Аргентинд 32 жилийн дотор үс засуулах үнэ 19,900 хувиар нэмэгджээ

Буэнос-Айрес хотод үсний салон ажиллуулдаг Рүбен Галанте тэмдэглэлийн дэвтрээ гарган ирж харна. Тэрбээр дэвтэр дээрээ он сар өдөр, үс засалтын үнийг тэмдэглэн үлдээдэг байна.
Гэхдээ үүнээс өөр нэг зүйлийг дэвтрээс харч болно. Тэр зүйл бол үс засах үйлчилгээний үнэ 19,900 хувиар нэмэгдсэн явдал юм. Галанте салоныхоо цонхоор их зүйл харсан. Ерөнхийлөгчид өөрчлөгдөн, эдийн засгийн уналт өсөлт, үнийн хөөргөдөл гээд л бүгдийг нь үзсэн.
Салоны булангийн ширээнд тавьсан жижиг дэвтрээс харвал 1991-ээс 2023 оны хооронд үс засуулах төлбөр 15 песогоос 3,000 песо болж нэмэгджээ.

Тус улс сүүлийн 30 жилийн турш үнэний өсөлттэй тэмцэж ирсэн. Өнөө цагт Аргентины төрийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч Альберто Фернадезын захиргааны дор инфляц хамгийн хурдацтай өссөн байна.
Галантегийн тэмдэглэлээс харвал 2019 оны арван хоёрдугаар сард Фернандез албан тушаалаа хүлээн авсны дараа үс засуулах үнэ 757 орчим хувиар ихэсжээ. Инфляцын талаар Галанте “Reuters” агентлагт хэлэхдээ “Энэ бол маш удаан үргэлжилж байгаа хямрал. Биднийг ядууралд хүргэж байна” гэсэн юм.
Аравдугаар сарын 22-нд болох сонгууль болох тул Аргентины нийгэмд инфляцын асуудал илүү яригдах болов. Тус улсын инфляц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 124 хувь байгаа аж. Энэ нь 1991 оноос хойш үзэгдэж байгаагүй их хэмжээ.
Галанте энэ нөхцөл байдлаас гарах арга замын талаар ярихдаа “Аргентин энэ байдлаас гарч чадна. Тэр нь гэхдээ улс төрийн замаар. Бидэнд байгалийн баялаг бий, мөн сайжруулж болох зөндөө зүйл байгаа. Гэхдээ ямар систем тогтоовол энэ нөхцөл байдлаас гарах тал дээр хүмүүс санал нэгдэж чадахгүй байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.