Намрын сэдвүүдУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Туулах цаг, Тайвшрах цаг

Нэг дүүргийн сонгуульд зэрэгцэн УИХ-д дэвшиж, ахан дүүсийн харилцаагаар улс төрд явж ирсэн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар нэгэндээ албан тушаалаа хүлээлгэн өгөх өдрийг бүтээлцэв. Сонин хачин ч юм шиг мөртөө хамгийн байж болмоор эл хувилбараас тэд хааш хаашаа чиглэн одох вэ.

Туулах цаг

Хувийн сургуульд багшилж байгаад, дүүрэгт анх хуулийн зөвлөхөөр ирж, тийн өгссөөр хоёр удаа УИХ-д сонгогдож, ХЗДХ-ийн сайдаар улиран ажилласан. Богино хугацаанд ийм гялалзсан намтар бүтээж яваа Х.Нямбаатар Хотын дарга боллоо. Ингэхдээ тэр УИХ-ын гишүүний суудлаа, сайдын албан тушаалаа давхар өглөө.

Нэмээд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлав. Энэ нь нэг талаараа хот руу төвлөрч, улайрч ажиллана гэдгээ зарласан мессеж гэлтэй. Нөгөө талаараа УИХ-ын сонгуулиас орон нутгийн сонгууль хүртэлх дөрвөн сарыг ашиглах гэсэн санааг давхар агуулав.

"Орон нутгийн сонгууль хүртэл ажиллана" гэж зарласнаараа тэр Нийслэлийн МАН-ын сонгуулийн өнгө төрхийг тодорхойлон ажиллахаа давхар илэрхийлэв. Монгол Улсын хүн амын 1.7 сая нь түчигнэн амьдардаг, бие даасан төсөв баталж, зарцуулах эрхээ эдэлдэг улс доторх улс шиг бүтэц бол Улаанбаатар.

Х.Нямбаатарыг нэг харахад, төрийн өндөр дээд эрх мэдлүүдээсээ түдгэлзэж, саарал ордноос Хангарди руу шилжчихэж байгаа нь бууралт мэт. Нөгөө талаар улсынхаа хамгийн том бүтцийг даргалдаг, Ерөнхий сайдтайгаа зэрэгцэх эрх мэдэлтэн болчхож буй хэлбэр юм.

Хотын дарга нь Засгийн газрын танхимын тэргүүнтэйгээ харилцаа муу бол ажил нь ерөөсөө явдаггүй. Засгийн газар нь Ерөнхийлөгчтэйгөө эвээ олохгүй бол аттакт ороод салдаггүй. Энэ бол манай инститүц хоорондын зовлон юм. Одоогийн сайн тал нь тэгэхээр эсрэгээрээ хотын дарга нь Засгийн газрын тэргүүнтэйгээ эв санаа нэгтэй ажиллах боломж бүрдэж байна.

Ингээд Х.Нямбаатарын "Сонгуульд нэр дэвшихгүй" гэж зарлаж байгаад, хотын их ажил руу орох циклт багахан хугацаа эхэлж байна. Тэр одоо зөвхөн туулна. Урагшаа л явах гэж байдгаараа зүтгэх юм.

Тайвшрах цаг

Харин Хотын даргын суудлаасаа бууж буй Д.Сумъяабазарын хувьд тайвшрах цаг нь эхэллээ. Тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, хотын мээрээр очсон. Тэгэхээр эдүгээ ... дугаар хорооны иргэний хэмжээнд төрийн ажлаас бүрэн чөлөөлөгдөж байгаа юм.

Тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлаа нам дотроо хадгалж үлдэх тохироонд хүрсэн гэгдэж буй. Ажлаа өгөх үеэрээ мэдээлэл хийхдээ "Нийслэлийн МАН-ын хороогоо би өөрөө удирдана" гэж мэдэгдсэн билээ.

УИХ-ын 2012 оны сонгуулиар анх нэр дэвшиж, улмаар 2013 онд гишүүний тангарагаа өргөж байсан тэрбээр ирэх сонгуулиар өрсөлдөх эсэх асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

Д.Сумъяабазарын хувьд хотын даргаар ажиллах хугацаандаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж, хотыг бие даасан төсвийн эрх мэдэл хэрэгжүүлэх хэмжээг илүү томсгож өгсөн. Улмаар Хотын бонд гаргах асуудлыг эмхлэхийн өмнөх шат дээр ажлаа өгч буй нь анхаарал татаж байгаа.

Угийн аж ахуйч хүнийхээ хувиар тэрбээр хот тухайлсан орд эзэмшиж, түүгээрээ хөрөнгө оруулалт татах асуудал руу хүртэл орсон. LRT зэрэг олны шүүмжлэл хүлээсэн төслүүд эхлүүлж, хот даяараа үерт автсан хүнд өдрүүдэд багаа ахлан ажиллав. Эдүгээ түүний төрийн ажлаас хөндийрч, тайвшрах цаг эхэлж байна.

Тэрбээр ямар нэгэн албан тушаалд очих саналыг Ерөнхий сайдад тулгаагүй. Ногоон автобусны асуудал шалгагдах хугацаанд төрийн аливаа томилгоо руу орохгүй гэсэн чигтэй байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-13 11:41

сумъяа ага та 2024 оны сонгуульд заав�##� өрсөлдөөрэй.таныг дэмжиж байгаа шүү.багаар нь сонгоно шүү

Зочин
Зочин
2023-10-14 07:42
Reply to  Зочин

Хуцваа! У/т ын давцан шунаг мунгуудын шигдэх газар биш!

Зочин
Зочин
2023-10-14 07:39

Энэ их томилгооны цаана яамар хор найрагдаж яааж МОНГОЛООР тоголцгоох гэж байгаа бол МАН!!!

Холбоотой мэдээ

Back to top button