Top StoriesНийгмийнНийгэм мэдээ

Хөх сүрэг төсөлд хөрөнгө оруулагчид "Мал ч үгүй, мөнгө ч үгүй" гурван жилийн нүүрийг үзэж байна

Чаа гэх ямаагүй туу гэх ч нохойгүй хотынхон бүгд л “мянгат малчин” болох уг төслийг орон даяар хувийн компани 2021 онд 11 дүгээр сард сүр дуулиантайгаар эхлүүлсэн. Уг төсөл койн шиг нийгмийн сүлжээнд эрчээ авч  малжуулах төсөлд нь итгэсэн монголчууд аль хэдийн тэднийг мөнгөөр "угжаад" гурван жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд төсөлд хөрөнгө оруулсан иргэд малтай болсон ч юм байхгүй, холбогдох эзэд ч байхгүй фейсбүүкт хохирсон групп нээж түүндээ хүлэгдсэн хүмүүс л болж хувирчээ.

-Хөх сүрэг төсөл анх ингэж эхэлсэн-

"Хөх Үүр” компанийн захирал Г.Чойжамц болон түүний найз Г.Сайнбилэг нарын үүсгэн байгуулсан “Хөх Сүрэг”  төсөл анх 2021 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Энэхүү төсөл нь анх гарч ирэхдээ олон нийтийн анхаарлыг ихээр татсан нэг зүйл нь мал худалдаж аваад хэсэг хугацааны дараа хоёр үржүүлж авах тохиолдол байсан юм. Нэг талаараа өнгөрсөн жилүүдэд манайд олон төрлийн койнууд гарч иргэд ихээр мөнгөө оруулж өсгөж авдагтай адил процессын дагуу явдаг төсөл юм. “Хөх Сүрэг” бол койнтой ижлээр хөрөнгө оруулалт татаж мал өсгөхөөр олон нийтэд сурталчилгаагаа хийсэн. Өөрөөр хэлбэл тухайн "Хөх Сүрэг" компанитай гэрээ байгуулж хөрөнгө оруулан мал эзэмшээд, тухайн компаниар малаа өсгүүлж жил бүр малынхаа өгөөжөөс хүртэнэ гэж ойлгож болно. Тус компани хөрөнгө оруулагч хоорондын гэрээнд иргэд тухайн компанитай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж жил бүр өгөөж хүртсээр үндсэн малаа өсгөж авах төсөл юм.

Төслийг анх гарч ирэх үед олны танил эрхмүүдээс МУГЖ Г.Урнаа, МУГЖ Б.Жаргалсайхан болон "Positive Mongolians"-ийн Э.Дөлгөөн, Б.Түвшинбаяр нар олон нийтийг уриалж итгэл үнэмшил өгч байсан байсан удаатай. Ингэж сүр дуулиантай гарч ирсэн "Хөх сүрэг" төсөл хэрэгжиж эхлээд нэг сар ч хүрэхгүй хугацаанд нормоо аль хэдийн давуулчхаад “Одоо захиалга авахгүй” гээд сэтгэл ханасан байдалтай гэдийж эхэлсэн гэдэг. Мөн эх сурвалжуудаас сонсоход тухайн үед иргэд багадаа л гурван сая төгрөгөөр мал худалдан авчээ.

Гэвч мөнгө авсан иргэдээ буцаагаад малжуулна гэсэн Хөх сүрэг төсөл сураг алдарч, сүүлийн нэг жилийн хугацаанд төслийн хохирогчид гэрээний дагуу таван жилийн хугацаандаа хүлэгдэн фейсбүүк групп нээжээ. Тухайлбал, тус групп нь 11.7 мянган гишүүнтэй “Хөх сүрэг бүх нийтийг малжуулах төслийн захиалагчид” хаалттай группийн нэгэн гишүүн 3.5 саяар мал худалдан авсан байна. Үүнээс гурван сая төгрөгт адуу, 500 мянган төгрөгт хонь захиалсан байгаа юм. Мөн түүнтэй адил 1300 хүн их, бага хэмжээгээр мал худалдан авсныг эл группийн мэдээллээс харж болно.

Ийн бид тус төслийн хохирогч болсон хэд хэдэн иргэнтэй холбогдож, төслийн талаар тодрууллаа.

-Дотоод санхүүгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчийн хувьд аудитын шалгалт оруулахыг хүсэж байна-

"Хөх сүрэг" төслийн анхны захиалагч М.Энхзаяа

-Би энэ төслийн хамгийн анхны /2021.11.11/ хөрөнгө оруулагчдын нэг. Одоогоор өгөөжийнхөө 50 хувийг авсан. Үлдэгдлээ хүлээж байна. Энэ байдлаараа удаан явах юм бол дампуурахыг үгүйсгэхгүй. Иргэд өөрсдөө нэхэл дагуул болж байж л өгөө авахгүй бол цаад тал нь тэр чигт нь орхиод байгаа сурагтай байсан.

Хэрэв төсөл дундаасаа хэцүүдсэн бол тооцоо судалгаагаа буруу хийсэн бол эртхэн төслийг татан буулгаж, хохирлоо барагдуулах хэрэгтэй шүү дээ. Цаашлаад эднийд их олон асуудал байна. Нэгдүгээрт байгалийн хүчин зүйлс, хоёрдугаарт хүний нөөц, санхүүгийн асуудал зэрэг үүссэн байж магадгүй л юм. Дотоод санхүүгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчийн хувьд аудитын шалгалт оруулахыг хүсэж байгаа.

