Нийгмийн

Тусгай үүргийн нислэгээр Казахстанаас 95 иргэн эх орондоо ирнэ

“Хүннү эйр” авиа компани өнөөдөр Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж “Ковид-19” цар тахлын улмаас Бүгд Найрамдах Казахстан Улсад гацсан 95 иргэнээ эх оронд нь авчирхаар нислээ. Ингэснээр тус авиа компанийн хувьд цар тахлын улмаас гадаад улс оронд гацсан иргэдээ авчирах  гурав дах тусгай үүргийн нислэгээ үйлдэж байгаа юм.

Өмнө нь Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод эх орондоо буцаж ирж чадахгүй гацсан цэргийн 113 алба хаагчийг өнгөрөгч долоодугаар сарын 12, 14-ний өдрүүдэд  тусгай үүргийн нислэгээр авчирч байсан билээ.

Хүннү эйр авиа компани энэ удаа Казахстан улс руу тусгай үүргийн нислэг үйлдэх эрх Улсын онцгой комиссоос авсан нь цар тахлын дараах, ирээдүйн нислэгийн үйл ажиллагаанд нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Тиймээс тус компанийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал,  Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газар/АТБЗГ/-ын дарга Г.Батбаяр болон  БНКазУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев нарын хамт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Ковидын өмнөх саруудад буюу өнгөрсөн оны сүүлийн хагас жилд УБ-Нурсултан-УБ чиглэлд Казахстаны Скат авиа компани хуваарьт тогтмол  нислэг үйлдэж  нийт 10 мянга гаруй зорчигчдод үйлчилсэн байдаг. Энэ нь дээрх чиглэлд нислэгийн эрэлт хэрэгцээ байгааг харуулж байсан гэдгийг  ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга Г.Батбаяр хэлж байв. 

Казахстан талаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх томилгоог тус улсын Скат авиа компани авч долоо  хоногт 2 удаагийн давтамжтайгаар 2019 оны зургаадугаар сараас нисч эхлээд байсан юм.

Харин Монгол талаас Хүннү эйр авиа компани “Embraer190” маягийн агаарын хөлгөөр тогтмол нислэг үйлдэхээр томилгоо аваад байсан ч үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байв. Тиймээс энэ удаагийн тусгай үүргийн нислэг нь цар тахлын дараа улс орнууд агаарын хилээ нээлттэй болгож, тогтмол нислэг хэвийн үргэлжлэх тохиолдолд өндөр ач холбогдолтой гэдгийг П.Мөнхжаргал захирал онцолж байв. 

Казахстанаас тусгай үүргийн нислэгээр өнөөдөр орой ирэх иргэдийн ихэнх нь тусгаарлалтын дараа Баян-Өлгий аймаг руу явна

Элчин сайд Жалгас Адилбаев “Хэдийгээр тусгай үүргийн нислэгч гэлээ Монгол талаас томилгоотой Хүннү эйр ХХК  Казахстаны Алматы хот руу анх удаа нислэг үйлдэж байгаа нь цар тахлын дараа хоёр улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, улс төрийн харилцааг бэхжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг ойртуулахад бат бөх суурь нь болно” хэмээн чухалчилсан.

Казахстанаас тусгай үүргийн нислэгээр өнөөдөр орой ирэх иргэдийн ихэнх нь тусгаарлалтын дараа Баян-Өлгий аймаг руу явна гэсэн мэдээлэлтэй байгаа юм байна. Тиймээс Хүннү эйр авиа компани дээрх нислэгээр ирсэн иргэдэд Баян-Өлгий аймаг руу зорчиход нь нислэгийн тийзний үнэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх болно гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мөн мэдэгдлээ.

Эх сурвалж: ИНЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button