Залуусын хандлага: Эрчүүдээс л түрүүлж материаллаг бэлэг хүлээх нь туйлшрал
"Валентины баяр боллоо. Хайртай бүсгүйдээ өгөх бэлгээ бэлдсэн үү" гэдэг үг магадгүй ихэнх эрчүүдийн толгойн өвчин болно.
Угтаа залуус баяр болгоноор найз охиндоо, эхнэртээ, ээждээ бэлэг бэлдэх нь тэдний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй талаар энэ удаад хөндөхийг зорилоо.
Өөрөөр хэлбэл, валентин бол хосуудын баяр. Гэвч заавал эмэгтэйчүүд эрчүүдээс бэлэг хүлээдэг, эрчүүд л бэлдэх ёстой юм шиг санадаг хандлагад залуус ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Эмэгтэйчүүд нийгмийн сүлжээ ба материаллаг ертөнцөд уусан шингэхүй-
Утга зохиол судлалын оюутан Л.Цэцэг
"Цахим орчин биднийг эд материалд суурилсан сэтгэлгээтэй болоход нөлөөлж байна уу?" гэх асуулт сүүлийн үед ихээр бодогдох болсон. Хариулт нь мэдээж тодорхой. Материализм бидний оюун санаа, тэр тусмаа залуусын сэтгэцийн эрүүл мэндэд асар их нөлөөлж байна.
Анх Инстаграмд татагдах болсон шалтгаан минь маш энгийн. Стрессгүй эерэг орчин, урам зориг авах, хүсэл тэмүүллээр дүүрэн хүмүүс, нэмээд нүд баясгах таатай газар. Ялангуяа манай миллениал үеийнхэн болон “Z” үеийнхэн тунчиг идэвхтэй. Авууштай сайхан зүйл олон байдаг. Жишээ нь "Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллож бикини моделиуд шиг болж болох нь ээ" гэсэн бодол төрж эхэлсэн. За нэмээд IG TV үзээд үнэгүй нүүр будалтын онлайн курст хамрагдчихаж байгаа юм. Цаашлаад BBC News үзээд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн асуудлаар олон талын мэдлэг авч эхэлсэн. Инстаграмын ачаар хувь хүний хөгжилдөө туйлын анхаарч, тэнцвэртэй хооллож, эрүүл амьдралын хэв маяг болох талаар сурч, хэрэгжүүлж л явна даа.
Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн мэдэлгүй дотроосоо идэгдэж буйгаа ойлгосон. Сэтгэл, сүнс, махбод маань тайван бус, улам л эго төвтэй, олон зүйлийн араас хөөцөлдөж гүйгээд л. Зүрхний бялахлаар ам ярьдаг гэдэг шиг хүн юу харж, сонсож байна түүн шигээ л болдог. Жишээ нь миний хувьд онлайн дэлгүүр их хэсэж хэрэгцээнээсээ давсан өндөр хэрэглээтэй болж, стори хийхгүй бол стресстэйд ч байгаа юм шиг, ер нь аяллаар явахгүй бол нойр ч хүрэхээ больсон үе ч бий. Юу хэлэх гээд байна вэ гэхээр та хэн ч бай шууд, шууд бусаар материалист сэтгэхүйтэй болоход дадаж байна. Эргээд материализм нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулж байна.
-Баяр болгоныг эмэгтэй хүнтэй уялдуулж байгаа нь бидний алдаа-
Хуульч Л.Анхилуун
Миний хувьд төрсөн өдөр, валентин, мартын-8 зэрэг баяраар аль болох сэтгэл шингээсэн бэлэг авахыг илүүд үздэг.
Бидний нэг том алдаа бол баяр болгоноор эмэгтэйчүүддээ л бэлэг бэлдээд байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээгээр эмэгтэйчүүд найз залуу, нөхрийнхөө өгсөн iPhone 15, том баглаа цэцэг, брэндийн гутал, цүнх зэрэг бэлгийг хуваалцаж байгаа нь бусад эмэгтэйчүүдэд асар их нөлөөлж байна.