-Таны хувьд 50 хувиа аваагүй гэсэн шүү дээ. Хэрэв авч чадахгүй бол хэчнээн төгрөгийн хохирол амсахаар байгаа вэ?

-Жилд 1 сая 80 мянган төгрөгийн өгөөж гэж тооцдог. Тэгэхээр миний хувьд 500 гаруй мянган төгрөгийн өгөөж аваагүй байна. Удахгүй өгөөж тараагдана гээд л хүлээж байна даа.

“Хөх сүрэг” бүх нийтийг малжуулах төсөл аппликейшн захиалга нэг л ёозгүй урагшгүй явагдаад байгааг захирал нь энэ олон гомдлын дараа анхаармаар юм даа. Монголчууд бид хүлцэнгүй тэвчээртэй бас хойрго бас тэнэг тулдаа л өдийг хүртэл хэл ам хийлгүй болох байлгүй дээ гэж налайж суусаар өөрсдийгөө хохироож байна. Хэрэв бид эсрэгээрээ хэн нэгэн хуулийн этгээдийн өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй бол аль хэдийн алданги тооцоод хариуцлагад унасан байгаа шүү дээ.


Хөх сүрэг төслийн хохирогч Б.Тамир: Манай гэр бүл анх фейсбүүкээс мэдээлэл хараад итгэл төрөөд аппликейшнд орж байсан. Анх ороход 5 сая төгрөгөөр 5 үхэр авч байсан. Худалдаж авсан үхрээ таван жилийн дараа 10 болгон эргүүлж авах гэрээ хийж байсан юм. Энэ дөрвөн жилийн хугацаанд тухайн малынхаа сүү, цагаан идээг жилд нэг удаа өгөөж гэж авна гэж хэлж байсан л даа.  Гэтэл одоог хүртэл өгөөжөө аваагүй л явна. Бид ч холбоо бариагүй, цаанаас ч холбоо тогтоогүй зүгээр л хэдэн луйварчинд мөнгөө завшуулсан даа. Одоо бол мөнгө ч үгүй, мал ч үгүй бараг мартагдсан зүйл болж дээ.

Энэ төслийг цэвэр залилан гэдгийг их олон хүнд хэлсэн. Гэхдээ тэд итгэл тээж ороод л ямар ч өгөөжгүй одоог хүртэл хүлээсээр л байгаа. Ямар ч холбоо сүлбээгүй, буруу төлөвлөгөөтэй анхнаасаа хол явахгүй төсөл байсан юм билээ.

Тэгвэл Хөх Сүрэг төслийн үүсгэн байгуулагч Г.Чойжамц гэж чухам хэн бэ?

Г.Чойжамц нь Булган аймгийн сайхан сумын залуу. Түүний хувьд "Хөх-Үүр Тур" компани "Хөх-үүр айраг зоог" үндэсний хэмжээний идээ зоог айраг цагаан идээтэй рестораныг мөн үүсгэн байгуулсан нэгэн юм.

Түүний "Хөх сүрэг" төсөл хүмүүсийн итгэлийг алдаад удаагүй байхад өнгөрсөн хавар "Ногоон тэжээл" захиалгат хөтөлбөрийг эхлүүлж азтантай сугалаа хүртэл зохиогоод амжжээ.

Ингээд бид уг төслийн ажлын хамт олонтой холбогдох гэж хэдэн арван дугаар руу залгасан боловч дараах хоёр өгүүлбэрээс өөр хариулт хэлсэнгүй.

Төслийг санаачлагч “Хөх сүрэг”-ийн ажилтнаас хэрхэн малтай болох, түүнийгээ яаж өмчлөх, хэн хариулж маллах тухай үйлчлүүлэгчийн хувиар асуухад “Төслийн захиалга дууссан. Хэсэгтээ ажиллахгүй зогсоосон. Аппликейшн хаалттай байгаа, гүйцэтгэгч компанитай гэрээгээ цуцалсан. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн л хариултыг бидэнд өглөө.

Төслийн хохирогчид гэрээний хугацаа нь хараахан дуусаагүй байгаа гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа бөгөөд уг төслийн үүсгэн байгуулагч болон холбогдох ажилчдаас нэгдсэн тайлбар хийхийг нь хүлээж хоног тоолон сууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-15 08:21

Genen ym hna ter M#l tsugluulsan bol

Зочин
Зочин
2024-10-15 08:44

ХОХЬ ЧИНЬ МАЛНУУДАА ИЙМ ҮЛГЭРТ ИТГЭЖ Л БАЙДАГ МАЛ БАЙТУГАЙ АЯТАЙХАН САЛААВЧ Ч ҮГҮЙ САЛМОЙ ЯМАР ГОЁ ХУЛХИДАА ВЭ? МЯНГАТ БОЛНО ААН ИНГЭЭД МЯНГАТ БОЛООРОЙ ХА ХА ХӨХ СҮРЭГ ГЭНЭ ШҮҮ

Зочин
Зочин
2024-10-15 15:05

11.7 мянган хүн тус бүр мөнгө өгсөн юм уу

Зочин
Зочин
2024-10-15 15:24

Тэнэг, за лхуу,шунахай монголчуудын хохь гэхээс өөр юу гэх вэ ? Ма лыг хүн өөрөө "а лагаараа харж,араваар аа барьж" байж өсгөж үржүүлдэгийг мэдэхгүй, зүгээр суугаад баяжчих гэсэн шуна лтнууд хэнд ч гомдох эрх гүй !
Харин Чойжамц,Сайнбилэг хоёрыг Женкогийн хүний нөөц гэж ойлгомоор....

Холбоотой мэдээ

Back to top button