“Зэвсэг-2026” арга хэмжээний хүрээнд галт зэвсгийн бүртгэл, тооллого явуулж байна

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэл, тооллого, мэдээллийн сангийн шинэчлэлийг энэ сарын 5-наас ирэх сарын 5-ныг хүртэл зохион байгуулж байна. “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгэл, тооллогод хамруулж байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн Зөвшөөрөл хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мягмарсүх: "Уг арга хэмжээг Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, бүртгэл дэх мэдээлэл болон бодит нөхцөл байдлын зөрүүг илрүүлж арилгах, мэдээллийн сангийн үнэн зөв, бүрэн байдлыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа" гэв.
Мөн галт зэвсгийн эзэмшил, өмчлөл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг бодитой, найдвартай болгохын зэрэгцээ бичиг баримтгүй галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээжүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Арга хэмжээний хүрээнд мэдээллийн сан дахь бүртгэлийг бодит байдалтай тулган нягталж, галт зэвсгийн бүртгэл, тооллогыг шинэчлэхэд голлон анхаарч байна.
Д.МАРАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.