Энэ долоо хоногт чуулган хуралдаж чадах уу
Өнгөрсөн долоо хоногт хаврын чуулган нээсэн. Пүрэв гарагт УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болох товтой байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаан болоогүй. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракцын 21 гишүүн, АН-ын 42 гишүүний хамтаар чуулганд суусангүй.
АН-ын акц бол маш тодорхой. УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэх шаардлага хүргүүлсэн. Үүнийг дагасан хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх эрмэлзэлтэй буй.
Угтаа МАН УИХ-д олонх. 68 суудалтай. 64 гишүүн хариуцлагатайгаар ирж, хуралдаандаа суухад л ирц бүрдэнэ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар давхар дээлээ намар тайлснаасаа хойш чуулганы хуралдаанд үзэгдээгүй. Саях хаврын чуулганы нээлтийн өдөр ёс ёмбогор гэж л ирж үзэгдсэн байдаг. Гэхдээ тэдэнтэй хамт 21 гишүүн өчигдрийн хуралдаанд гадаад томилолт, эмнэлгийн чөлөө, чөлөөтэй, тасалсан гэх өөр өөрийн шалтгаанаар хуралдаандаа оролцоогүй. Н.Учрал 30 гаруй минут ганцаараа ярьж, сүүлдээ "Бүлгийн дарга нар ирцээ бүрдүүл" гэж хэлээд гарч одсон.
Өнөөдөр МАН, АН-ын бүлгийн хурал, ХҮН намын зөвлөлийн хуралдаан болно. Энд юу яригдахаас хамаарч энэ долоо хоногийн чуулган хуралдах уу, дахин хойшлох эсэх нь тодорхой болно. Ямартай ч энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралдахаар товлогдсон байна.
Пүрэв
· Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Бусад
Баасан
· Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
· Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120минут/
· Улсын Их Хурлын асуулгын цаг
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОДОО ИРТЭЛ НЬ БҮР ӨНГӨРӨӨӨШ ҮҮҮ