Тендер I Баавгайг мэдээ алдуулах, тайвшруулах эм бэлдмэлийг 45 сая төгрөгөөр худалдан авна

Суурьшлын бүсэд орж ирж буй хүрэн баавгайг аюулгүй барих, унтуулах зориулалттай эм бэлдмэл худалдан авах 45 сая төгрөгийн тендерийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дахин зарлажээ. Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар баавгайтай холбоотой эрсдэлийг бууруулах, орон нутгийн байгаль хамгаалагчдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор улсын нөөц сангаас нийт 1 тэрбум 88 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн юм.
Өмнө нь тус яам 2026 оны аравдугаар сарын 8-нд дөрвөн төрлийн худалдан авалтын урилга нийтэлж, аравдугаар сарын 16-нд тендерийг нээсэн байна.
Үүнд:
- 450.4 сая төгрөгөөр 12 ширхэг баавгай унтуулах хийн буу, иж бүрдэл худалдан авах тендерт “Алтандолгио” ХХК шалгарч, аравдугаар сарын 27-нд гэрээ байгуулжээ.
- 164.5 сая төгрөгөөр 1935 ширхэг баавгай үргээгч шүршигч худалдан авах тендерт “Ээл гранд” ХХК шалгарч, мөн өдөр гэрээ байгуулсан байна.
- 150 сая төгрөгөөр 60 ширхэг амьд баригч тор худалдан авах тендерт анх оролцогч компанийн санал шаардлага хангаагүй ч дахин шалгаруулалт явуулж, “Үржих-Үр” ХХК-тай аравдугаар сарын 28-нд гэрээ байгуулжээ.
Харин 45 сая төгрөгийн төсөвтэй мэдээ алдуулах, тайвшруулах эм бэлдмэл худалдан авах эхний тендерт нэг ч аж ахуйн нэгж материал ирүүлээгүй тул дахин зарласан байна. Энэ тендерээр нийт гурван төрлийн 282 шил бэлдмэл худалдан авахаар төлөвлөжээ.
Тодруулбал, 150 шил тилетамин, золазепам, 120 шил кетамин, 12 шил ксилазин авах бөгөөд эдгээрийг 100 хүрэн баавгайд зориулан тооцсон байна. Мөн нийлүүлэгч байгууллага эм бэлдмэлийг импортлох тусгай зөвшөөрөлтэй байх, хилээр нэвтрүүлэхтэй холбоотой бичиг баримт, тээвэрлэлтийг хариуцах, малын эмч нарт хэрэглэх заавар, аргачлалын сургалт зохион байгуулах шаардлага тавьжээ. Гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор нийлүүлэхээр тусгасан байна.
Ийнхүү Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэсэн хөрөнгийн хүрээнд баавгайг аюулгүй барих тор, унтуулах буу, үргээгч шүршигчийн нийлүүлэгчид тодорч, харин мэдээ алдуулах эм бэлдмэлийн худалдан авалт дахин зарлагдах нөхцөл үүсээд байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.