Трампын ажилд дүн тавих томоохон сонгуулиуд явагдлаа
Доналд Трамп улс төрийн томоохон эргэн ирэлт хийж АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Тэгвэл тэр ажлаа хүлээн авснаас хойших анхны томоохон сонгуулиуд АНУ-д явагдлаа. Тодруулбал Нью-Йорк хот шинэ даргаа сонгож, Нью-Жерси болон Виржиниа муж амбан захирагчаа тодруулах санал хураалт явуулсан юм.
Эдгээр санал хураалт Трампын ажлыг сонгогчид хэрхэн үнэлж буйг бодитоор харж болох хэмжигдэхүүн болов. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар бол Трампын рейтинг урьд өмнө нь байгаагүй доод хэмжээнд хүрсэн. Санал асуулгад оролцсон хүмүүс амьжиргааны зардлын нэмэгдэлд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Тэгвэл Виржина мужийн сонгуульд Ардчилсан намын Абигэйл Спанбергер, Нью-Жерси мужийн сонгуульд Мики Шерилл, Нью-Йорк хотын сонгуульд Ардчилсан намын Зоран Мамдани нар ялжээ. Санал хураалтын үр дүн албан ёсоор гараагүй байгаа ч тэднийг сонгуульд ялсан хэмээн хэд хэдэн томоохон хэвлэлүүд тооцооллынхоо үр дүнд зарласан байна.
Спанбергер Виржиниа мужийн даргаар сонгогдсон нь Ардчилсан намын төвийг сахисан байр суурь илэрхийлдэг гишүүдэд дэмжлэг олдоно гэдгийг харууллаа. Трампын нөлөө энэхүү сонгууль чамлашгүй байв. Санал асуулгаар бол Виржиниа болон Нью-Жерси дэх сонгогчдын гуравны нэг нь Трампыг эсэргүүцэж санал өгсөн гэжээ.
Нью-Йорк хотын даргад өрсөлдөж ялсан Мамдани Трампын эсрэг босохыг сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгосон. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон “Нью-Йорк хот дахь ардчилсан намынхан жинхэнэ экстремист, марксист хүнийг сонголоо. Үүний үр дүн нь улс даяар мэдрэгдэх болно. Зоран Мамдани сонгогдсон нь Ардчилсан нам радикал үзэлтэй, том засгийн газрыг дэмждэг социалист нам болсныг харууллаа” гэсэн юм.
Спанбергер, Шерилл хоёр тус мужуудын анхны эмэгтэй захирагч гэдгээрээ түүхэн амжилт гаргасан. Харин Мамдани Нью-Йорк хотыг захирах анхны Исламын шашинтай хүн боллоо.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ нийтлэл оруулахдаа “Санал асуулга явуулсан хүмүүсийн хэлж буйгаар бол Бүгд найрамдах нам хоёр шалтгааны улмаас эдгээр сонгуульд ялагдсан. Нэг нь Трамп саналын хуудас дээр байгаагүй, хоёр дахь нь засгийн газрын үйл ажиллагаа зогссон явдал” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.