УРЛАГ

ЗҮҮМ: Эмэгтэй уран бүтээлчдийн дунд гэрэл зургийн уралдаан зарлажээ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia) хамтран ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

 Төслийг хэд хэдэн үе шаттайгаар улс орны тухайн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж байна. Эхний үе шатанд баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан болон хүний эрх, жендэр судлаач, бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтэн, багш нараас бүрдсэн багтай хамтран 5 удаагийн уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны 6 сарын 29-өөс 7 сарын 5-ны хооронд 100 гаруй оролцогчдод зохион байгуулсан билээ.

 Дараагийн үе шат буюу “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдааныг “Тэгш оролцоот нийгэм” сэдвийн дор 2020 оны 8 сараас 2 сарын хугацаанд зарласан юм. Уралдаанд оролцогчид мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд Хөрөг, Сэдэвчилсэн 2 төрлөөр нийгмийн олон талт асуудлыг өөрсдийн бүтээлээр илэрхийлж, сургалтаас сурсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх болзолтой байв. Зохион байгуулагчид 26 уран бүтээлчийн 39 бүтээлийг хүлээн авсан бөгөөд эдгээр уран бүтээлчдээс 12 уран бүтээлч “ЗҮҮМ” уралдааны болзол шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад тэнцэж, үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон. Зохион байгуулагчид тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Зүүм” цахим үзэсгэлэнг 2020 оны 12 сарын 15-аас 2021 оны 1 сарын 15-ны хооронд зохион байгуулж бөгөөд 12 оролцогчийн 13 бүтээл #GenerationEquality хаштагтайгаар танилцуулагдаж байна.

 Үзэсгэлэнд сонгон шалгарсан шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлээс Хөрөг, Сэдэвчилсэн төрөл тус бүрт мэргэжлийн, сонирхогч ангилалд сонгон шалгаруулна. Харин сошиал орчинд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулах юм. “Миний бодлоор гэрэл зураг гэдэг зүгээр л нэг зураг бус өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж болох арга зам юм. ЗҮҮМ: Тэгш Оролцоот Нийгмийг Эрмэлзэгч үеийн төлөөлөл сургалтанд суугаад энэ санаа минь улам бат болсон. Би өөрийнхөө санааг зовоож буй асуудалдаа бусдын анхаарлыг татаж болох юм байна гэж ойлгосон. Би зүгээр л гэрэл зургийг авах арга техникт суралцах байх гэж бодсон чин нийгэмд тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаар яаж илэрхийлж болох вэ? гэдэгт суралцсан.

Тиймээс би энэ сургалтанд суусандаа үнэхээр баяртай байгаа…” хэмээн төсөлд хамрагдсан гэрэл зураг сонирхогч Ч.Итгэл ярьж байна. Зохион байгуулагчид 2021 онд ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэрэл зургийн төслийг дахин хэрэгжүүлж, эмэгтэй гэрэл зурагчдын чадавхыг дээшлүүлэх, тэдэнд уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх боломжийг дахин олгохоор төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button