НИЙГЭМ

С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэж, өнөөдөр шүүнэ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.01/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням  нарт холбогдох шүүх хурал эхэлсэн. Үүгээр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс С.Баяр нарын хэргийг Сангийн сайд асан С.Баяцогт нарын хэрэгтэй нэгтгэж, өнөөдөр шүүхээр болсон билээ.

Өнгөрсөн долдугаар сард С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан байсан юм.

ХЭРГИЙГ ЭРГЭН САНУУЛБАЛ:

С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлсэн.

Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан, найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзсэн байдаг. Улмаар түүнийг анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button