Шатахуун хомсдож, "шагчид" эргэн ирлээ
"Зориулалтын савтай энгийн АИ-92 хүргэлтээр байна. Үнэ 8к, дугаараа үлдээгээрэй" гэх зар өчигдрөөс цахим орчноор олширлоо. Шатахуун хомсдож, ШТС-уудаараа дараалал ихсэж эхэлсэн учир "шагчид" ажилдаа орж АИ-92 автобензин литр тутмыг нь ₮7,000-8,000 худалдаалж эхэллээ. ШТС-д дараалж зогсохгүй завгүй нэгэн, шар гэрэл нь асаж сандарсан нэгэн, машины түрэх нэгэн сонголтгүй "шагийн шатахуунаар" авч байна.
Шатахууныг саванд олгож эхэлснээс хойш зориулалтын саванд нь нөөцөө бэлдэж амжсан "шагчид" эд ажилдаа оржээ. Мөн тэдний арга нарийсаж "Prius" маркийн машинуудыг ШТС-уудын үүдээр дараалуулж нөөцөө бэлддэг аж.
Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 25-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ "Сүүлийн үед ОХУ-ын дайны байдлаас шалтгаалж шатахуун ачих хэмжээ зарим өдөр багассан. Олон хоногийн турш нөөц харьцангуй хэвийн түвшинд байсан ч улсын хэмжээнд хангалттай өсөж чадахгүй байна. Тиймээс ачилтаа нэмэгдүүлэх хүсэлтийг ОХУ-д тавьсан. Захиалсан хэмжээ маань баталгаатай учраас санаа зовох зүйлгүй" хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн "Улаанбаатар хотод Евро-5 стандартын бүтээгдэхүүнд оочер байхгүй. Евро-2 стандартын энгийн АИ-92 хямд учраас түүнд дараалал үүсэж байгаа юм. Тиймээс энгийн АИ-92 автобензиний татан авалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэж байсан юм. Гэтэл гадуур евро стандартын АИ-92 хүртэл амар олдохоо болив. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэр тусмаа өчигдөр буюу есдүгээр сарын 27-нд нийслэлчүүдийн ихэнх шатахууны эрэлд мордож амралтын өдрийнхөө 3-4 цагийн ШТС-д дараалж зогсон өнгөрөөв.
ШТС-ын үүд сахиж орлого ирэхийг нь хүлээн горьдох жолоочид ч их байв. Зарим нь ШТС-ын гадаа, зам дээр машинаа хонуулах, өөрсдөө дотор нь хоноод эхэлжээ. Салбарын сайд шатахууны талаар "Энэ өвөл тасрахгүй гэж амлаж чадахгүй. Гэхдээ бүх боломж чадлаараа таслахгүй байхын төлөө хичээж ажиллаж байна" хэмээн яриад буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.