Гишүүд сонгуулийн ухуулга хийгээд ЗАВГҮЙ тул чуулган ЦОНХЛОВ

УИХ-ын намрын чуулган эхлээд дөрөвхөн хонож байна. Гэтэл өчигдрөөс УИХ-ын чуулган цагаасаа 40 минутаар хоцорч эхэлж, хуульд заасан ирцийн босгыг арайхийж давав. Учир нь УИХ-ын 75 гишүүний 30 гаруй нь хөдөө орон нутагт томилолтой, хотын гишүүд ч тойргийнхоо ИТХ-д нэр дэвшигчдийн ухуулагч хийгээд алга болжээ.
Улмаар ирцийн асуудлаас болж Н.Алтанхуяг гишүүн “уурлаж”, хуралдааныг орхин гарсан юм.
Ингээд дөрвөн асуудал хэлэлцээд чуулганыг өндөрлүүлсэн бөгөөд өнөөдөр /2020.10.09/ нэгдсэн чуулган хуралдахгүй ЦОНХОЛСОН. Хуваарь ёсоор өнөөдөр нэгдсэн чуулганаар улс орон, ард түмний аж амьдралд хамгийн их нөлөөтэй төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх учиртай байлаа.
Гэтэл олонхын бүлгийн гишүүд тэр чигээрээ орон нутгийн сонгуульд ухуулагчийн ажил хийж яваа тул үндсэн ажлаа орхигдсон эмгэнэлтэй дүр зурагтай байна.
У.УЯН