Нийгмийн

МҮОНРТ-ийг нэг сар удирдсан Н.Дэмбэрэл шүүхдээд ЯЛАГДЛАА

МҮОНРТ гэх улсын онц чухал обьектын дарга, захирлын суудалд санаархагчид тун ч их. Тэр хэрээр хэн гэгч энэ том “айл”-ын Ерөнхий захирал болох нь сонин байдаг.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус телевизийн ажилчид захирлуудын зөвлөлийнхөө үйл ажиллагааг шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлж, тэмцсэн. Үүний үр дүнд дөрвөн жил Ерөнхий захирлаар ажилласан Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Үүний дараа тус телевиз хоёр ч Ерөнхий захирлын нүүр үзээд байна. Тодруулбал, Л.Нинжжамц ажлаа өгснөөс хоёр сарын дараа МАН-ын угшилтай, Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны даргаар хамгийн сүүлд ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг томилсон.

Гэтэл Н.Дэмбэрэл ганцхан сар захирал хийх хувьтай байсан юм. Учир нь тэрбээр захирал болсон нэг сарын хугацаанд МҮОНТ-ийн  программыг  эвдэж Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагыг  оруулсан,  өөрөө хөтөлсөн уг нэвтрүүлгийг хийхдээ гадны байгууллагын инженер  техникийн ажилтнуудыг  оролцуулсан,  мөн өөр  ТВ-д уг  ярилцлагаа гаргуулсан гэдэг  үндэслэлээр ажлаасаа халагдсан юм.

Түүнээс хойш дахин хоёр сарын дараа тус телевизийн Үндэсний зөвлөлийн хуралдаж, 15 хүн өрсөлдсөнөөс А.Бүрэнбаатар саналаар тэргүүлж, одоо Ерөнхий захирлаар ажиллаж байна.

-ДЭЭД ШҮҮХЭЭР Н.ДЭМБЭРЭЛИЙН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭВ-

Тэгвэл эл байгууллагын захирлаар ганцхан сар ажиллаад халагдсан Н.Дэмбэрэл үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хэмээн шүүхэд хандсан байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний гомдлыг хэлэлцээд гомдлыг нь хангасан байх юм. Тодруулбал, түүнийг ажилд нь эргүүлэн томилж, цалингүй байсан сарын цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалыг бөглөж өгөх шийдвэр гаргажээ. Харин үүнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс эсэргүүцэж, давж заалджээ.

Харин Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Н.Дэмбэрэлийг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь үндэслэлтэй байна гэж үзсэн байна.

Тэгвэл Н.Дэмбэрэл эл шийдвэрийг мөн эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргаад байсныг өчигдөр Дээд шүүх хянаж үзэв. Улмаар Н.Дэмбэрэлийн нэхэмжлэлийг Дээд шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж, Н.Дэмбэрэлийн энэ олон сарын тэмцэл ямар ч үр дүнгүй болж дуусав бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-25 11:46

Ok

Зочин
Зочин
2021-09-26 11:33

Пялдага маягийн нөхөр байсан хөөрхий ...бас заргач байх нь

Холбоотой мэдээ

Back to top button