Иргэд: 3-4 цаг дугаарлаж зогссон ч, нэг санал хүртэл үнэ цэнтэй учраас хүлээж байгаад өгч байна

2024.06.28-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд УИХ-ын сонгуулийн IX тойргийн 1-31-2 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг хүргэж байна.
Иргэн: Миний хувьд анх удаа сонгуулиа өгч байна. Гэр бүлийнхэн минь намаа харж сонгохоос илүү хүү нэг бүрийг харж сонгох хэрэгтэй юм байна гэж ярилцсан. Тийм учраас сайн судалж байгаад саналаа өглөө. Саналын хуудас болон бусад мэдээ мэдээллүүдийн хувьд цахим орчноос болон гэр бүлээсээ сайн мэдээлэл цуглуулсан учраас тийм ч хүндрэлтэй байсангүй. Би сонгуулиа өгөх гээд 2-3 цаг оочирлосон. Гэхдээ энэ цагуудад залуус тийм ч хангалттай ирж харагдаагүй, дандаа л 40-өөс дээш насныхан саналаа өгч байгаа харагдлаа. Манай үеийнхэн “Гадагшаа явна” гэж их ярих болсон. Би болохоор монголдоо байж ирээдүйгээ хамтдаа сайхнаар бүтээхийг л хүсэж байна даа.
Иргэн: Энэ сонгуулийг ганц өөрчлөх боломж гэж харж байгаа. Өөр өөрсдийн саналаа сайн бодсон хүмүүстээ өгч байна шүү дээ. Би бол найман жил гараагүй намыг юм хийхгүй байх л гэж бодож байна. Залуус бид энэ зүйлсийг өөрчлөөд үзье, өөрсдөө зөв сонголт хийгээд үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм бодолтой сонгуулиа өгөх гээд хүлээж сууна. Хэдий удаан суусан ч гэсэн миний ганцхан санал хүртэл үнэ цэнтэй шүү дээ. Тийм учраас нэгэнт саналаа өгөх гээд ирсэн юм чинь эцсийг үзнэ дээ.
Иргэн: Энэ жилийн сонгууль маш сайн онцлогтой болж байна. Учир нь залуучууд маш ихээр саналаа өгч байгаа харагдаж байна. Түүгээр нь их бахархаж байгаа. Би 12.40 минутад ирсэн. Гэтэл хурууны хээ нь уншихгүй байж байгаад дөрвөн цагийн дараа янзлагдлаа. Тэр хооронд энүүгээр дүүрэн залуучууд байсан хэдий ч зарим нь шантраад саналаа өгөхгүй явчихсан. Энэ мэт зүйл нь үнэхээр хариуцлага, зохион байгуулалт муу санагдлаа. Бусдаараа бол тун дажгүй байна.
Иргэн: Шаардлагагүй олон гишүүдтэй болж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүний амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарсангүй, улам доройтлоо. Санал өгөхийн өмнө мэдээ, мэдээллүүд их сайн түгээгдсэн. Гол нь саналаа өгөх гээд ирэхэд бүтэн 3 цаг хүлээж байгаад өгч байна. Манай энэ хэсэгт залуучууд 50 хувийн ирцтэй явж байсан.
Иргэн: Сонгуулийн тухайд бидний сонголт, ирээдүй гэж харж байгаа. Тэр ч утгаараа залуус идэвхтэй оролцож байгаа харагдлаа. Энэ нь залуучууд ирээдүйдээ анхаарч, улс төрийнхөө байдлыг ажигладаг болсон юм болов уу гэж бодож байна. Сонгуулийн заавар, зөвлөмж маш сайн ойлгомжтой байсан. Хэдий 3-4 цаг хүлээж байж өгсөн ч гэсэн хариуцлага үе учраас хүлээж байгаад өгсөн.
Иргэн: Энэ бол миний анхны санал өгч байгаа сонгууль. Тийм болохоор анхны сонгууль үнэхээр дурсамжтай өнгөрлөө. Энэ жил 126 гишүүнтэй болох гэж байгаа шүү дээ. Нэг нам дангаараа биш олон нам өрсөлдөж байгаа нь ардчиллын суурь гэж боддог. Залуучууд ямартай ч саналаа өгье л гэж байгаа харагдсан. Манай улсын хүн амыг залуус дийлэнх нь эзэлдэг болохоор саналаа идэвхтэй өгөхийг уриалмаар байна.
Иргэн: Энэ удаагийн сонгуулийн мэдээлэл маш сайн байлаа. Тиймдээ ч залуучууд өргөнөөр оролцож байгаа харагдлаа. Одоо сонгуулиа өгөөгүй байгаа хүмүүсийг саналаа өгөөсэй гэж бодож байна. Би бол ажлаа амжуулаад саяхан л ирсэн. Гэхдээ их хүн дугаарлаж байгаа харагдаж байна. Миний ойр тойрнын бүхий л хүмүүс саналаа өгч байна. Манай охин өглөө эрт сонгуулиа өгөхөөр гарсан. Их хөөрхөн, бас бахархмаар санагдсан даа.
ВИДЕО:
2024.06.28-ны өдрийн 13.00-14.00 цагийн хооронд УИХ-ын сонгуулийн 12-р тойрог ХУД-ийн 12-1-17-2 дугаар хэсэг болон 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатарын 10-2-1-3 дугаарын байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг доорх линк дээр дарж уншина уу.
2024.06.28-ны өглөөний 07.30-08.30 цагийн хооронд УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатарын 10-2-1-3 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.