бгаа үнэн. Энэ алдааг засах амар байгаагүй. 1.4 их наядыг бүрэн хэмнэж байж, бид амлалтдаа хүрэх гээд байна. Бид бас өнгөрсөн жилүүдийн эрчим хүчний салбарын засаж чадаагүй алдааг засах хэрэгтэй байна. Эрчим хүч цахилгаан дулааны үнийн ачааг ард иргэддээ үүрүүлэхгүй. Тэгэхээр О.Цогтгэрэл даргатай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Та бол энэ улсын хоёр дахь том намын дарга. Та бид хоёр хамтарч ажиллах хэрэгтэй. Парламент өнөөдөр дуусдаггүй яриаг дуусгамаар байна.
О.Цогтгэрэл:
Би бүгдийг сөрөхдөө биш ээ. Би шийдэл ярья. Танай засаглалын авчирсан “халамжийн төр”-ийг бид “хөгжлийн төр” болгох гээд байна. Үүнийг өөрчлөхгүй л бол бид хэдэн зуун их наяд тавиад ч энэ балчгаас гарахгүй.
Н.Учрал:
Зорилтот бүлгээ оноогүй олон халамж өнөөдөр ийм нөхцөлд хүргэсэн. Төсвийн хуулийг дагаад үнэт цаасны хуулиараа, ТӨК-иудын 3.5 их наядын ногдол ашиг гэдэг бол 15 триллион ам.долларыг удирддаг дэлхийн топ 3 Blackrock-ийн тусламжтайгаар бид засаглалыг сайжруулна. Банкны барьцаанд орсон эдийн засгийг хоёр тулгууртай болгоё л гэсэн. Энэ төсөв бол өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилго. Инфляц айдас биш. Би ч бас үе үеийн Засгийн газрынхаа алдааг засч байна.
О.Цогтгэрэл:
Таны холбоо хамаарал бүхий төрөлжсөн ахлах сургуулийн 3.5 тэрбум болоод танай “Их засаг их сургууль”-ийн 8.3 тэрбум төгрөгний санхүүжилтүүд дээр тодорхой тайлбар өгөх хэрэгтэй.
Н.Учрал:
Тамга, тэмдэг байхгүй, төсөл арга хэмжээний жагсаалтад байхгүй зүйлээр миний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна.
О.Цогтгэрэл:
АН тодотгол дээр зардлаа танахыг хүсч байна. Түүнээс бид цалин тэтгэврээ нэмэхийг эсэргүүцээгүй. Харин тэтгэвэр, тэтгэмж дээр дагалдуулж оруулж ирж байгаа 5 дахин их мөнгөө больчих. Оюу толгойн өгөөжийг ном журмын дагуу баялгийн санд төвлөрүүлээд хууль журмаараа явчихвал бид нар энэ төсвийг ямар хурдан хугацаанд баталж болно гээч.
Н.Учрал
Улс төрөө биш, улс орноо бодох цаг ирлээ. Засгийн газрын зүгээс хэмнэж болох бүгдийг хэмнэсэн.
Э.БҮЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud