Үйлдвэрлэгч

НУМ, СУМ ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.ЁНДОН: Үйлдвэрээ өргөжүүлэх нь чухал ч өв соёлоо мартахгүй байх хэрэгтэй

Үндэсний сур харвааны "Есүнхэй мэргэн" үйлдвэр нь Монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум болон бэлтгэлийн нум сумыг Хүннү гүрний үеийн арга технологийг өөрчлөхгүйгээр урлаж харваачдын гарт хүргэдгээрээ онцлогтой.

"Есүнхэй мэргэн" үйлдвэрийн үүсгэн байгуулагч Б.Ёндонгийн хувьд 21-хэн насандаа төрийн наадамд түрүүлж, улсын мэргэн цолны болзол ханган, 27 насандаа Монгол Улсын даян мэргэн болж байв. Тэрбээр 13 насандаа өөрийн сонирхлоороо нум сум хийж эхэлсэн ба өдгөө өөрийн эрхэлдэг ажлын хажуугаар таван хүнийг ажлын байраар хангаж цаашдын үйлдвэрлэлээ өргөжүүлэх эрхэм зорилго тавьжээ.  

Ийнхүү үйлдвэрлэлээ өргөжүүлэхээс гадна XII-р зууны үед Монголчуудын оюун ухаан, суу билэг, ов залиар бүтээгдсэн гэх тухайн үедээ хамгийн хүчтэйд тооцогддог байсан хамгийн холын тусгалтай, эвэр элэгтэй, шөрмөсөн артай "Болд ширхэгт буюу төмөр ширхэгт" нумыг сэргээж орчин цагийн дэвшилтэт технологид тулгуурлан хийж буй нь хамгийн том давуу тал.

Ингэхдээ уламжлалт хийц чанарыг алдагдуулахгүй байхаар зорьж буй эл үйлдвэрлэл дэх чухал ололтуудын нэг хэмээн тодотгож болно.

  • Брэндийн нэр: Есүнхэй мэргэн
  • Үүсгэн байгуулагч: Б.Ёндон
  • Үүсгэн байгуулсан он: 2019
  • Холбогдох утасны дугаар: 99920527

Наадмын өдрүүд хаяанд иржээ. Ийнхүү Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам дөхсөн эл өдрүүдэд бид тус үйлдвэрт очиж нум сумыг хэрхэн үйлдвэрлэж харваачдын гарт хүргэдэг талаар сонирхуулахыг зорьлоо.

-НУМ СУМЫГ 11 ДҮГЭЭР САРААС ДӨРӨВДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ХИЙДЭГ-

Нум сум нь өнө эрт цагаас өнөөдрийг хүртэл оршин тогтнож, уламжлагдан ирсэн соёлын үнэт өвийн нэг. Тэрхэн хугацаандаа устаж үгүй болж байсан гэдэг шүү дээ. Тэгвэл нум сум нь хэзээ үүсч хөгжин, ямар түүхэн цаг үеийг туулж өнөөдөртэй золгосон талаар яриагаа эхлүүлье?

Монгол түмний эрийн гурван наадмын нэг болох сур харваа нь балар эрт цагаас тодруулбал шинэ чулуун зэвсгийн үед үүсэн дэлгэрсэн хэмээн үздэг. Анх хавчаахай сум гэж нэрлэдэг байсан бөгөөд Хүннү гүрний үед нум сум илүү боловсронгуй болж түүнээс хойш эвэр нум хэмээн нэрийдэх болсон. Нум сум нь эрт цагт ан агнуур хийж, хоол хүнс олж идэх зориулалттай байсан бол дайн дажин хийгээд хүнд хэцүү үед зэр зэвсгийн зориулалтаар хэрэглэж, сүүлдээ эрийн гурван наадам, спортын төрөл болтлоо хөгжиж чадсан соёлын үнэт өвийн нэг юм.

Нэгэн үе нум сум гэх зүйл бараг үгүй болж бүрэн устсан гэж хэлж болно. Учир нь Монголчууд Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил дарлагдсан түүхтэй. Энэ хугацаанд Манжууд дайн дажин дэгдэхээс сэргийлэн Монголчуудын нум сумыг нь хураан авч, устгалд оруулж байсан.

Хэзээнээс өвөг дээдэс маань үр хүүхдээ бага балчир наснаас эхлэн хавчаахай нумаар сур харвуулж,  арай том болох үед нь эвэр нум бариулан сур харваанд сургадаг байсан. Харин Манжууд энэхүү Монгол уламжлалыг үгүй хийх зорилгоор нум сумыг хураан авч, Монгол хүүхдүүдэд шинэ тоглоом зааж, тоглуулдаг байсан байна. Харин 1911 оноос хойш нум сум буцаж дэлгэрэн дайн байлдаан гэхээсээ илүүтэйгээр наадам, спортын зориулалттай болж хөгжсөн.

Социализмын үед Монголчууд нум сумыг өөрсдөө хийхээс илүүтэйгээр Хятадаас авч ирдэг, захиалдаг байсан гэдэг. Харин түүнээс хойш нум сумынхаа үүх түүхийг судалж, нум сумаа нууцаар хамгаалж авч үлдсэн зарим хүмүүсээс гуйн авч задлан шинжилсний үүдэн дээр өөрсдийн гараар нум сумаа хийдэг болсон юм. 

-Нум сум хийх үйлдвэрлэлээ хэрхэн эхлүүлж байсан бэ?

-Миний хувьд уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Анх 2015 онд Есүнхэй мэргэн хэмээх клуб байгуулж түүгээрээ дамжуулан олон залуусыг харваач болгосон. Одоо ч болгосоор байгаа. Ингээд тус клубынхаа дэргэд нум сум хийдэг үйлдвэр байгуулсан юм. 2019 оноос хойш үйлдвэрлэлийн хэмжээнд ирсэн. Өмнө нь 12, 13 настай байхдаа л өөрийнхөө хэрэглэдэг нум сумыг хийчихдэг байлаа. Зарим үед харваачдын захиалсан нумыг захиалгын дагуу ч хийж байсан. Үйлдвэрлэл томрохын хэрээр хийж буй нум сумын тоо, чанар, хийц сайжирсаар л байх болно. Одоо манайх жилд 50 гаруй эвэр нум үйлдвэрлэж байна.

-Үйлдвэрлэлийн технологийн талаар сонирхуулбал?

-Зургаа болон долоодугаар сараас эхлэн шөрмөс, мод зэрэг материалуудаа бэлдэж эхэлнэ. Өвөл 11 дүгээр сараас модоо наах, угсрах болон шөрмөсөө тавьж эврээ наадаг. Энэ  процесс нь 11 дүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилснээр харваачдын гарт хүрнэ. Шөрмөсөө хэдэн үе тавих уу гэдэг нь хүртэл нарийн утга учиртай. Хэрэв зуны цагаар эвэр нумыг хийвэл бат бөх биш, хол харваж чадахааргүй ерөнхийдөө чанарын шаардлага хангахгүй болно гэсэн үг.

Нарийн хэлбэл гичир шар, хамар гээд олон хэсгийг хулсандаа тааруулж наана. Нааж хатаасныхаа дараа эврээ зүснэ. Янгирын эврийг л зүсч нимгэлнэ шүү дээ. Зүссэн эврийг эсгэсэн нуманд тааруулж өвөр талд нь наана. Ингээд хорь орчим хонуулаад шөрмөсийг цавуунд зулж, ард нь наана. Бэлэн болсон нумыг 4-6 сар хатаасны дараа хөвчилж зэхнэ.

-ТҮҮХИЙ ЭД ОЛДОЦ МУУТАЙ БАЙНА ГЭЭД ХОВОР НАНДИН АН АМЬТНЫГ АГНАНА ГЭСЭН ҮГ БИШ-

-Хоёул нум сум хийхэд шаардагдах түүхий эдийн талаар яриагаа үргэлжлүүье. Сая сонсохнээ янгирын эвэр, тасын өд гэх мэт олдоц муутай байж болохуйц сонсогдож байна?

-Мэдээж. Гэхдээ олдоц муутай байна гээд ховор нандин ан амьтныг агнана гэсэн үг биш. Жишээ нь, өвчин эмгэг туссан, байгалийнхаа жамаар хальсан янгирийн эврийг цуглуулж байж хийдэг. Хууль бусаар агнасан янгирийн эвэр хэзээ ч нум болохгүй. Харин жамаараа хальсан янгирийн эвэр нь байгальд олон жил ил хэвтсэнээрээ илүү бат бэх чанарыг олсон байдаг. Харин одоо янгирын эврийг одос үхрийн эврээр орлуулах боломжтой болж байгаа юм билээ. Гэхдээ гаднаас оруулж ирэхэд үнэ ханш нь өндөр байдаг гэх юм билээ. Харин тасын өдний тухайд түүдэг юм даа.

Зааны яс бол бүр олдохгүй. Бугын эвэр их үнэтэй. Тийм болохоор хандгайн эвэр ашигладаг. Хандгайн эврийг Хөвсгөл, Хэнтий рүү захиж авна. Дээр үед том эвэртэй хайнаг, бүдүүн шарын эврийг ашигладаг байсан. Одоо үхрийн эврийн оронд янгирын эврийг зүсч хэрэглэх болсон. Зарим үед хуванцраар орлуулдаг. Ийм булцууг бэлтгэл дасгалын үед л хэрэглэнэ. Тэмцээний үед тохирохгүй. Сур харвааны журамд хуванцар нум ашиглахыг хориглодог билээ. Нум суманд хэрэглэх бургас, хусыг л гэхэд жилийн өмнөөс сүүдэр газар хатаадаг. Сүүдэрт хатсан мод бат бэх болно. Харин наранд хатаавал хэврэгшинэ.

-Ховор нандин түүхий эдээс гадна энэ бүхнийг эвлүүлж наадаг цавуу их чухал биз?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Дээр үед цавууг өөрсдөө буцалгадаг байж.  Цавуу өөрөө их чухал эд л дээ. Гаднаас худалдаж авна гэхээр өртөг ихтэйгээс гадна шаардлага хангахгүй. Хятадын цавуу л гэхэд ер наасан болохгүй. Тийм болохоор өөрсдөө хуучин уламжлалаар нь монгол аргаар цавуугаа хийж байгаа. Үхрийн арьс ширний годыг загасны махтай хольж буцалгана. Ингэхдээ тасралтгүй 72 цаг чанаж жинхэнэ шөрмөс тавих цавуу гаргаж авдаг. Цавуугаа буцалгахдаа огтхон ч хайнга хандаж болохгүй.

-Нум сумын харьцаа гэж харваачид ярьдаг. Ер нь нум сум хийхэд гол нь харьцааг алдагдуулахгүй байх нь чухал уу?

-Нум сумын харьцаа тохирсон байх ёстой. Эрэгтэй хүнд эр сум тааруулна гээд их нарийн л даа. Эрэгтэй, эмэгтэй хүний нум зөөлөн, хатуугаараа ялгаатай. Эмэгтэйчүүд 65 метрээс харвадаг бол эрэгтэйчүүд 75 метрийн зайнаас харвана. Ер нь өндөр, жин, нас, хүйснээсээ хамаараад хэмжээ нь өөр өөр байдаг юм.

-НЭГ НУМ СУМ САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДДАГ-

-Та одоогоор хэчнээн нум хийгээд байгаа вэ. Таны хийсэн нумаар харваж яваа ямар ямар хүмүүс байна?

-Миний нумнуудыг шавь нар маань ихэнхдээ хэрэглэж байгаа. Үүнээс гадна МУ-ын Дархан Мэргэн Х.Оюунчимэг харваж байна. Би өөрөө ч хэрэглэж байгаа. Миний хийсэн нумыг голдуу Халх сурынхан их хэрэглэдэг. Халх сурын дүрэмд нум нь эвэр элэг, шөрмөсөн артай байна гээд заачихсан байдаг болохоор тэр шүү дээ.

 -Үйлдвэрлэлээс гарсан нум сумаа хэдэн төгрөгөөр зарж борлуулдаг вэ. Тогтсон үнэ ханш бий байх?

