НийгмийнУЛС ТӨР

С.Одонтуяа: Конторт суудаг биш иргэдтэйгээ хамтраад гудамжинд тэмцдэг ХЭҮК-ын гишүүн байгаарай

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.11.06/-ийн хуралдааны эхэнд Монгол Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Х.Мөнхзул, Б.Энхболд, Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид нар нэр дэвшиж буй. Шинэ гишүүдээс УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Шинэ хандлага харагдаж байна. Шинэ горьдлого төрүүлж байна. Намтруудыг нь үзлээ. Хүний эрхийг дээдэлдэг АНУ, Австрали, Герман зэрэг улс орнуудад ажиллаж амьдарч байсан юм байна. Гурван доктор байна. Бие даасан байр суурьтай байна гэж горьдож байна. Хүний эрхийг хамгаалаад явахаар хүссэн хүсээгүй хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй, эзний эрх ашиг хөндөгдөж таарна. Тэр эзэн, мөнгөтэй хүн, эрх мэдэлтэн бол өөрийн телевиз, сонин, сайттай, өмнөөс нь хуцдаг нохойтой, зарим нохой нь хаздаг байгаа. Ийм үед та бүгд өөрсдийн байр суурийг хатуу барьж зарчмаа барьж хандаж байх ёстой. Нэг хүний эрх зөрчигдсөн юм даа гээд хаяж болохгүй. Цаана нь олон мянган хүний эрх хөндөгдөнө. Хамгийн зөв хэлбэрээр шийдэх ёстой. Үүнтэй адилаар мянга мянган хүний асуудал шийдэгдээд явна. Эр зориг биш. Зарчмаа хатуу барь. Түүнээс биш та бүгдийг булчингаа нэмэгдүүл, бие хамгаалагч ав гэж байгаа юм биш. Эзэмшсэн мэргэжил, олсон боловсрол, үзэж харсан зүйлээ хэрэгжүүлээд явахад зарчим л хэрэгтэй. Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа 137 орноос 110-т орсон. Хэн нэгэн хүнээс хамааралтай шүүхтэй байж хүний эрхийг яаж хамгаалах юм. Энэ бидний гамшиг, алдаа дутагдал. Үүнийг засахад та бүгдийн үүрэг их. Томилогдоод очсон хойноо зарим нь өсөж дэвжиж явдаг. Зарим нь зарчмаа алдаж, бууны нохой болж явдаг. Олон олон хүний горьдлогыг нураадаг шүү” гэлээ.  

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Би нэр дэвшигчдийн сошиалыг харлаа. Хүний эрхийн төлөө дуугарч бичсэн пост алга. Харин хүний эрхийн чиглэлээр эрдмийн ажил хийсэн улсууд байна. Ганжавхлан, Энхжаргал, Арвинтариа, Занаа, Оюунгэрэл зэрэг хүний эрхийн төлөө хамгийн их дуугардаг хүмүүс орж ирсэнгүйд сэтгэл гонсгор байна. Та бүхэн конторт сууж ажилладаг биш иргэдтэйгээ хамтраад гудамжинд тэмцдэг, ажилладаг ХЭҮК-ын гишүүн байгаарай. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн эрхийг яаж хамгаалах вэ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

ХЭҮК-ийн үйл ажиллагаа олон нийтэд тэр бүл нээлттэй байдаггүй. Иргэд ХЭҮК юу хийдгийг төдийлөн мэддэггүй. Манайд хүний эрхийн асуудал цоорхой шанага шиг байдаг. Цахим орчинд хүний, хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Ажлын байрны бэлгийн дарамт байна. Хүний эрх зөрчигдөж байгаа бүх ажил танай ажил. Гэтэл ХЭҮК иргэдээсээ хол байдаг. Өнөөдөр хүртэл ажил нь хангалттай байж чадаагүй. Танайд гадаадаас олон хөрөнгө оруулалт орж ирдэг юм билээ.

С.Одонтуяа гишүүн хэлж байна. Төрийн бус байгууллагууд ямар ч төсөвгүйгээр хүний эрхийн төлөө тэмцдэг гэж. Та нараас гурван асуулт асуумаар байна. Нэгдүгээрт та бүхэн улс төрийн харьяалалгүй гэж орж байгаа ч та нарын ард ямар нэг улс төрчдийн нөлөөлөл байгаа юу. Хоёрдугаарт та нарт сэтгэл байна уу. Ажлын байрны шаардлагын дагуу хуульчийн шаардлага хангасан ч хүний төлөө цуцашгүй явна гэж орж ирсэн үү. Хүний эрхийн төлөө дуугарах нь таны хобби мөн үү. Гуравдугаарт танд тууштай зогсох зориг байна уу?

