УИХ-ын дарга намаасаа татгалзах тухай хуулийг чуулганаар яаралтайгаар хэлэлцүүлэхээр болжээ
АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт орсон. АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтоос асуулт асууж, хариулт авсан байна.
-УИХ-ын дарга намаасаа татгалзах ёстой гэх хууль нь батлагдвал намаасаа гарахад бэлэн-
Хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт "УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх ёстой гэсэн дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг Х.Тэмүүжин нарын гишүүн санаачилсан байна. Үүнийг яаралтай горимоор хэлэлцээд нэг тийш нь шийдээд явъя. Цаашдаа дэгийн хуулиа сайжруулъя гэдэгт байр сууриа илэрхийлээрэй гэсэн. Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, улстөржихгүй байлгахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт. Болохгүй зүйл байхгүй. Гэхдээ МАН-ын бүлэг, УИХ-ын даргын зөвлөл шийднэ. Энэ тал дээр өнөөдөр УИХ-ыг удирдаж байгаа хүмүүст санал тавья. УИХ-ын даргыг сонгох асуудалтай зэрэгцүүлээд хэлэлцье гэсэн саналыг тавьж байна. Би томилогдоогүй байгаа учир шийдвэр гарган хэлэхэд хэцүү байна. Тиймээс одоогийн удирдлагуудад танилцуулъя гэх зүйлийг ярилаа.
Хэрэв энэ хууль батлагдвал би намын гишүүнчлэлээс татгалзана. УИХ-ын дарга олон намуудын төлөөлөлд ялгаварлалгүй хандах ёстой, намын бүлгийн хуралд суухгүй байх ёстой, мөн намын байр суурь илэрхийлэхгүй байх ёстой байх тухай сонгодог парламенттай улсуудад хэрэгждэг" гэх байр суурийг илэрхийллээ.
-Хэрэв энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй бол манай намын гишүүд УИХ-ын даргад эсрэг кноп дарна-
Харин АН-ын дарга О.Цогтгэрэл "УИХ-ын дарга намаасаа татгалзах тухай хуулийг чуулганаар яаралтайгаар хэлэлцүүлнэ. Өнөөдрийн чуулган завсарласан тул дахин ирц бүрдүүлж, хэлэлцэнэ. Ирц бүрдүүлэх асуудлыг хурал даргалагч нар анхаарах байх. Хууль учир зүйл заалтууд дээр нарийн ажиллах ажлын хэсэг байгуулагдах байх. Хэрэв энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй бол манай намын гишүүд УИХ-ын даргад эсрэг кноп дарна" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.