Ярилцлага

“ХҮН ЦЭГ”: Боломж, эрсдэл, амжилт, бахархал

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийг “Хүн цэг” булангийнхаа хойморт нэгдүгээр сард урин, ярилцсан билээ. Цагаан сарын баярыг тохиолдуулан тус ярилцлагаа сэргээн нийтлэв.

“Мандсан далбаа нь харийнх ч

Мандуулсан тамирчин нь монгол

Эгшиглэсэн дуулал нь харийнх ч

Эгшиглүүлсэн тамирчин нь монгол". Казахстаны тамирчин болж, Монголоосоо өөр орны төрийн дууллыг анх удаа эгшиглүүлснийхээ дараа “Монгол түмэн минь намайг юу гэх бол” гээд фэйсбүүктээ халган, халган ороход нь энэ л мөртүүд түүний сэтгэлийг ихэд хөдөлгөн, монгол түмэндээ тэврүүлсэн мэт тайтгарчээ.

“Хэрвээ өндөр амжилт гаргаж чадахгүй, миний оронд өөр тамирчин олимпод оролцохоор болчихвол яана” хэмээх сэтгэлзүйн дарамттай бэлтгэл хийх түүнд ямар их хэцүү байсныг төсөөлөхөд ч бэрх. Тийм хүнд нөхцөлд байхдаа Казахстаны нэрийн өмнөөс олон улсын анхны тэмцээндээ түрүүлээд баярлахын сацуу монгол түмнийхээ хайр, халуун дулаан сэтгэлд “өлгийдүүлсэн” нь энэ.

Тамирчны ялалт хямдхан олдохгүй. Тамирчин хүн асар их хөдөлмөрлөн, чамгүй олон зүйл золиослон байж амжилтад хүрдэг. Амжилт гаргах боломж, өөрийн гэсэн орон зай эрэлхийлэн иргэншлээ сольж, гадаадын орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцон, гялалзсан түүгээр олон, олон хүн бахархаж, үлгэрлэдэг. “Eguur.mn” сайт “Хүн цэг” контентынхоо шинэ оны эхний дугаарт олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэгийг онцоллоо.

-Энэ удаа шинэ оноо эх орондоо, анхны хүүхдээ өлгийдөөд угтлаа. Монголдоо, халуун ам бүлээрээ угтах бүр ч сайхан байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Зарим жил тэмцээн, бэлтгэл гээд шинэ оноо гадаадад угтдаг байлаа. Эх орондоо ирж амжихгүй үе ч зөндөө. Энэ удаа хөөрхөн үртэй болж, гэр бүлээрээ тэгээд бүр Монголдоо шинэ оноо угтах үнэхээр сайхан байлаа.

Ганцаарчилсан спортын тамирчин болоод ч тэр үү өмнө нь “Би” гээд явдаг байж. Өөрийгөө түлхүү боддог байсан юм уу даа, одоо ажиглахад. Хүүхэдтэй болсны дараа юун өөрийгөө бодох манатай. Хамгийн чухал зүйл хүүхэд минь болсон. Хүүхэд амьдралд маш том өөрчлөлт, эргэлт авч ирдгийг мэдрээд явж байна.

-Токиогийн олимп хойшиллоо гээд төлөвлөж байгаад хүүхэдтэй болсон уу. Хөөрхөн үр бурхнаас гэнэт заяасан уу?

-Токиогийн олимп жилээр хойшлосон хугацааг ашиглан, төлөвлөж, “Хөөрхөн үртэй болох сон” гэж хүсэж байгаад хүүхэдтэй болсон. Олимпоос өмнө формондоо орчихно, өмнөх шигээ болчихно гэж тооцоолсон юм л даа.

Би өмнө нь олон, олон тэмцээнээс медаль хүртэн, ялалт, амжилтын амтыг мэдэрч, баярын нулимстай зогссон. Үүнээс тэс өөр, үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг мэдэрч сууна.

Олимпоос медаль авсныхаа дараа хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрч байна гэж бодож байлаа, тухайн үед. Гэтэл үүнийг хүүхэдтэй болсон, энгэртээ тэвэрсэн мэдрэмж, аз жаргалтай харьцуулахын аргагүй. Олимпын аварга болсон ч тийм гоё мэдрэмжийг мэдэрч, тэгж баярлахгүй байх.

“Нээрэн надаас ийм хөөрхөн хүүхэд мэндэлсэн юм уу” гэж бодохоор итгэмээргүй санагдаад. Шөнө унтаж байхад нь байн, байн босож хараад л. “Үртэй хүн жаргалтай” гэдэг үг үнэхээр үнэн юм байна аа.

Төрсний дараа эмэгтэй хүн хэчнээн их ядарч, ямар олон хүндрэл, бэрхшээлийг даван туулдаг билээ. Г.Отгонцэцэг ээж болсныхоо дараа ч олимпын аварга болох мөрөөдлөө орхиогүй. Зорилгодоо хүрэхийн тулд хүүхдээ нэг сартай байхад нь гэртээ үлдээн, Казахстаныг зорьжээ. Кесерова хагалгааных нь оёдол ч эдгэж амжаагүй байхад бэлтгэлдээ эргэж орох, хүссэн цагтаа хүүхэд дээрээ хүрээд ирэх боломжгүй, хүний нутагт санаж, бэтгэрт суух түүнд ямар хэцүү байсан бол...

-Та  Токиогийн олимпын өмнө амаржсан. Төрснөөсөө хойш ганцхан сарын дараа Казахстаныг зорьж, бэлтгэлдээ эргэж орсон гэж сонссон, үнэн үү?

-Үнээн, тэгсэн. Хүүгээ ганцхан сартай байхад нь хөхнөөс гарган, гэртээ үлдээгээд, бэлтгэл хийхийн тулд Казахстан руу явсан. Дөнгөж ганцхан сартай үрээ үлдээгээд, өөр улс руу явах надад мэдээж хэцүү байсан. Нэгэнт том зорилго тавьсан тул түүндээ хүрэхийн төлөө тэгэхээс өөр арга байгаагүй. Хүүгээ үлдээгээд явахдаа би уйлаагүй, үнсчихээд л явсан. Дотроо би мэдээж санаа зоволгүй яах вэ. Үүнийгээ ил гаргахыг, ханиа, гэр бүлийнхнийгээ улам хямраахыг, санааг нь зовоохыг хүсээгүй. Монголд ирсний дараа хань минь “Зорилготой хүн ямар байдгийг, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө яаж хатуужуулдгийг чамаасаа харлаа” гэсэн.

Олимпод оролцох боломж, нөхцлөөр намайг бүрэн хангасан хүн бол хань минь. Ганцхан сартай үрээ өсгөөд, арыг минь найдвартай даасанд нь баярладаг. Намайг ойлгохгүй “Амжилт бус хүүхэд чухал. Би хүүхдээ хараад үлдэхгүй” гэсэн бол би зорилгынхоо төлөө тэгж зүтгэж чадахгүй.