Ж.Хунан: Миний хувьд ямар нэг улс төрийн намд, бүлэглэлд харьяалагддаггүй. Миний хүмүүжил цэвэр хуульчийн гэр бүлээс гаралтай. Тиймээс хүний эрхийн төлөө тууштай зүтгэнэ. Сэтгэл байна уу гэж асуулаа. Миний ажлын гараа хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрөөс эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн ажлын албанд орж ажиллаж байсан. Анхнаасаа энэ чиглэлээр ажилласан. Хүний эрхийг хамгаалсан, дээдэлсэн нийгмийг бүтээхийн төлөө өөрийн нөөц боломжоо зориулж ирсэн. Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог бий болгож байсан.

Д.Сүнжид: Нэгдүгээрт улс төрийн намд харьяалалгүй. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд хүний эрхийн төлөө ажиллаж ирсэн. Цаашид иргэдэд зориулаад, зорилтот бүлэг бүрд нь зориулж, өөрсдөд нь хамааралтай хууль тогтоомжийг энгийн хэлбэрээр илэрхийлэх контент бүтээхийг эрмэлзэж байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах, эрхийг нь зөрчихгүй байх, урьдчилан сэргийлэх соёл дадал тогтоох, эрхийг нь сэргээх чиглэлд тууштай ажиллана.

Х.Мөнхзул: ХЭҮК хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. Өнгөрсөн хугацаанд хуулиар олголдсон эрх хэмжээний хүрээнд боломжийн түвшинд ажилласан. Мэдээж бэрхшээл байсан. Хүний орон тоо хангалтгүй. Бид орон нутагтайгаа нийлээд 40-өөд хүн ажиллаж байна. ХЭҮК-ийн хуулиар эрх хэмжээ нэлээд хязгаарлагдмал байсан. Сая өнгөрсөн нэгдүгээр сард комиссын эрх хэмжээ өргөжсөн. Гишүүн шаардлага зөвлөмж гаргадаг. Хүлээж авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Биелүүлээгүй бол албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал гаргах эрх хэмжээ өргөжсөн. Тиймээс хүний эрхтэй тэмцэхэд ахиц гарна гэж найдаж байна. Надад улс төрийн нөлөө байхгүй. Би хүний эрхийн чиглэлээр 22 жил ажилласан. Тиймээс энэ чиглэлээр ажиллах сэтгэл байгаа учраас өдий хүртэл ажиллаж ирлээ. Зориг ч байна. Гурван гишүүнтэй байсан таван гишүүнтэй боллоо. Нийтийн эрх ашгийг эн тэргүүнд авч үзэж, түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

Г.Нарантуяа: Намын нөлөө байхгүй. МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөнөөс хойш төрийн захиргааны чиглэлд ажиллаж ирлээ. 2012 оноос хойш эрх орондоо байсангүй. Олон улсад ажиллаж ирсэн. Сэтгэл зүрх байна. Би Австри, Герман, Италид судлаачаар ажиллаж байна. ХЭҮК-т ажилласнаар миний цалин орлого олон дахин, хамаагүй багасаж байгаа. Монгол хүний хувьд сурсан юмаа эх орондоо шингээх цаг нь болсон гэж үзсэн учраас энэ сонголтыг хийсэн. Цэвэр сэтгэл зүрхний сонголт. Зориг зүрх гаргах гэж ирсэн. УИх-ын гишүүд та бүхнээс олон асуудалд дэмжлэг, хамтын ажиллагаа хүсэх болно.

Б.Энхболд: Надад улс төрийн хамаарал байхгүй. Өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн албан ажил хуулиараа аль нэг нам эвсэлд байхыг хориглосон байсан. Багшлах ажлыг өнгөрсөн хугацаанд тогтвортой хийж ирсэн. Түнээс гадна хүний эрхэд чиглүүлж эрдэм шинжилгээний, судалгааны ажил хийж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin/ender nastan/
zochin/ender nastan/
2020-11-08 13:18

Mundag l erdem medlegtei hkumuus bna Ylangya emegteichuud maani iim mundag bna Ta nar chadnaa

Холбоотой мэдээ

Back to top button