Үүнээс болоод охид эмэгтэйчүүд хэн нэгнээс автоматаар бэлэг хүлээж байгаа юм шиг санагддаг. Ерөнхийдөө бол гэгээн хайрын баярын өдрөөр эмэгтэйчүүд нь түрүүлж шоколад өгдөг шүү дээ. Гэтэл энэ нь манайд эсрэгээрээ эрэгтэйчүүд нь түрүүлж бэлэг өгөх жишээтэй.
Энэ мэтчилэн бэлэг гэдэг зүйлийг зөвхөн эмэгтэй хүнээр төсөөлөөд байдаг нь хэт туйлширсан үзэл юм болов уу даа.
Бариста О.Халиунаа
Ямар ч баяр дээр жендерийн ялгаа гаргахыг хүсдэггүй. Ер нь бол тухайн хүн таалагдаж л байгаа бол баяр ч гэлтгүй энгийн өдрүүдэд хүртэл нэгэндээ бэлэг өгч болно шүү дээ. Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд материаллаг зүйлст их дуртай болохоос гадна хүнээс их зүйл хүлээдэг, хүсдэг зэрэг талууд их анзаарагддаг. Миний хувьд ч гэсэн энэ асуудал тохиолддог.
Миний хувьд яагаад ч юм баярын өдрөөр хэн нэгнээс бэлэг хүлээгээд байдаг. Гэхдээ материаллаг гэхээс илүүтэй өөрөө сэтгэлээ шингээж ил захидал бичдэг ч юм уу эсвэл зүгээр байгаа нөхцөл байдалдаа тааруулсан жижигхэн шоколад ч байж болно шүү дээ. Тийм бэлэг надад хамгийн үнэ цэнтэй.
CU сүлжээ дэлгүүрийн ажилтан Д.Анхболд
Нийгэмд тогтсон хандлага байгаад байдаг. Тэр нь юу вэ гэхээр "Эрэгтэй нь заавал болзохдоо бүх зүйлээ даах ёстой, баяр болгоноор бэлэг бэлдэх ёстой" гэх мэтчилэн олон хүчин зүйл нөлөөлсөөр ирсэн.
Манай байгууллагын тухайд залуучууд төвтэй. Тэдэнтэй ярилцаж байх явцад энэ сэдэв ч яригдаж л байдаг. Тэдний хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс болзохдоо бүх төлбөр тооцоогоо адилхан л гаргадаг болсон талаараа ярьж байсан. Ялангуяа Валентины талаар ярьж байхад манайд ажилладаг залуу "Би найз охинтойгоо ярилцаж байгаад хоёулаа ижил тэгш бэлэг хуваалцахаар тохиролцсон. Энэ нь бид хоёрын хувьд хэн нэгэн нь илүү бэлэг авахгүй эрх тэгш байдлыг илүүд үзэж байгаагийн нэг хэлбэр" гэж ярьж байгаа нь их сайхан сэтгэгдэл төрүүлж байсан.
Бүр дээр үеэс л эрэгтэй нь илүү бие бялдар сайтай, ан гөрөө хийдэг байсан. Харин эмэгтэй нь бие бялдрын хүч муутай, байгалиасаа хүүхэд төрүүлэх биологийн хүчин зүйлтэй байсан учраас эрэгтэй нь их хөдөлмөрлөж эмэгтэйгээ тэжээж, тэтгэх шаардлага гарч ирдэг. Үүнээс эхлээд л он цагийн хэлхээнд одоо байгаа нөхцөл байдал үүссэн юм болов уу.
Эмэгтэй хүн бүр өөрийн үнэт зүйлтэй байдаг. Тэдний үнэт зүйлээр юунд дуртай вэ гэдгийг нь тодорхойлох боломжтой. Ихэнх эмэгтэй цэцэгт дуртай. Гэхдээ материаллаг эмэгтэйчүүд цэцэгт ач холбогдол өгдөггүй. Тэд цэцгийн оронд амьдралд хэрэгтэй зүйл өгсөн нь дээр гэж үздэг. Энэ төрлийн эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл багатай, баярласан гэдгээ төдийлөн илэрхийлэхгүй үе ч байна. Тэдний ийм байдалд эрчүүд гомддог.
Иймд бүгд тэгш эрхтэй байх ёстой. Эрэгтэй хүн ч гэсэн хайрлагдаж, энхрийлэгдэхийг хүсдэг. Эмэгтэй хүний хүсдэг зүйлийг бид ч гэсэн хүсэж мөрөөддөг. Цаашдаа энэ хандлага илүү хүйсийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн тийм эрүүл нийгэм байгаасай л гэж хүсдэг.
-Оддыг дуурайж, сошиал дагаж ханардаг байдлын эсрэг байр суурьтай байна-
Залуу сэтгүүлчдийн төлөөлөл Э.Үүрийнцолмон
Тэрбээр "Дийлэнх эмэгтэйчүүд баяраар бэлэг авах, өөрийгөө өргөмжлүүлэх хүсэл сонирхолтой байдаг шиг санагддаг. Зөвхөн Валентин ч гэлтгүй Мартын-8, шинэ жил зэрэг бусад тэмдэглэлт баяраар хосоосоо бэлэг хүсдэг, ил далд байдлаар мессеж өгдөг. Тэр нь хосуудын харилцаанд ахиц авч ирдэг байж болох юм. Гэхдээ материаллаг зүйлд дуртай, хийсгэлэн хүнээс ийм хандлага гардаг юм болов уу гэж би хувьдаа гайхдаг. Оддыг дуурайж, сошиал дагаж ханардаг байдлын эсрэг байр суурьтай байна.
Эмэгтэй хүн материаллаг зүйлийг өөрөө авчих хэмжээний биш, тэр хэмжээнд хөдөлмөрлөхгүй, бүхнийг бэлэнчилж амар хялбараар амьдрах хүсэлтэй байж болохгүй. Бие даагаагүй, төлөвшөөгүй байгаагийн илрэл гэж ойлгогдоно. Энэ бол гэр бүл зохиож, хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа хүмүүст хэлж буй зүйл биш юм шүү. Гэлээ гээд гэртээ сууж байгаа нэрээр давуу эрх эдлэх хэрэгтэй ч гэх гэсэнгүй.
Хосууд анхнаасаа л хүйсийн тэнцвэртэй байдлыг баланслаад сурчих хэрэгтэй. Өөрийгөө давуу эрхтэй гэх бодлоосоо салга. Ингэж чаддаггүй бол чаддаг болохын тулд хичээх, тэвчих чухал байх.
Зарим охид торт, зайрмаг, резинэн чихрийн зураг шэйр хийж, сториддог. Ингэхийн оронд өөртөө зориулаад хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авч идэж яагаад болохгүй юм. Аль эсвэл өөрийн гараараа хийгээд идэж болно. Бас төрсөн өдрөөрөө хүнээс бэлэг горьддог, нижгэр тэмдэглэж, хэн нэгнийг уриад байдгийг би ойлгож чаддаггүй. “Хүн хэдэн жилийн өмнөх тэр өдрөө төрөө л биз дээ... Тэгээд юу гэж вэ?” гэж бодогддог.
Хэрвээ төрсөн өдрөөр тань хэн нэгэн тантай хамт байгаа бол түүнийг эвгүй байдалд оруулахгүй, санхүүгийн дарамт учруулахгүй байхдаа анхаарах хэрэгтэй.