-Нэг нум сая хүртэлх төгрөгөөр зарагддаг. Харин бэлтгэлийн нум сум өндөр, жин, нас хүйснээсээ хамаараад 150-250 төгрөгийн ханшаар худалдаалагдаж байна.

-Таны хийсэн нум хэр яс чанар сайтай гэж боддог вэ. Хэдэн жилийг “даах” бол?

-15 жилийг бол ардаа үдчихнэ шүү. Хэрэв миний хийсэн нумд эхний удаа эвдрэл гэмтэл гарахад засаж өгч болно.

-Танай үйлдвэр зөвхөн нум сумнаас өөр ямар ямар зүйл хийдэг вэ?     

-Манай үйлдвэр нум сумнаас гадна нум сумны уут буюу хоромсог саадаг, эрхийвч, ханцуйн боолт зэргийг хийдэг. Хоромсог гэдэг нь нумны уут. Харин саадаг гэдэг сумных нь уутыг хэлнэ. Эдгээрийг мөн хийхэд үхэр, адууны маш сайн чанарын ширийг ашигладаг байгаа. Хоромсог саадгийг эрт цагт дайн дажинд явахдаа нум сум хийх уут болгон ашигладаг байсан бол өнөө цагт гоёл чимэглэл, бэлгэдэлийн зориулалтаар ашигладаг болсон. 

-Үйлдвэрлэлийнхээ хувьд цаашид ямар зорилго тавин ажиллах вэ?

-Төрийн наадамд нум сум харвахаар бүртгүүлэх хүмүүсийн тоо жилээс жилд л нэмэгдэж байна. Энэ нь эрэлт ихсэж байна гэсэн үг. Жил бүр 2 мянга орчим хүн төрийн их баяр наадамд сур харвахаар бүртгүүлж байна. Тиймээс аль болох үйлдвэрлэлээ өргөжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Олон ч хүнийг ажлын байраар хангана. Гэхдээ хамгийн гол мартаж болохгүй зүйл нь өв соёл, уламжлалаа алдахгүй байх явдал шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-17 09:16

Сэтгэлтэй сайхан з�##�уу байна даа бизнксээ өргөтгөхийн ерөөл өргөе

Зочин
Зочин
2022-06-17 09:16

Хүүхдүүдэд зориуож сург�##�т давхар хийвэл зүгээр

Зочин
Зочин
2022-06-17 09:37

Өв соёлоо хадг�##�ж түгээн дэлгэрүүлсэн гоё л үйлдвэрлэгч байна

Зочин
Зочин
2022-06-17 09:44

Iim vildwerlegch howor shvv. ilvv tom amjilt hvsii

Зочин
Зочин
2022-06-17 09:45

Өв соёлоо хадг�##�ж түгээн дэлгэрүүлсэн гоё л үйлдвэрлэгч байна

Зочин
Зочин
2022-06-17 09:46

Мундаг з�##�уу байна

Зочин
Зочин
2022-06-17 09:46

Монгол соёлоо түгээн дэлгэрүүлж ирээдүйн үрсүүдэд сайхан үлгэр дуурайл�##� үзүүлж байгаад баярл�##�ааа

Зочин
Зочин
2022-06-17 09:47

Ирээдүйн үрс минь нээрээ л элдэв гадны тоглоомоор бус байгаан сайхан ончихдог нум сумаараа харваж мэддэг байгаасай

Зочин
Зочин
2022-06-17 09:47

Улам илүү түгээн дэлгэрүүлээрэй

Зочин
Зочин
2022-06-17 09:48

mash heregtei buteel bvteedeg mundag zaluuuu bna

Зочин
Зочин
2022-06-17 09:49

Mash ih baharhmaar sanagdaw. Odooo orchin ved howordson bvteel bna

Зочин
Зочин
2022-06-17 09:50

з�##�уу үе минь өв соёлынхоо т�##�аар илүү мэддэг байгаасай мөн зөв ашиглаж сураасай гэж хүсэх юмдааа. Энэ сайхан з�##�ууд илүү ажлын амжилт хүсий

Zochin
Zochin
2022-06-17 11:01

Ett d shahaasaar orion mun uu

Холбоотой мэдээ

Back to top button