Хэдийгээр зорилгоо биелүүлэхийн төлөө Казахстанд очсон ч надад амар байгаагүй. Бэлтгэл хийж байхад байсхийгээд хөх чинэрнэ. Тэгэх бүрд хүүхдээ санана, “Өлсөж байгаа болов уу, даарчих вий” гэж санаа зовно. “Хүүгийнхээ төлөө хүчтэй байх ёстой. Надад ухрах зам байхгүй. Зорилгодоо хүрчихээд нүүр бардам харина” гэж өөрийгөө хурцаллаа.

Казахстанд олимпын өмнөх бэлтгэлээ хийгээд, “Токио-2020”-д оролцоод бүр зургаан сарын дараа гэртээ ирсэн. Хань, хүү хоёр руугаа яарсаар гэртээ ирэх хэчнээн сайхан байсан гэж санана. Хүүхэд маань бүр том болчихсон, намайг танихаа больчихсон байсан, хөөрхий үр минь. Ойртохоор л уйлахаар нь хүүхдээ ёстой их өрөвдсөн (инээв).

Манай нөхөр үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороонд тэшүүрийн дасгалжуулагчаар ажилладаг. Намайг олимпод оролцоод, гэртээ ирсний дараа хань минь АНУ руу явсан. Тамирчдынхаа олимпын бэлтгэлийг хийлгэчихээд оны өмнө ирсэн. Хүү минь нэг хэсэг аавыгаа танихгүй, бишүүрхсэн. Бид гуравт хамтдаа авхуулсан зураг байдаггүйг шинэ жилээр л анзаарлаа. Тэгээд гэр бүлээрээ зураг авхуулсан. Ер нь тамирчны, дасгалжуулагчийн ажил цаг наргүй. Хувийн амьдралаа хойш нь тавин, өглөө, оройгүй хөдөлмөрлөн байж амжилтад хүрдэг.

Жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцоогүй, барилдааны бэлтгэл хийгээгүй дутуугаа нөхөх, юу юугүй дөхчихсөн олимпоос өмнө формондоо орохын тулд Г.Отгонцэцэг өмнөхөөсөө бүр ч их хичээн, өөрийгөө дайчилжээ. Бэлтгэлдээ эргэж орсноосоо хойш хоёрхон сарын дотор 25 кг жин хасан, өдөрт дөрвөн минутаар 25 барилдаан хийдэг байсан гэнэ. Шигшээгийн тамирчид өдөрт дунджаар дөрвөн минутаар 8-10 барилдаан хийдэг гээд бодохоор тэрбээр ямар ачаалалтай бэлтгэл хийж, хөдөлмөрлөснийх нь илрэл болов уу.

-Төрсний дараа гам барих чухал. Эмэгтэй хүн ямар их ядарч, сульддаг билээ. Гэтэл та ганцхан сарын дараа бэлтгэлдээ эргэн орж. Тэгээд бүр олимпын бэлтгэл гэхээр бүр ч их ачаалал өөртөө авсан нь мэдээж. Олимпоос өмнө формондоо бүрэн орж амжсан уу?

-Би бие давхар байхдаа ч бэлтгэлээ цалгардуулаагүйн тулд хөнгөн бэлтгэл хийсэн. 10 давхар өөд өдөрт 3-4 удаа бууж, гарахад надад хөдөлгөөний овоо бэлтгэл болдог байв.  Би кесерова хагалгаагаар төрсөн. Олимп дөхчихсөн, нэг өдрийн ч болтугай өмнө бэлтгэлдээ эргэн орох чухал байсан тул оёдлоо эдгэхийг хүлээх цаг байгаагүй.

Би өмнө нь 50-51 кг-тай, нэг их жин хасалгүй барилддаг байсан. Төрсний дараа жин нэмэгдээд, 75 кг болсон. Амаржсанаасаа хойш оролцсон эхний тэмцээн маань Астанагийн гран при. Дөрөвдүгээр сард болсон тус тэмцээнд оролцохын тулд хоёр сарын дотор 25 кг хасах шаардлага гарсан. Тэр л хамгийн хэцүү байлаа, үнэхээр их тэвчээр шаардлаа. Жин хасах ямар аймар байдгийг тэгэхэд мэдэрлээ.

Би жирэмсэн байхдаа барилдааны бэлтгэл хийгээгүй, тэмцээнд оролцоогүй. Тэр дутуугаа нөхөхийн тулд өмнөхөөсөө бүр ч их хичээлээ, хөдөлмөрлөлөө. Шигшээ багийн тамирчид өдөрт дөрвөн минутаар 8-10 барилдаан хийдэг. Би бэлтгэлийн дутуугаа нөхөхийн тулд өдөрт дөрвөн минутаар 25 барилдаан хийсэн. Хэчнээн ядарч, шантармаар санагдсан ч заавал тэгж хийж, хичээхгүй л бол болохгүй. “Би бусад өрсөлдөгчөөс дутуу байгаа. Ингэж хичээж байж л дутуугаа гүйцээнэ” гэж өөрийгөө хурцалсан, дайчилсан, шахсан. Тэгж хичээснийхээ хүчинд санасан хэмжээндээ бэлтгэлээ ханган, олимпоос өмнө формондоо орж чадсаан, чадсан.

Гэхдээ би нэг зүйлээр дутуу байсан нь сэтгэл зүйн бэлтгэл. “Би бэлтгэл дутуу, тэмцээнд оролгүй удсан” гэж  бодон, өөртөө жаахан итгэл муутай байсан нь амжилтад сөргөөр нөлөөлчих шиг боллоо. Өмнөх шигээ өөртөө аймар итгэлтэй байж чадаагүй.

-Олимпын өмнө та коронавирус туссан нь биеийн байдал, барилдаанд сөргөөр нөлөөлсөн үү?

-Би өнгөрсөн оны хоёрдугаар сард халдвар авч, 10-аад хоног эмчлүүлээд эдгэрсэн. Ямар нэгэн шинж тэмдэг надад илрээгүй.

Эдгэрсний дараа амархан ядарч, амьсгаа өндөр байсан. Миний барилдаанд нэг их нөлөөлөөгүй.

-Токиогийн олимпод өрсөлдөхөд хүүхэд нь хэдэн сартай байсан билээ?

-Би Казахстанаас шууд олимп руу явсан. Тэр үед хүүхэд минь таван сар гаруйтай байсан.

-“Рио-2016” олимпоос хүрэл медаль хүртсэн та том зорилго тээн Токиод очсон нь мэдээж. Яг дараагийнх нь олимпод эхний тойрогт ялагдаад дэвжээнээс буухад танд хэр хүнд байв?

-Их сонин мэдрэмж төрсөн. Ялагдлын тухай би бодоогүй. Ялагдсандаа би өөртөө итгэж ядсан. “Ингээд ялагдан, миний хувьд олимп дуусчихаж байгаа юм уу” хэмээн бодсон, “Тэгсэн, ингэсэн бол” гэж харамссан.

Токиогийн олимпод түрүүлэх, медалийн өнгөө хувиргахын төлөө өрсөлдсөн тул тэр хэрээр хүнд туслаа. Ямар ч тамирчинд барилдаан таардаггүй өрсөлдөгч гэж бий. Би яг тийм өрсөлдөгчтэйгөө учраа таарсан. Бид хоёр өмнө нь нэгнээ хоёр, хоёр ялаад байсан, өгөө аваатай. Энэ удаа тав дахь удаагаа барилдлаа.

Өмнө нь ялчихсан болохоор “За, дийлчих байх” гэж хандсан, төлөвлөгөө гаргалгүй өрсөлдсөн, дараагийн барилдаанаа бодсон нь миний алдаа. Хүүхэд төрүүлсэн, бэлтгэлээ богино хугацаанд нөхсөн нь барилдаанд нөлөөлөөгүй. Тийм шалтгаанаар би ялагдаагүй.

Риогийн олимпод би өөрийнхөө төлөө барилдсан. Энэ удаа хүүгийнхээ төлөө өрсөлдлөө. Токиогийн олимпод ялагдсаныхаа дараа казахстанчууд намайг шүүмжлэх болов уу гэж эмээж байлаа. “Зүгээр ээ, ийм юм байлгүй яах вэ. Казахстан улсын жүдогийн түүхэнд бичигдсэн олон, олон анхны амжилтыг гаргасан шүү дээ. Сэтгэлээр битгий унаарай” гэхэд нь санаа амарсан, сэтгэл уужирлаа.

 Жүдо бөхийн 48 кг-ын өрсөлдөөнийг М.Уранцэцэг, Г.Отгоцэцэг хоёргүйгээр төсөөлөхийн аргагүй. Хоёулаа бие биенээ ирлэж, хурцлан, нэгнээ өнөөгийн хэмжээнд хүргэсэн. Олон, олон тэмцээнд тэд хоорондоо учраа таарч, шимтэй, үзүүштэй барилдаанаараа спортын хорхойтнуудыг баярлуулсаар, суудлаас өндөлзүүлсээр ирсэн юм.

Риогийн олимпоос Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэн, Казахстан улсын түүхэнд анхдагч болоход М.Уранцэцэг V байрт шалгарсан. Энэ удаа шинэхэн Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг дутуугаа гүйцээн, олимпын медальтан болж, монгол түмнээ баярлуулсан юм.

-Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг та хоёр 48 кг-ын өнгийг тодорхойлж яваа жүдочид. Олон тэмцээнд өгөө аваатай барилдсан, нэгнээ ирлэж хурцалсан тамирчид. М.Уранцэцэгийг олимпын медальтан болоход танд юу бодогдож байв?

-Мэдээж баярлалгүй яах вэ. Түүнд олимпын медаль л дутуу байлаа. М.Уранцэцэг олимпоос медаль авахын төлөө маш олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн, хичээсэн, зүтгэсэн, залуу нас, эрүүл мэнд, цаг хугацаа гээд бүхнээ зориулсан. Түүнийг олимпоос медаль аваасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Токиогийн олимпоос медаль хүртсэнд нь маш их баяртай байна.

Монголын жүдогийн хөгжил дэлхийн түвшинд хүрснийг, манай эмэгтэй жүдочдод ямар их нөөц боломж байгаа, олимпын аварга болох хэмжээнд хүрснийг харууллаа, Урнаа амжилтаараа.

Урнаатайгаа хамт олимпын наадмаас медаль хүртэх сэн, шагналын тавцанд хамтдаа зогсох юм сан гэсэн хүсэл байлаа. Хоёр монгол жүдоч хамтдаа медаль хүртвэл хэчнээн сайхан бэ, тийм ээ. Даанч санаснаар болсонгүй.

-Таны энэ хүсэл 2017 оны ДАШТ-д биелж, монгол хоёр жүдоч шагналын тавцанд хамтдаа зогссон. Тэгээд бүр Ерөнхийлөгч асан Х.Баттулга медалийг тань гардуулсан нь бүр ч ховор тохиолдол. Дэлхийн дэвжээнд Монгол, Казахстаны Төрийн далбаа зэрэг мандах мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Олимпын дараа жилийн ДАШТ байсан тул түрүүлэх, дэлхийн аварга болох зорилготой очсон ч түүндээ хараахан хүрч чадаагүй. Би хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөхөд дийлдсэн. Хэрвээ тэгэхэд би ялсан бол Урнаа бид хоёр аваргын төлөө өрсөлдөх байв. Тэр ялагдлаа би одоо ч хүлээн зөвшөөрдөггүй. Би оноо алдаагүй. Хоёр монгол жүдочийг дэлхийн аваргын төлөө барилдуулахгүй гэсэндээ намайг тэгж ялагдуулсан юм болов уу л гэж боддог.

Тэр жил миний форм оргил цэгтээ хүрсэн байсан. Өөрийгөө мэдрэх, өөртөө итгэх итгэл минь дээд түвшинд хүрсэн, миний карьерын оргил үе байсан юм, уг нь.

Намайг хүрэл медалийн төлөө барилдахад монголчууд “Отгоо, Отгоо” гээд дэмжиж, дээлийн минь захыг мушгисан нь надад сайхан санагдсан, огшсон. Өөртөө итгэлтэй байдал, эрч хүч минь бүр ч их нэмэгдсэн.

Хэдийгээр эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдан, шигшээд шалгарах боломжоо алдсан ч Урнаатайгаа хамт медаль хүртэх сайхан байлгүй яах вэ. Монгол, Казахстаны ард түмэн их баярласан.

Ерөнхийлөгч Х.Баттулга надад шагнал гардуулахдаа “Энэ охиныг явуулсан минь зөв шийдвэр байж” гэж бодон, сэтгэл хангалуун байсан байх. Ерөнхийлөгч, Урнаа хоёртойгоо хамт шагналын тавцанд зогсоход сэтгэл их хөдөлж билээ.

Тэр нэг өдөр гэнэт “Би явлаа” гээд Казахстаныг зориогүй. Монгол, Казахстаны жүдо бөхийн холбоо 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулсны хүрээнд түүнийг тамирчнаа болгох санал тавьсан юм, казахстанчууд. Үүний дагуу иргэншлээ сольж, Д.Энхбаатар багшийнхаа хамт Казахстаныг зорьсон Г.Отгонцэцэг амжилт үргэлж дардан байгаагүй. 2015 онд Казахстаны улсын аваргад өрсөлдөхдөө аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Монголынхоо төрийн далбааг хуулахад, дөнгөж очсон жилээ Астанад болсон ДАШТ-д өрсөлдөхдөө хоёрдугаар тойрогт БНСУ-ын жүдоч Жэн Бо Кеонд дийлдэн, тэмцээнээ дуусгахад түүнд юу бодогдож байсан бол.

-Монгол хүн ямар их авьяастай, ур чадвартайг дэлхийд харуулж, үлгэрлэсэн тамирчдын нэг нь Та. Казахстан улсаас тамирчнаа болгох санал анх тавихад хэрхэн хүлээн авч байв?