-Монголчуудын уламжилж ирсэн үзэл санаагаар эрэгтэйчүүд нь бэлэг өгч, эмэгтэйчүүд нь бэлэг авдаг дадал зуршил суусан-
Таван Богд Холдингс ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Намуундарь
Цаанаасаа л эмэгтэй хүний байгалийн өгөгдөл нь эрэгтэй хүнийг бодвол илүү сул дорой байхаар байгалиасаа өгөгдсөн байдаг. Гэхдээ заавал бэлэг авах ёстой юм шиг, эсвэл эр нөхөр нь өгөх ёстой юм шиг бодох нь хэтэрхий өрөөсгөл үзэл юм. Эрэгтэй хүн ч гэсэн өөрөө өөрийнхөө хувьд өөрийгөө хайрладаг, өөрийгөө нандигнадаг бодгаль учраас баярлах, аз жаргалтай байхыг хүсдэг. Монголчуудын уламжилж ирсэн үзэл санаагаар эр хүнийг гүндүүгүй, уул шиг, сэтгэл хөтлөлгүй байхыг шаарддаг. Энэ нь ч эрэгтэйчүүдийн дунд бид бүхнийг авч явах, зохицуулах, хийх ёстой мэтээр ойлголтыг төрүүлсээр ирсэн. Тиймдээ ч өдийг хүртэл эрэгтэйчүүд нь бэлэг өгч, эмэгтэйчүүд нь бэлэг авдаг дадал зуршил суусан байх.
Миний хувьд баярын өдрүүдээр яг өнөөгийн нөхцөл байдалд хэн нэгнээс бэлэг хүлээх гэхээс илүүтэйгээр бүхий л зүйлийг тоохгүй, аливаа зүйлийг хүлээхгүй, өөрөө өөртөө амар тайван байхыг эрмэлзэх болсон. Харин өсвөр насан дээрээ үнэгүй зүйлийг өөртөө авах нь тааламжтай санагдаж, илүү их авах тусам зөв гэж боддог байсан боловч дараа нь тухайн хүн ямар нэгэн бэлэг өгөхгүй бол илүү урам хугарсан, гунигтай мэдрэмжийг авдаг байсан. Эцэст нь хэлэхэд эрэгтэй эсвэл эмэгтэй эсэхээс үл хамааран хэн нэгнээс ямар нэг зүйл хүсэхгүй байх нь сэтгэл санаа, оюун бодлын хувьд амар тайван, эрх чөлөөтэй байх боломжийг олгодог.
-Эмэгтэй хүнд өгөх бэлэг заавал материаллаг байх албагүй-
Сэтгэл судлаач Б.Анир
Намайг төрсөн цагаас хойш эргэн тойронд минь эмэгтэйчүүд нь бэлэг авдаг, эрэгтэйчүүд нь бэлэг өгдөг зуршил хэдийн суучихсан байсан. Тийм учраас би үүнийг хэвийн үзэгдэл гэж л боддог байсан. Гэвч том болох тусам энэ нь надад хэтэрхий нэг талыг барьсан, хүйсийн эрх тэгш байдлыг хөндсөн асуудал мэт санагдаж эхэлсэн. Учир нь эмэгтэй хүн нийгмийн сүлжээгээр хэн нэгнээс авсан бэлгээ нийтэлж оруулах нь бусад эмэгтэйчүүддээ бэлэг авах хүлээлтийг илүү ихээр өдөөж байдаг юм шиг.
Нэгэн жишээ дурдахад "Манай эхнэрийн фейсбүүк найз нөхрөөсөө брэндийн цүнх авснаа сторидоо хийсэн байсан. Энэ тохиолдолд эмэгтэй хүн "Би ч гэсэн гоё цүнхтэй болмоор байна" гэсэн бодлыг дотроо тээж явдаг юм билээ. Тэгээд л цахим хуудсаараа элдэв зүйл шэйр хийж, сэтгэлээ бага ч гэсэн тайтгаруулахыг хичээдэг" гэж хэлж байхыг сонссон.
Миний хувьд баяр болгоноор эмэгтэй хүнд бэлэг өгөх нь эрчүүдийн хувьд санхүү болон сэтгэл зүйн хувьд дарамттай санагддаг. Тиймээс баяр болгоныг заавал тэмдэглэхгүйгээр өнгөрүүлдэг байх нь одоо үед бие биеэ хүндэтгэж буй нэг хэлбэр байж болох юм.
