Нэг боодол өвс 7-15 мянган төгрөгийн үнэтэй байна
Хүйтний эрч чангарсан энэ үеэр холбоотойгоор малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, малын өвс, тэжээлийн эрэлд гардаг. Тэгвэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 02-ны байдлаар өвс, тэжээл ямар ханштай байгаа талаар мэдээлэл бэлтгэхээр дөрвөн аймгийн худалдаа эрхлэгчтэй холбогдлоо. Ингэхэд,
- Увс аймагт бэдтэй ногоон өвс нэг боодол нь -15 мянга
- Төв аймагт нарийн ногоон тэжээл нэг боодол нь - 13 мянга
- Дорнод аймагт нарийн ногоон тэжээл нэг боодол нь - 12 мянга
- Сэлэнгэ аймагт нарийн ногоон тэжээл нэг боодол нь - 7 мянган төгрөгийн үнэтэй байна хэмээв.
Өвс, тэжээлийн үнэ ханшийн талаар ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 төвийн хамгийн сүүлийн мэдээллээр,
- Хивэг 25 кг нь 16.5 мянга, 1 тонн нь 660 мянган төгрөг,
- Хорголжин тэжээл 40 кг нь 29.5 мянга, 1 тонн нь 737 мянган төгрөг,
- Ногоон өвс нэг боодол нь 8 мянга,
- Будаа 50 кг нь 50 мянга
- Улаанбуудай 50кг нь 40 мянга
- Тэжээлийн будаа 40 кг нь 30 мянга
- Алтантариа хивэг 25 кг нь 18 мянга
- Орос овьёос 40 кг нь 50 мянга
- Монгол овьёос 40 кг нь 35 мянган төгрөгийн үнэтэй байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны есдүгээр сарын байдлаар 8.1 сая толгой мал малын зүй бусаар хорогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2 сая буюу хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,
- Хонь 4.4 сая,
- Ямаа 2.6 сая,
- Үхэр 701.6 мянга,
- Адуу 459.8 мянга,
- Тэмээ 5.9 мянган толгой мал тус тус хорогдсон байна.
Тухайлбал нийт хорогдсон малын 53.8 хувийг хонь, 31.9 хувийг ямаа эзэлж байна. Малын хорогдлын шалтгааныг тодруулбал,
- Нийт малын 0.3 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг бусад шалтгаанаар
- 99.6 хувь нь аюулт үзэгдлээр,
- 0.1 хувь нь өвчнөөр хорогджээ.
Иймд малчид зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлж, өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлээ, малын дулаан байраа зэхэхийг уриалж байна.
2024 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 02-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 04-нд Увс нуурын хотгороор, 05-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаандихэнх нутгаарсекундэд 4-9 метр, 06,08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25....-30 градус, өдөртөө -14....-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.