Улс төрийн мэдээ

Н.Учрал "Түүнийг бууд" гэвээс шуудхан толгой дохих дүрээр Г.Тэмүүлэн нэрлэгдлээ

"Сэлэмний чинь ир больё" гэж Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар багтахдаа ам тангараг өргөж байв. Б.Энхбаярыг Г.Занданшатар дараачийн танхимдаа авахын тулд өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрыг унаж босгох эрсдэл дундуур явсан.

Яагаад ингэв. Хэрэвзээ өөрийнх нь дургүйг хүргэсэн бол шуудхан буудчхаж мэдэх хэмжээний өшрөлийн замаар Б.Энхбаяр Г.Занданшатарын нэрлэсэн дүрүүдийг ч буудаж чадах учраас тэр.

Хууль зүйн асуудлаас гадна дотоод хэрэг эрхэлнэ гэдэг маш амархан ногоон малгайтны зам руу орчих зохицуулалтын жимтэй.

Саяхан ХЗДХ-ийн сайдаа өгсөн С.Амарсайхан "Шоронгийн хоригдлуудыг онцгой бэлэн байдалд оруулан, бэлдсэн" гэж чухам юугаа ярьчхав. Үүн дээр Ерөнхий сайд Н.Учрал "Дотоодын үймээн дэгдээхийг завдсан" гэж бас юугаа ярьчхав. Маш ихээр анхаарч, ойлгож харах сэдвүүд ийм битүү үгээр цухас яригдаад өнгөрөв.

Нэг ёсондоо дотоод хэргийн сайдаараа Засгийн газрын тэргүүн ч, Ерөнхийлөгч ч хүссэн агуулгаа хийлгэж болно. Үүнийг нь даваад өөр команд ч хуульзүйн салбар луу илгээчхэж болдог жишгийг сүүлийн жилүүдэд олон кэйс дээр харагдсан. ХЗДХ-ийн сайд ийм эмзэг цэг дээр ажилладаг байна.

Гэтэл харсан уу. ХЗДХ-ийн сайдаар дөнгөж томилогдоод, анхны Засгийн газрын хуралдаанд орохдоо л Г.Тэмүүлэн Н.Учралыг "Түүнийг бууд" гэвээс шуудхан буудах дүр гэдгээ харуулав. Танхимын тэргүүн нь алх барьж байгаад, "Чи сайдын эрхээрээ тэр, тэрийг шууд хал" хэмээн албан тушаалын нөлөө үзүүлэхэд Г.Тэмүүлэн бөнжигнөтөл толгой дохисоор суув.

Зүй нь, Г.Тэмүүлэн Н.Учралд шуудхан толгой дохих бус, "Хянаж, магадлаж үзье" гэдэг байр суурь ядаж илэрхийлж болох. Анхны хурлын уур амьсгалаараа л тэр удтал мөрөөдсөн Засгийн газрын танхимд орж ирсэн үнээ төлж эхлэх дүр гэдгээ ингэж харуулсан юм.

Уг нь Г.Тэмүүлэн зөрүүдээрээ, байр сууриа хатуу хамгаалдгаараа алдартай байв. Дэд сайдын хувиар Оюутолгойн ТУЗ-д байх үеийг нь бүр онцолмоор. Монголын эрх ашгийг хамгаалах агуулга дээр Г.Тэмүүлэн гэж нэг залуухан, яхир дүр махийтал зогсдог гэж хөшигний ард яригддаг байв. Дараа нь УИХ-ын гишүүн болохдоо ч тэр, Оюутолгойн асуудал дээр бүлгийн шийдвэрт хайрцаглагдахгүй гэдэг, цүнхээ бариад хурал дундуур босоод явдаг, тийм хатуу дүр байлаа.

Энэ үетэй түүний аав Ч.Ганзоригийн Жастын Ш.Батхүүд "Эрдэнэт үйлдвэр"-ийг гадны банканд тавьж барьцаалахыг зөвшөөрсөн хэргийн маргаан явсаар, тус үйлдвэрийн нөөцөөс "Стандарт" банканд төлсөн юм. Хүү нь гишүүн болсны дараахан ингэж Ч.Ганзориг, Ш.Батхүү нар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 40 сая ам.доллараар өөрсдийн тарьсан балгаа цэвэрлүүлсэн.

Гэхдээ тэр мөнгө буцаж "Эрдэнэт үйлдвэр"-т төлөгдсөн эсэх нь асар тодорхойгүй өнгөрсөн. Г.Тэмүүлэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга хийж байхдаа тусгай зохицуулалтаар энэ төлбөрийг барагдуулсан гэх яриа хэсэг хөшигний ард яваад дарагдсан.

Дараа нь, Г.Тэмүүлэн 2020, 2024 оны сонгуулиудад УИХ-д нэр дэвших мандат олох, Сангийн сайд болох удаа дараагийн амбиц, МАН-ын даргад өөрийгөө нэр дэвшүүлэх зэргээр ямагт л төвөгтэй гэхдээ гүн хүссэн хувь хүний замаар явж ирсэн харагддаг. Саях сайдын томилгоон дээр ч тэр, МАН-ын 30 талаасаа бүрэн сугарах ам үгээр ийшээ ирчхэж байгаа нь нууц биш. Хувирахаас, буулт хийхээс аргагүй замаар улс төр түүнийг ингэж алхуулсан гэлтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button