-Үнэнийг хэлэхэд тухайн үед надад тийм санал ирнэ гэж төсөөлөөгүй. Казахстан улс надад анх 2014 онд санал тавьсан. Тэр жил ДАШТ-д оролцсоны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Отгоог Казахстаны шигшээ багийн тамирчин болгохоор хөөцөлдөж байгаа” гэж жүдогийнхонд албан ёсоор мэдэгдсэн юм. Тухайн үед “Багштайгаа явбал явна. Ганцаараа явахгүй” гэсэн хариу өгч байлаа.

Монголын жүдо бөхийн 48 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдаж байгаа болохоор алзахгүй. Тиймээс Риогийн олимпод зодоглох зорилгодоо хүрэхийн тулд Казахстаны саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга надад байгаагүй. Зөвхөн надад бус, багш бид хоёрт санал тавьсан нь зөвшөөрөхөд их нөлөөлсөн. Бүх зүйлд тусалж дэмжин, нөмөр нөөлөг болдог багштайгаа хамт явна гэж бодохоор сайхан санагддаг юм билээ. Тэгээд багштайгаа хамт Казахстан руу явсан юм.

Ганц ч хүн танихгүй, хэл, ёс заншлыг нь мэдэхгүй орны тамирчин болно гэж бодохоор анхандаа сэтгэлд багтаагүй. Би гэнэт нэг өдөр “За би Казахстаны тамирчин боллоо” гээд яваагүй. Нэлээд удаан бодож, ойр дотнынхонтойгоо сайтар зөвлөлдөж байж шийдсэн.

Өнөөгийн миний гаргасан бүх амжилт Д.Энхбаатар багштай минь салшгүй холбоотой. Хэрвээ би Казахстан руу ганцаараа явсан бол амжилт гаргаж чадахгүй байсан. Хоёулаа нэг зорилгын төлөө нэг хүн шиг байж, хамтарч чадсанаараа өнөөгийн амжилтад хүрсэн.

-Тухайн үед Монголын 48 кг-ын гол өрсөлдөөн Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг та хоёрын хооронд өрнөж байсан. Дэлхийн чансааг тэргүүлж, гаргасан амжилтаараа Урнаа Риогийн олимпод оролцох нь бараг тодорхой байсан. Энэ нь таныг шинэ боломж эрэлхийлэхэд хэр их нөлөөлсөн бэ?

-Нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Тамирчин бүхэн олимп, дэлхийн дэвжээнд оролцох, бүр цаашлаад амжилт гаргах зорилготой. Минийх ч бас тийм. Риогийн олимпод өрсөлдөх зорилгодоо хүрэх хамгийн зөв гарц нь яахын аргагүй Казахстаны иргэн болох байсан.

Спорт залуу насны ажил. Хэчнээн ур чадвартай, авьяастай байлаа ч амжилт гаргах, түүнийгээ батлах хугацаа ахар. Нэг жинд хоёр шилдэг тамирчин барилдвал бие биенээ ирлэж, хурцлах сайн талтай ч арай ур чадвар дутуу нь “дарагддаг” гэмтэй. Үүнээс болж гаргачих боломжтой байсан амжилтдаа хүрч, боломжоо бүрэн ашиглаж чадалгүй зодог тайлсан тамирчин цөөнгүй. Надад ч бас тэгэх эрсдэл байсныг үгүйсгэхгүй, нуугаад ч яах вэ.

-“Амжилт гаргахгүй бол олимп, ДАШТ-д оролцох боломжоо алдана. Казахстаны №2 тамирчин болох эрсдэлтэй” гэдэг айдас танд хэр байв. Энэ бүхэн нь танд дарамт болсон уу?

- Казахстан улсын өөрийнхөө нэр дээр намайг барилдуулна л гэж гэрээ байгуулсан. Түүнээс биш бүхий л тэмцээнд намайг өрсөлдүүлнэ гэж амлаагүй. Тиймээс би алгуурлавал Риогийн, Токиогийн олимпод, ДАШТ-д өрсөлдөх боломжоо казахстан жүдочид алдах эрсдэлтэй байлаа. Тиймээс эхэндээ мэдээж тийм болгоомжлол, айдас байсан. Медаль аваад, амжилт ахихын хэрээр тэр бүх дарамт арилсан, өөртөө итгэлтэй болсон.

Харин олимпын медаль авсны дараа би өөрөө өөрийгөө сэтгэл зүйн дарамтанд оруулчихсан. “Олимпын медальтан болчихоод энэ тамирчинд ялагдчих вий. Энэ тэмцээнээс хоосон ирэх вий” гэж өөрөө өөрийгөө дарамтанд оруулж, сэтгэл зүйгээ хянаж чадахгүй байсан үе надад бий.

-Казахстанд очоод дасахад хамгийн хэцүү нь юу байв. Давахад хамгийн хэцүү байсан үе аль нь бол?

-Казахстанд очсоныхоо дараа УАШТ-д өрсөлдөх л хамгийн хэцүү байсан. Учир нь энгэртээ Монголынхоо Төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч хуулах, эсвэл Казахстаны далбаатай өмсгөл өмсөхийг шаардсан. Аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Төрийнхөө далбааг хуулахад хамгийн хүнд байв.

“Би монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй шүү” гэж өөрийгөө хэчнээн ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан.

Тэр үед “Эх орон, монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна аа” гэж өөртөө хэлж билээ.

Өмсгөлөөсөө хуулсан Монголынхоо далбааг би одоо ч хадгалдаг, тэмцээнд үргэлж авч явдаг. “Спортын замналаа дуусгахдаа хамгийн сүүлчийн тэмцээнд Монголынхоо далбааг зүүн, улсынхаа нэрийн өмнөөс барилдана” гэж хүсдэг байлаа. Харамсалтай нь тэгж чадалгүй зодог тайллаа. Тэгэх боломж гарч магадгүй. Тэгээсэй ч гэж хүсэж байна.

-Та Казахстаны УАШТ-д анх оролцохдоо л тэгж түрүүлснийхээ дараа “Ямар ч байсан хэр ур чадвартайгаа харууллаа” гээд түр амьсгаа авсан уу. ДАШТ-д оролцох эрхээ алдах, бүр цаашлаад гэрээгээ цуцлуулах эрсдэлээс тэр түрүү аварсан уу?

-Тэгсэн. Хэрвээ Казахстаны аваргад түрүүлээгүй бол ДАШТ-д оролцох эрхээ алдах эрсдэлтэй байлаа. Түрүүлсэн казахстан тамирчныг өрсөлдүүлээд намайг өнжүүлж мэдэх байсан л даа. Тиймээс бүхнээ дайчилсан. Иргэншлээ солих хүсэлт гаргаснаасаа хойш таван сар гаруй хугацаанд тэмцээнд оролцохгүй байж байгаад өрсөлдөх амаргүй юм билээ.

-Хөөх, тийм удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй юм уу. Казахстаны иргэншил олгохыг хүлээгээд тэр үү?

-Тийм ээ. Казахстаны иргэн болох хүсэлт гаргачхаад 2015 оны нэгдүгээр сард тус  улсад очсон, багш бид хоёр.. Иргэншил солих хүсэлт гаргахад иргэний үнэмлэх хураагаад авчихдаг юм билээ. Тэгээд л Казахстан иргэнээ болгохыг зөвшөөрсөн шийдвэр гарахыг хүлээгээд л байлаа. Бичиг, баримтгүй байсан болохоор ямар нэгэн тэмцээнд оролцох боломж байгаагүй.

Уг нь Казахстаны улсын аварга болчихсон болохоор дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авчихсан байдаг. Гэтэл иргэншлийн асуудлын улмаас Астанагийн ДАШТ-д зодоглох, эсэх тодорхойгүй, эргэлзээтэй. Хэрвээ ДАШТ-ээс өмнө Казахстаны иргэн болчихвол өрсөлдөнө, тэгэхгүй бол оролцох боломжгүй. Тодорхой бус байсан ч бэлэн байх шаардлагатай. Тиймээс өдөрт гурван удаа бэлтгэл хийж, ямар нэг хариу гарсан уу гээд чих тавина. Багштайгаа нойр хоолоо умартан зүтгэсэн дээ. Астанагийн ДАШТ эхлэхээс долоохон хоногийн өмнө Казахстаны иргэн болохыг албан ёсоор зөвшөөрсөн.

Казахстан улс өөрийн нэр дээр барилдах боломж түүнд олгосноос биш бүхий л тэмцээнд өрсөлдүүлнэ гэж амлаагүй. Жиндээ хамгийн шилдэг нь байхгүй л бол олимпод битгий хэл олон улсын тэмцээнд ч оролцох боломжоо алдах эрсдэл Г.Отгонцэцэгийг үргэлж отож байв. Казахстанд болсон ДАШТ-д хоёрдугаар тойрогт ялагдсаных нь дараа “Эх орондоо болсон дэлхийн аваргад эхний тойрогт ялагдлаа. Казахстан жүдочийг барилдуулсан бол медаль авах байсан ч юм бил үү. Монгол жүдоч цаашид амжилт гаргаж чадахгүй бол яах вэ” гэсэн олны шүүмжлэлийг даван, өөрийгөө хурцлаад хамгийн шилдэг нь болохоос өөр зам түүнд байгаагүй.

-Хүсэн хүлээсэн иргэншлээ аваад өрсөлдсөн ч Казахстанд болсон тэр жилийн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Жеон Бо Кеонд ялагдан, тэмцээнээ дуусгасан. Монголоо төлөөлж оролцоод дийлдсэн бол монгол түмэн, эх орон нь алгаа тосон угтана. Харин хүний нутаг тэс өөр. Тухайн үед казахстанчуудын шүүмжлэл танд хэр хүнд туссан бэ?

-Астанагийн дэвжээнд казахстанчуудын өмнө өрсөлдөөд дийлдсэн болохоор надад бүр ч хэцүү байлаа. Намайг медаль хүртэнэ, амжилт гаргана гэж зөвхөн казахстанчууд төдийгүй монголчууд маань итгэл хүлээлгэж байсан юм.

ДАШТ-ий дараа би нэлээд шүүмжлүүлсэн. “Иргэншлээ солин байж Казахстанд ирчихээд зорилгодоо хүрч чадахгүй бол яана аа” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ.

Тэгээд л өмнөхөөсөө бүр их хичээсэн. 10 удаа сунайдаг байсан бол 20 болгоод, бэлтгэлийнхээ ачааллыг ч нэмсэн. Тэр үед багш “Том тэмцээний өмнө ялагдах зүгээр. Тамирчинд алдаагаа ухаарах, засах боломж олгодог. Ялагдлаа аль болох хурдан мартаж, алдаагаа засан, давтахгүй байх нь чухал. Хоёуланд нь одоо хамгийн том даваа үлдээд байна” хэмээн тайвшруулж, хурцалсан.

Тухайн үед надад хэцүү байсан уу гэвэл хэцүү байсан. Гэхдээ одоо эргээд бодоход тэр ялагдал намайг илүү хурцалж, айсуй олон, олон амжилтын үүдийг нээсэн юм билээ.

Ялагдчихаад дэвжээн дээр уйлаад сууж байхад багш минь “Миний охин сэтгэлээр битгий уна. Том амжилтын өмнө том ялагдал байх хэрэгтэй. Зөв ялагдал байж магадгүй” гэж намайг аргадсан. Тэгэхэд нь “Зөв ялагдал гэж юу байдаг юм бэ” гээд туниж билээ. Эргээд бодоход багшийн зөв байсаан.

Казахстаны хамгийн шилдэг болж байж байж л олимпод оролцох, зорилгодоо хүрэх хаалга нээгдэнэ. Энэ боломжийг Г.Отгонцэцэг чангаас чанга атгасан. Тэгээд бүр дэлхийд хүлээн зөвшөөрүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй. Ийн тодотгосон нь ийм учиртай.

Учир нь иргэншлээ сольсон тамирчин тухайн улсынхаа нэрийн өмнөөс гурван жил барилдаж байж олимпод өрсөлдөх эрх авдаг. Гэтэл Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс ганцхан жил барилдаад “Рио-2016” олимпод зодоглосон нь олны анхаарлыг ихээхэн татдаг.

“Казахстаныг төлөөлж ганцхан жил барилдсан тул Токиогийн олимпыг хүлээхээс өөр аргагүй нь” гээд гонсгор суусан тэрбээр Риогийн олимпоос өмнө 12 тэмцээнд өрсөлдөхдөө 10-аас нь медаль хүртэн, Азийн аварга болсон. ОУОХ 2016 оны тавдугаар сард Г.Отгонцэцэгийг “Рио-2016”-д барилдахыг зөвшөөрөхдөө “Богино хугацаанд өндөр амжилт гаргасныг үнэллээ” гэж тодотгосон юм. ОУОХ зөвхөн онцгой нөхцөлд тийм зөвшөөрөл өгдөг билээ. Ингэж олдсон боломжоо чангаас чанга атгасан Г.Отгонцэцэг Риогийн олимпоос хүрэл медаль хүртэн, казахстанчуудыг төдийгүй монгол түмнээ баярлуулсан. Тэгэхдээ олимпоос медаль авсан анхны эмэгтэй казахстан жүдоч болсон юм. Түүний амжилт өдгөө ч давтагдаагүй байгаа.

-Ялалт, ялагдлаас авсан сургамж, багш, шавь хоёр хичээл зүтгэл хөдөлмөр таныг 2016 онд олимпын медальтан болгосон. Риогийн олимпын дэвжээнээс хүрэл медаль хүртэхэд, “Би чадлаа” гээд итгэж яван зогсож байхад юу бодогдож байв?

-Тухайн үед “Хэрвээ Монгол Улсаас оролцсон бол. Хэрвээ Монголынхоо төрийн далбааг олимпын тэнгэрт мандуулсан бол” гэж огт бодоогүй. “Би нээрэн ингээд олимпын медальтан болчихож байгаа юм уу” гэж өөртөө итгэж ядан зогсож билээ. Яг зүүдэлж байгаа юм шиг санагдсан. “Хүн болгонд олдохгүй ийм боломж олгосон Казахстан улсад, жүдочдод, Ерөнхийлөгч Х.Баттулгад үнэхээр их баярласан. Хэрвээ надад тийм боломж олгоогүй бол өнөөдөр би олимп, дэлхийгээс медаль авахгүй, ийм амжилт гаргахгүй байсан. “Ийм боломж ямар азаар олдов оо” гэж бодож байлаа.

Хэдийгээр зорилгодоо хүрсэн ч хүрэл медаль авсандаа сэтгэл гонсгор байв. Учир нь олимпын өмнөх тэмцээнүүдэд түрүүлж, өнгөтэй байсан болохоор “Аварга болж чадсангүй” гээд амжилтдаа сэтгэл дундуур байсан юм л даа. Тэгж байтал “Баараггүй медаль авна, түрүүлнэ” гэж таамаглаж байсан мундаг тамирчид эхнээсээ ялагдангуут “Хөөх, би ямар азаар медаль авсан юм бэ. Олимпын медаль авна гэдэг чинь үнэхээр чанга юм байна” гэж бодон, хүрэл медаль авсандаа баярласан.

-Монголчууд хэрхэн хүлээж авах бол, “Иргэншлээ солиод медаль авлаа” гээд шүүмжлэх вий гэж та эмээсэн үү.  

“Мандсан далбаа нь харийнх ч

Мандуулсан бүсгүй нь монгол” гээд танаар бахархаж, ойлгоход таны сэтгэл амарсан уу?

-Тэгсэн. Энэ шүлгийг үнэхээр онож бичсэн. Казахстан улс надад их ээлтэй. Би Монголынхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог байхдаа олон улсаас ихэвчлэн хүрэл медаль авдаг байлаа. Астанагийн гран прид Казахстаны нэрийн өмнөөс барилдахдаа түрүүлж, олон улсын тэмцээний анхны алтан медалиа хүртсэн юм. Тэр үед Говь-Алтай аймгийн иргэн Мөнх-Амар гэдэг ах надад зориулж энэ шүлгийг бичсэн. Түүнд маш их баярлалаа.

-Танд зориулж зохисон шүлгийг нь уншиж өгч болох уу?

-Тэр шүлгийг уншихаар уйлчихдаг юм аа (инээв). Казахстан улсыг зорьсныхоо дараа эх орны цэнийг улам их мэдэрсэн. Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд, төрийн далбаагаа харахаараа л уйлдаг байлаа. Эх орноо, гэр бүлээ их санана. Хүссэн үедээ хүрээд ирэх боломжгүй нь гачлантай. Эх орондоо, гэртээ очих сон гэж үргэлж боддог байлаа. Энэ шүлгийг уншихаар Монголдоо, эх орондоо очсон юм шиг сайхан санагддаг. Монгол түмэн минь намайг ойлгож байна гэж бодохоор бүр ч сайхан.

Намайг Казахстан руу анх явахад “Урвагч, мөнгөний төлөө явсан” гэх мэтээр зөндөө шүүмжлүүлсэн. Тэр бүхэнд их эмзэглэнэ, гомдоно. Багш минь “Хүмүүсийн хэлж буйг битгий тоо. Хоёулаа үгээрээ бус үйлдлээрээ, амжилтаараа харуулна” гэдэг байлаа. Сүүлдээ бүр дасчихсан. “Миний юуг туулж явааг мэдэхгүй болохоороо л ингэж шүүмжилж байна” гэж боддог болсон.

-Казахстаны бүх эмэгтэй жүдоч “Их дуулга”, гран пригээс авсан медалийн тоо таныхаас цөөн. 2016 оны олимпоос өмнө оролцсон бараг бүх тэмцээнээсээ медаль авсан, ганцхан жилийн дотор дэлхийд тэргүүлэх хэмжээний жүдоч болсон, олимп, дэлхийгээс медаль хүртсэн амжилтын тань нууц юу вэ?

 -Зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөснийхөө үр шимээр л амжилтад хүрсэн, би. Хичээхээс, зүтгэхээс өөр сонголт надад байгаагүй. Буцах замгүй байсан тул дайрсан чигтээ дайраад дуусгахаас өөр гарц байгаагүй. Риогийн олимпын өмнө оролцсон бараг бүх тэмцээндээ түрүүлсэн ч богино хугацаанд өндөр амжилт гаргалаа гэж бодоогүй, тухайн үед. Одоо эргээд бодоход “Ямар хүнд, хэцүү замыг би туулсан юм бэ. Одоо тэгж чадахгүй байх” гэж боддог. Ямар аймар замыг туулсан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогддог.

-Цөөнгүй олон улсын тэмцээний дараа та багшийнхаа хамт тухайн тэмцээн болж буй ордонд хүрэлцэн ирсэн монголчууддаа хүндэтгэл үзүүлсэн нь үлгэрлэмээр, бахархмаар санагдсан. Монгол түмнээ, эх орноо хэр их хайрлаж, хүндэлдгийн нэгээхэн илрэл нь энэ болов уу?

-Би монгол түмэн, тамирчидтайгаа аль болох хамт байхыг хичээдэг. Олон улсын тэмцээнд оролцохоор очингуутаа хамгийн түрүүнд “Манайхан хаана байна” гэж сурагладаг. Гадаадын буудалд ороход мах үнэртвэл “Монголчууд байрлаж” гээд баярлан, хурдхан уулзах гэж яардаг.

Тэмцээн болж буй танхимд оронгуутаа “Монголчууд хаана сууж байгаа бол” гээд хайдаг. Олж харангуутаа яг л аав, ээжээ харсан мэт баярлан, догдолдог. Энэ жил ДАШТ-д барилдаж байхад монголчууд маань “Отгоо, Отгоо” гээд дэмжихэд хэчнээн их урам, эрч хүч авдаг гэж санана.

Монголчуудынхаа өмнө дийлдэж болохгүй, намайг дэмжиж байгаа сайхан сэтгэлд нь ялалтаар хариу барья гээд хичээдэг байсан юм. Барилдааны дараа багштайгаа хамт монголчууддаа хүндэтгэл үзүүлэхэд сайхан мэдрэмж төрдөг.

-Таныг олонх хүн “Казахстаны Отгонцэцэг” гэдэг. Ингэж тодотгохоор эмзэглэдэг үү?

-Огт эмзэглэдэггүй, эвгүй санагддаггүй. Казахстан миний хоёр дахь эх орон. Олимп, дэлхийн медальтан болох, зорилгодоо хүрэх боломж надад олгосон ээлтэй улс.

Казахстанд тамирчин байх ямар гоё гэдгийг мэдрээд ирлээ. Юунд ч санаа зовохгүйгээр бэлтгэлээ хийх, амжилтын төлөө зүтгэх бүхий л боломжоор хангадаг юм байна. Тамирчин хүн бэлтгэлээ л сайн хийх ёстой. “Тэмцээний зардал, уураг, витамины мөнгө яана аа” гэж санаа зовох огт шаардлагүй, бүхнийг улсаас хангадаг.

 Казахстанд олон нийтийн жагсаал анх болоход зөндөө олон хүн надад санаа зовж буйгаа илэрхийлж, захидал бичсэн. Олны хайр, хүндлэлийг ингэж их хүртэж чадсандаа баяртай байна.

Би өөрийгөө эх орноосоо урвасан гэж боддоггүй. Зорилгодоо хүрэх боломж минь Казахстан улс байсан. Би тэр боломжийг алдахыг хүсээгүй. Энэ боломжийг ашиглаж чадахгүй, амжилт гаргахгүй ирэх эрсдэл ч надад байсан. Би ашиглаж чадсан, зорилгодоо хүрсэн.

Монгол хүн ямар их тэсвэр тэвчээртэй, ур чадвартай, авьяастайг би дэлхийд харуулсан, Казахстан, Монголын найрамдалт харилцаанд гүүр болж, эх орноо дэлхийд сурталчилж чадсан гэж боддог.

Казахстанд төдийгүй бусад оронд байхад намайг “Монгол тамирчин”, “Монгол легионер” л гэдэг. Монгол гэдэг үг намайг үргэлж дагадаг. Тиймээс үг, үйлдэл бүртээ анхаарч, Монголынхоо нэрийг сэвтээхгүй, бусдад сайхан харагдуулахын төлөө хичээсээр ирлээ.

Казахстаны түүхэнд олимпоос медаль авсан анхны эмэгтэй жүдоч болсныхоо дараа жил буюу 2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь мөн Казахстаны эмэгтэй жүдочдын анхны амжилт. Г.Отгонцэцэг дэлхийн аваргын медалиа дараа жил нь ихэрлүүлсэн нь мөн л казахстанчуудын түүхэнд анхных. Үүний сацуу Казахстаны эмэгтэй жүдочдын “Их дуулга”, гран при тэмцээнээс авсан медаль бүгд нийлээд түүний 28 медальд хүрдэггүй гээд бод доо, супер байгаа биз. Г.Отгонцэцэг богино хугацаанд ямар өндөр амжилт гарган, Казахстаны төдийгүй дэлхийн жүдогийн түүхэнд тод мөрөө үлдээснийг эндээс бэлхнээ харж болно. Токиогийн олимпын дараа тэрбээр тамирчны замналаа өндөрлүүлж, зодог тайлсан нь гэнэтийн шийдвэр байлаа.

-Хоёулаа таван жилийн өмнө ярилцахад “Зорилгодоо хүрч, нүүр бардам амжилт гаргасныхаа дараа Монголдоо буцаж ирнэ” гэсэн. “За, одоо хангалттай” гээд зорьсондоо хүрээд зодог тайлав уу. Эсвэл гэнэтийн шийдвэр байв уу?

-Парисын олимп хоёр жилийн дараа болно. 2024 оны олимпод барилдах нөөц, боломж надад байсан. “За, ер хангалттай” гэж бодоод зодог тайлан, хувийн амьдралдаа анхаарахаар шийдлээ. “Дараагийн олимпод амжилтаа ахиулах боломж бий” гэж зөвлөх хүн олон байлаа. “Одоо цаг нь болсоон” гэж бодсон, төлөвлөж байгаад шийдсэн болохоор шийдвэрээсээ буцаагүй. Тэгээд зодог тайлахаар шийдлээ.

-Өнөөг хүртэл жүдогийн спорт, амжилт таны хувьд хамгийн чухал зүйл байсаар ирсэн. Энэ бүхнийг гэнэт орхиход, амьдралын хэмнэлээ өөрчлөхөд ямар санагдсан бэ?

-Зодог тайлах шийдвэр гаргахад, бусдад хэлэхэд нэг их хэцүү байгаагүй. Албаны ёсны мэдээлэл цацагдан, хэвлэлүүд мэдээлэхэд, хүмүүс “Отгоогийн барилдааныг дахиж харахгүй нь” гэсэн сэтгэгдлийг уншаад сэтгэл их хөдөлсөн. “Нээрэн би дэвжээнд дахиж гарахгүй, барилдахгүй” гээд огшсон, нулимс цийлэгнэж байлаа. Нэгэнт зодог тайлахаар шийдвэрлэсэн, дараагийн зорилгоо тодорхойлчихсон тул “Дахиж барилдах уу, яах вэ” гэж эргэлзээгүй. Гаргасан шийдвэртээ бат зогсоно.

Багшид мэдээж нэлээд хүнд туссан. Дараагийн олимпод оролцох уу, бэлтгэлээ хэрхэн хийх вэ, дараагийн төлөвлөгөө гэх мэт ярилцсан зүйл бид хоёрт нэлээд байсан. Эхэндээ “Дараагийн олимпод амжилт гаргах боломж бий” гэж ятгаж байсан бол одоо “Энэ бол чиний л сонголт. Өөрөө мэд. Хийх зүйлээ хангалттай хийсээн. Багшаараа туслуулах зүйл байвал хэлээрэй. Хэзээд туслахад бэлэн” гэсэн.

-Таны гэрээ хэзээ дууссан билээ?

-Токиогийн олимпын дараа. Хүсвэл гэрээгээ сунгах боломж надад байсан.

-Тэгэхээр гэрээгээ дуусгаад л зодог тайлахаар шийдэж. Зодог тайлахгүйгээр Монголдоо ирэх боломж байсан уу?

-Байлгүй яах вэ. Гэрээгээ дуусгах, зодог тайлах шийдвэрийг би өөрөө гаргасан. Үүнд Казахстан улс ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй.

-Зодог тайлах ёслолоо албан ёсоор хийсэн үү?

-Хийж чадаагүй. Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Казахстаны аварга шалгаруулах тэмцээнд барилдаад, зодог тайлахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч цар тахлын улмаас тус улс руу явж чадсангүй.

-Д.Энхбаатар багшийн гэрээ ч мөн дууссан уу?

-Тэгсэн, багш минь Монголдоо байгаа. Казахстаны тамирчин болсноос хойш багш минь бүхий л үед миний дэргэд байсан. Багшдаа би үнэхээр их итгэдэг. Надад ямар нэгэн бэрхшээл тулгарахад багштайгаа ярилцаж, гарц, гаргалгааг нь эрэлхийлдэг. Казахстанд хамт очоод, нэг хүн шиг зүтгэж чадсан нь бид хоёрын амжилтын нууц. Амжилт гаргахад багш, шавь хоёрын ойлголцол, нэгэндээ итгэх итгэлцэл их чухал байдгийг би амжилтаараа мэдэрлээ. Миний амжилтын нууц бол Энхбаатар багш минь.

-Гаргасан амжилт, хийж, бүтээснээ дүгнээд бодоход зорилгодоо 100 хувь хүрсэн үү?

-Бараг 100 хувь хүрсэн. Мэдээж олимп, дэлхийн аварга болчихсон бол гэх харамсал байлгүй яах вэ. Тэр хэмжээний амжилт, хөлс урсгасан, багш, бид хоёр. Хэдийгээр олимп, дэлхийн аварга болж чадаагүй ч олимп, дэлхийгээс гурван медаль авна гэдэг чамлах амжилт биш. Тиймээс амжилтдаа сэтгэл хангалуун байна.

-Та Казахстан улсын иргэншилтэй. Одоо иргэншлээ буцаан сольж, Монгол Улсынхаа иргэн болох уу?

-Би Казахстан улсын иргэн. Монгол Улсад түр оршин суух үнэмлэхтэй. Иргэншлээ буцаан солих эсэхийг бусадтай ярилцаж, зөвлөгөө авч байгаад шийднэ.

-Монголынхоо иргэн болох хүсэл бий юү?

-Би Монгол Улсад төрж, өссөн монгол хүн. Тиймээс Монголынхоо иргэншлийг авахыг хүсэлгүй яах вэ. 

-Тамирчны карьер дууссан ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдэг. Зодог тайлсныхаа дараа юу хийх вэ гэдэг асуулт тамирчин бүхний өмнө ирдэг. Та юу хийхээ төлөвлөж амжсан уу?

-Бэлтгэл, тэмцээн, амжилт гэсээр тамирчид олон зүйлээс хоцордог. Хувийн амьдрал, боловсрол гээд олон зүйлийг хойш нь тавин байж амжилтын төлөө зүтгэдэг.

Би нягтлан мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Мэргэжлээрээ ажиллах бодол байсан. Жүдогийн амжилтын төлөө ид зүтгэж байх үедээ нягтлангаар сурсан болохоор дутуу, дулимаг зүйл байгааг анзаарлаа. Дахиад сурч, өөрийгөө сайн хөгжүүлэхэд төвлөрнө.

-Дасгалжуулагч болох бодол бий юү?

-Тамирчин байх үедээ энэ талаар ёстой бодож байгаагүй. Үнэхээр хэцүү ажил. Д.Энхбаатар багшийгаа ажиллаж, шавь нараа дасгалжуулж буйг харахаас халгамаар. Бэлтгэлийг нь хэрхэн тааруулах вэ, бэртэж, гэмтчих вий гээд тамирчиндаа үргэлж санаа зовно. Тамирчнаас илүү их эрч хүч зарцуулдаг мэргэжил.

Багшийгаа дасгалжуулж буйг хараад “За, миний ёстой чадахгүй ажил байна” гэж боддог байлаа. Яг зодог тайлсны дараа миний бодол өөрчлөгдсөн. Казахстан, Монголын жүдогийн дэг сургуулилалт, бэлтгэлийн арга барил ондоо. Сурсан, мэдсэнээ, туршлагаа бусадтай хуваалцаж, зөвлөж, заахгүй хаявал хайран. Тиймээс жүдогийн клуб нээх бодол бий. Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болох боломжгүй. Жүдогоор дамжуулан бусдыг хайрладаг, хүндэлдэг, хүнлэг, зөв иргэн хүн болгож төлөвшүүлэхийг хүсэж байна.

Өнөөгийн амжилтыг гаргаж, олимп, дэлхийн медальтан болох боломж олгосон Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, “Хамт хүч амжилт” уриатай жүдогийнхондоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоо, олимпын хороо, Д.Энхбаатар багшдаа, Казахстан, Монголын ард түмэн, гэр бүлийнхэн, найз нөхөддөө, намайг дэмждэг бүх хүнд маш их баярлалаа. Та бүхний итгэл, сэтгэлийн хүчээр өнөөгийн Отгонцэцэг бий болсон юм шүү.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Анхны зочноор уригдсан Д.Амартүвшингийн тухай контентыг ЭНД дарж уншина уу.

“Хүн цэг” булан Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавыг онцолсныг ЭНД дарж уншина уу.

“Хүн цэг” булан Гавьяат жүжигчин, дуучин Ч.Амаржаргалыг онцолсныг ЭНД дарж уншина уу.

“Хүн цэг” булан “Аавуудын групп”-ийн админ Т.Цэнд-Аюушийг онцолсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 14, 2022 09:07

Сайхан монгол охин минь

Зочин
Зочин
1 сар 14, 2022 09:07

Монголдоо тавтай сайхан амьдраарай

Зочин
Зочин
1 сар 14, 2022 09:09

sn shniig husey huurhunuu min

Зочин
Зочин
1 сар 14, 2022 09:52

ene unheer goy content shuu ulam ih amjilt unuudriin zochin unheer nice

Зочин
Зочин
1 сар 14, 2022 09:56

tsus ni mongol setgel ni mongol baihad busad ni bolno doo

Зочин
Зочин
1 сар 14, 2022 13:24

Чи бидний бахарх�##� шүү

Зочин
Зочин
1 сар 14, 2022 13:25

Уйлсаар уншиж дуусг�##�аа, мундаг охин шүү. Гэр бүлд нь аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
1 сар 14, 2022 13:32

Монгол түмэн чамаар бахархаж байгаа бүсгүй минь

Зочин
Зочин
1 сар 14, 2022 13:34

Казкастаны өмнөөс барилдаж байсан ч Отгоо маань гараад ирлээ гээд барилдааныг тань зах мушгин үздэг дээ

Зочин
Зочин
1 сар 14, 2022 13:36

Уранаагийн ганц өрсөлдөгч бас л сайхан эрэмгий монгол бүсгүй.
Зодог тайлж байгаа нь харамсмаар

Зочин
Зочин
1 сар 14, 2022 13:40

Хүн цэг гоё контент юм аа

БАЯРЛАЛАА
БАЯРЛАЛАА
1 сар 14, 2022 17:01

ОЛОН жил монголчуудаа баярлуулсан шүү

Зочин
Зочин
1 сар 14, 2022 17:44

Мундаг тамирчин шүү, Урнаа маань зодог тайлж байгаа болохоор тухайн жиндээ Монголоосоо барилдаж болохгүй юм болов уу, ямартай ч амжилт аз жарг�##�ыг хүсье. Чи бол авьяаслаг эрэмгий монгол тамирчин шүү.

Зочин
Зочин
1 сар 15, 2022 07:44

Рио-де-Жанейро д мед�##�ь авахад нь маш их баярласанаа санаж байна. Мундаг охин

Зочин
Зочин
1 сар 15, 2022 18:16

Мөн ч их уйлуулсандаа. Дэвжээн дээр гараад ирэхэд нь өөрийн эрхгүй уйлчихдаг байлаа. Ккк Сайхаан сайхан Монгол бүсгүй минь цаашдын ажил амьдр�##�д нь сайн сайхныг хүсье.

Haha
Haha
2 сар 3, 2022 09:08

Haltar goshnogo haha

Зочин
Зочин
2 сар 3, 2022 10:42

Олимп, дэлхийн меп�##�ьтан бүсгүйдээ амжилт хүсье

Зочин
Зочин
2 сар 3, 2022 10:57

Отгонцэцэг сайн тамирчин...казакстанд баярлахаас яах в олип дэлхийн мед�##�ийг авч өгсөн! харин иргэншилээ нэгэнт солисон бол тэр чигтээ бхоо...

Холбоотой мэдээ

Back to top button