Сүүлд нь хэлэхэд бэлэг заавал материаллаг байх албагүй. Гоё хоол хийж өгөх, хамт салхинд гарахыг бүсгүй нь хүсэж байгаа бол хамгийн том бэлэг болж ч чадна. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг утгаар нь сарнай цэцэг өгвөл сэтгэлд нь ихэд нийцтэй. Хайртай эмэгтэйнхээ сэтгэлд хүртэл харилцаж чаддаггүй, хайрлаж халамжилдаггүй бол хэчнээн үнэтэй, эд материаллаг бэлэг өгсөн ч сэтгэлд нь хүрэхгүй. Ямар ч хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн бэлэг байдаг. Магадгүй тэр нь үнсэлт, хайраар дүүрэн харц ч байж болно. Эсвэл өөрийнх нь авахыг маш ихээр хүссэн бэлгийг өгч болно. Бэлэг гэдэг бол хязгааргүй. Хамгийн үнэтэй булган шуб бэлэглэсэн ч эмэгтэй хүн сэтгэлийн ханамж авахгүй байж магадгүй шүү дээ. Хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн хайр халамж, бусад нь бол дагалдах хүчин зүйл гэж ойлгож болно. Хайртай хүндээ хайрлуулж буйгаа мэдрэх л хамгийн том бэлэг болж чаддаг гэж боддог доо" гэж ярилаа.
Хосуудын хайр сэтгэл дөнгөж танилцахаасаа эхлээд гэр бүл болж, улмаар үр хүүхэдтэй болж, амьдрал нь тэгшрэх хүртэл хэд хэдэн үе шатыг туулдаг. Ингэхдээ эрчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол дөнгөж танилцангуутаа үнэтэй бэлэг өгөх замаар бүсгүйнхээ хайрыг татах гэж оролддог явдал.
Ингэснээрээ нөгөө бүсгүйнхээ хүний мөс чанар, дотоод сэтгэлийг, өөрт нь үнэхээр хайртай эсэхийг таньж амжилгүйгээр шууд л хайр дурлалын гүнзгий харилцаанд орчихдог талтай. Үр дүнд нь гэр бүл салалт, хүүхэд өнчрөх үзэгдэл гардгийг үгүйсгэхгүй.
Тиймээс эрчүүдэд хандаж, дурласан эмэгтэйгээ хэн гэдгийг нь сайн таньж амжилгүйгээр үнэтэй бэлэг сэлт өгөх үү, яах уу гэдгээ бодож үздэг байхад буруудахгүй шүү гэж хэлмээр санагдав.
Эцэст нь Хэтуэйгийн хэлсэн “Цаг үе өөр болж, эд хөрөнгийг илүүд үздэг эмэгтэйчүүд олширсон нь үнэн хэдий ч зарим эмэгтэйчүүдийн мөн чанар, амьдралд хандах хандлага нь залуу таны эмээ, ээж нарын үеийнх шиг яг хэвээрээ байгаа шүү” гэдэг үгийг сануулъя.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингээд яг тулахаар бүгд ухаантай ухаантай яг энэ нийгэмд бугшаад тэнэгэрсэн зүйлсийг сүрхий буруушаах юм. Тэгээд нөгөө т�##�д тэнэгэрэлүүд улам газар авч улам л Тэнэг болсоор байх юм. Ямар учир зүй байна?
ug bayar utga uchir n em n erdeee shokolad ogoh tegeel bolooo
Мөнхийн хайр гэж байхгүй мөнхийн эрх ашиг гэж бий
Үхсэн хатсаны в�##�ентин бэ , гадны юм хэнд хамаатай юм
Хамгийн сайхан бэлэг бол хайр х�##�амж юм. Бие биедээ тийм байхад баяр энэ тэр гэж бусадтай барьцаж, ямар нэгэн эд зүйлс заав�##� өгөх авах гэсэн санаа төрөхгүй дээ бараг л. Хамтдаа баяраа баяр хөөртэй, дурсамжтай тэмдэглэхэд л болоо...