Чиглэл: Заах аргын нэгдэл хариуцсан чиг үүрэгтэй холбоотой нэмэгдэл олгохгүй
Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр /2026.01.27/ Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн төсвийн шууд захирагч нарт чиглэл хүргүүлжээ.
Тус чиглэлд,
"Монгол Улсын Засгийн газар 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 224 дүгээр тогтоол, “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 225 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучнаар/, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хороо хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээр, Боловсролын сайдын “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай” 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс салбарын хэмжээнд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт багш нарын зөвлөл, багш нарын бүлгийн үйл ажиллагааны чиглэлийг зохицуулсан байна. Энэ хүрээнд Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 31-ний А/279 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар Багшийн мэргэжлийн хөгжлийн зардлын санхүүжилт, түүнийг зарцуулах зааврыг баталсан билээ. Тус зааварт “Сургалтын байгууллага нь дадлагажуулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглүүлэгч багштай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллана. Гэрээний төлбөрийг сард багшийн үндсэн цалингийн 10-20 хүртэл хувь байхаар тооцож, үр дүнд үндэслэн улирал бүр санхүүжүүлнэ” гэж заасан тул Заах аргын нэгдэл хариуцсан чиг үүрэгтэй холбоотой нэмэгдлийг цаашид олгохгүй байх;
- Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4-т тус тус нийцүүлэн Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2015 оны А/114 дүгээр тушаалд заасны дагуу нэмэгдэл цалин хөлсийг тооцож олгох;
- Төсвийн шууд захирагч нь 2026 оны төсвийн жилд боловсролын сургалтын байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангаж Төсвийн тухай хуулийн 16.5-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах хүрээнд мөн хуулийн 70.5-д заасныг анхаарч ажиллах зэрэг болно" гэжээ.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.