Нийгмийн

ШИНЭ НЭЭЛТ: Наймаалж хөлөөрөө амталдаг

Наймаалж хөлөөрөө атгаж буй зүйлээ юу болохыг хэрхэн таньдаг талаар судлаачид сайн мэдэж амжаагүй аж.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагийн өдөр (2020.10.29) “CellPress”-д нийтлэгдсэн судалгааны ажлын үр дүнгээс харвал наймаалж хөлнийхөө хөхлөгт онцгой мэдрэхүйн эстэй байдаг аж. Хөхлөг дэх мэдрэхүйн эсүүд амтлах болон хүрэлцэх мэдрэхүйн үүргийг гүйцэтгэдэг байна.

Судалгаанд Харвардын их сургуулийн молекул биологич Николас Беллоно болон хэд хэдэн эрдэмтэд оролцсон бөгөөд тэд мэдээлэхдээ “Хөхлөгт байдаг эдгээр мэдрэхүйн эсүүд наймаалжинд хоол, хор гэх мэт зүйлсийг ялгахад тус болдог байж магадгүй” гэжээ.

Беллоно бусад эрдэмтэдтэй хамтарч Калифорнийн хоёр толбот наймаалжны хөлний нарийн зураг авч судлахад хөхлөгийн үзүүрт мэдрэхүйн эс шиг бүтэц ажиглагдсан аж. Уг эсүүдээс сорьц авч тусгаарлаад өдөөгч бодист үзүүлэх хариу урвалыг судалжээ. Туршилтийн үр дүнд хэсэг эс уг бодисуудад хариу үзүүлсэн байна.

Эрдэмтэд тэдгээр эсүүдэд бусад амьтдад байдаггүй тусгай рецепторүүд байгааг дараагаар нь илрүүлжээ. Уг рецепторүүдийг судлахаар хүний болон мэлхийний эсэд суурилуулж, өдөөгч бодисоор үйлчилсэн байна.

Өдөөгч бодисуудаас зөвхөн Терпенойдууд гэх төрлийн бодист хариу урвал үзүүлж буйг Беллоно болон бусад эрдэмтэд илрүүлсэн аж. Терпенойд нь олон зүйлийн далайн амьтдын биед ялгардаг бодис юм.

Гэхдээ Беллоно  “Хүний амтлах мэдрэхүйгээс маш ондоо мэдрэхүй” гэж тодорхойлжээ.

Уг судалгааны талаар Иерусалимын их сургуулийн наймаалж судалдаг нейробиологич хэлэхдээ “Наймаалж хэрхэн хөлөөрөө хүрээлэн буй орчныхоо талаар мэдээлэл цуглуулдаг тухай мэдлэг хомс байсан. Харин одоо хөлөөрөө амт мэдэрдэг гэдэг нь тодорхой болжээ” гэсэн байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button