Путин Украин руу цэрэг нэмж илгээх шинэ аргатай болсон уу
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нөөцийн цэргүүдийг тусгай сургалтад хамруулж, стратегийн чухал дэд бүтцийг хамгаалахад дайчлах тухай хуулийг баталсан.
Энэ хууль нь ОХУ-ын армийн хүн хүчний нөөцийг нэмэгдүүлж, Украины дайн руу илүү олон хүн дайчлах боломжийг олгоно гэж зарим хүн болгоомжилж байна. Харин бусад нь уг хууль зэвсэгт хүчний хувьд том өөрчлөлт авчрахгүй гэж үзэж буй.
Путин 2015 онд армийн тусгай байлдааны нөөц хүчин буюу “BARS” нөөц цэргийн хүчнийг үүсгэн байгуулсан. Өмнө нь армид алба хааж байсан, Батлан хамгаалах яамтай тусгай гэрээ байгуулсан иргэд нөөц цэрэг болно.
Нөөцийн цэрэг хэмээн нэрлэгдэх эдгээр иргэд өдөр тутмын амьдралаа энгийн үргэлжлүүлж, сар бүр 10 мянган рублийн (441 мянган төгрөг) багахан хэмжээний цалин авдаг. Тэд байнгын цэргийн албан хаагч биш ч байлдааны ур чадвараа хадгалах, шинэчлэх зорилгоор тогтмол сургалт, бэлтгэлд хамрагдах үүрэгтэй. Ийм сургалтын үеэр нөөц цэргүүдийнх нь ажилладаг байгууллагад эзгүй байсны нөхөн төлбөр улсаас өгдөг байна.
ОХУ хэдэн нөөц цэрэгтэй гэдэг нь тодорхойгүй. Нөөцийн цэргийн элсэлт 2021 онд буюу Украины дайн эхлэхээс өмнө эрчимжсэн юм. “Медуза” агентлаг мэдээлснээр тухайн үед нөөц цэргийн хэмжээ хэдхэн мянга байснаа 100 мянгад хүрч өсжээ.

Дайны эхний саруудад олон нөөцийн цэргүүд сайн дураараа фронтод байлдаж, дараа нь Батлан хамгаалах яамтай байнгын цэргийн гэрээ байгуулсан. Цэргийн шинжээч Алексей Алшанскийгийн хэлэхдээ нөөц цэргүүдийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай гэжээ. Учир нь нөөц цэргүүдийн ихэнх нь фронтод байлдаж, аль хэдийн гэрээт цэрэг болсон байгаа юм.
Шинэ хуулийг ОХУ их хурдан буюу нэгхэн өдөр авч хэлэлцээд дэмжсэн. Кремль даалгаснаар парламент нөөц цэргийн тухай хуулийг хурдтай баталсан гэж Ерөнхийлөгчийн захиргаа болон Төрийн Думын эх сурвалжууд “Вёрстка” агентлагт хэлсэн байна.Тус хуульд “Нөөцийн цэргүүдийг стратегийн чухал болон амин чухал дэд бүтцийг хамгаалахын тулд тусгай сургалтад илгээж болно” гэж бичжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснээр уг хууль зөвхөн нөөц цэргүүдэд хамаарна. Тэднийг фронт руу илгээх буюу улсын хилээс гадуур үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй. Тус яам “Ямар нэгэн төрлийн цэрэг дайчилгаа биш” гэж яам мэдэгдсэн юм
Алшанский хэлэхдээ цэргийн талаас авч үзвэл нөөцийн цэргүүдийг фронт руу илгээх нь оновчгүй гэжээ. Учир нь фронт дээр илүү сайн бэлтгэгдсэн гэрээт цэргүүд аль хэдийн байгаа.
Гэхдээ Путин өмнө нь өгсөн амлалтаасаа буцаж байсан удаа бий. Тэр Украин руу зөвхөн мэргэжлийн цэргүүдийг илгээнэ, хугацаат алба хаагчдыг дайнд оролцуулахгүй гэсэн амлалтаа биелүүлээгүй.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын төлөөлөгч Владимир Цимлянский нөөц цэргүүд эрчим хүч, тээврийн дэд бүтцийн объект зэрэг стратегийн чухал байгууламжийг хамгаалах үүрэг хүлээнэ гэсэн юм. Нөөц цэргүүд ийм үүргийг зөвхөн өөрийн харьяа бүс нутагт биелүүлж, дроны халдлагаас хамгаалах зорилготой ажиллана гэж нэмж хэлжээ.
Энэ зунаас хойш ОХУ-ын эрчим хүч, тээврийн дэд бүтэц болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украин эрчимтэй цохилт өгч байгаа юм.
Ленинград, Нижний Новгород, Тамбов, Ярославль зэрэг 15 мужид стратегийн байгууламжийг хамгаалах нөөцийн цэргүүдийг бүртгэж эхэлсэн байна. Албаныхны онцолсноор эдгээр хүмүүсийг фронт руу илгээхгүй аж.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.