ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализ

"Онтрэ"-гийн хоёр лицензийг Рио Тинто хүч түрэн "Оюу Толгой" ХХК руу шилжүүлсний ард АМНАТ-ийг 5 хувиар төлсөөр байх арга сүвэгчилжээ

Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болоод түүнийг тойрсон асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулсан нь даваа гарагт буюу энэ сарын 8-нд эхэлсэн.

"Оюу Толгой"-н гэрээнд Монголын тал зэсээ борлуулах эрхгүй байхад Онтрэ-д өөрөө авч борлуулах эрхтэй гэж тусгасан

Уг сонсгол нийт дуудагдсан 166 гэрч, мэдэгдэх хуудас хүргүүлсэн 153 этгээд, мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй 13, сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн 37, оролцвол зохих 116, сонсголд хүрэлцэн ирсэн 91 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр явагдаж буй.

Сонсголын үеэр олон нийтийн анхаарлыг татсан нэг чухал асуудал бол Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Онтрэ компанитай холбоотой агуулга хэрхэн тусгагдсан хийгээд Онтрэгийн эзэмшлийн Жавхлант, Шивээ Толгой ордын лиценз гэнэт яагаад Оюу Толгой ХХК руу шилжих болсон зэрэг асуудлуудыг хөндсөн.

Энэ тухай эргээд нэг харцгаая, Канадын Ванкуверт төвтэй “Онтрэ Ресурс” болон Оюу Толгой ХХК хамтарсан компанийг 2008 онд байгуулсан байдаг. Улмаар Хойд Хюго талбай дахь Шивээ Толгой, Жавхлант нэртэй уурхайн талбайн тусгай зөвшөөрлөөс тус хоёр компани хувааж эзэмшдэг. 2004 онд “Айвенхоу Майнз” буюу одоогийн “Оюу Толгой” ХХК-тай ашиг хуваах гэрээ байгуулж, Онтрэгийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркоиз Хилл ресурс компани 35 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд болон талбайн гүний 560 метрийн газрын гадарга хүртэлх баялгийн 70 хувь, дооших 80 хувийг эзэмших гэрээ байгуулжээ. Эл тохироог одоо "Оюу Толгой" ХХК явуулж байгаа.

Дээрх хоёр тусгай зөвшөөрлийг “Онтре Гоулд”-ын Онтрэ ресурс охин компани эзэмшдэг. Харин уг охин компанид нь “Рио Тинто” групп 16.5 хувь эзэмшиж буй.

"Онтрэ Гоулд" компанийн тусгай зөвшөөрлийг Оюу Толгой ХХК шилжүүлж авснаар Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээг тус тусгай зөвшөөрөлтэй талбайд хамруулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр тогтворжуулсан татвар, бусад хөнгөлөлтийн хүрээг өргөтгөх асуудал хөндөгдөж байгаа хэрэг.

Өөрөөр хэлбэл Шивээ толгой, Жавхлант талбайд “Оюу Толгой”-н бүлэг ордын нөөц зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн 94 хувь нь хамаардаг учраас гэнэтхэн хоёр компани хоорондоо ярилцаад лицензийг нэгэн рүүгээ шилжих болсон асуудалд Монголын талаас Оюу Толгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдгийн хувьд уг асуудлыг хуулийн дагуу юу, стратегийн ордын хоёр лицензийг ийн шилжүүлэх болсон нь цаашид хууль эрх зүйн ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг судлах зайлшгүй шаардлага үүснэ.

Гэтэл Засгийн газраас уг асуудал дээр тодорхой судалгаа хийх, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан агуулгуудаар хэлэлцэж ч амжаагүй байхад 2025 оны эхний улиралд багтаан "Онтрэ Ресурс" 100 хувийн эзэмшлийн “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийнхөө дийлэнх буюу 80 хувийг “Оюу Толгой” ХХК-д амжилттай шилжүүлсэн гэдгээ тайландаа дурдаж, мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголын талыг хүлээхгүй гэдэг байр суурийг бүдүүлгээр илэрхийлсэн юм.

Одоогийн Оюу Толгой болон Монголын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын гэрээнд уг хоёр тусгай зөвшөөрлийг ганц л заалтаар тусгасан байдаг. Үүнд,

“15.7.8. Антре гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” гэжээ.

Өнөөдрийн байдлаар Монголын тал "Оюу Толгой" орд дээр 34 хувь эзэмшиж байгаа боловч 34 хувьд ноогдох зэсийн баяжмалаа өөрсдөө борлуулах эрхгүй байдаг бөгөөд харин “Онтрэ ресурс-т ногдох зэсийн баяжмалын бүтээгдэхүүнээ өөрөө авч, борлуулах бүрэн эрхийг хөрөнгө оруулалтын гэрээний бусад заалтаар олгосон байдаг.

Өөрөөр хэлбэл "Онтрэ ресурс"-ийн хоёр лицензийг Оюу Толгой шилжүүлж авч, ашиглавал хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудаар зохицуулагдах юм. Ингэснээр Монголын талын хувь эзэмшилд ашиг хүртэх боломжийг нь шууд хумина гэсэн үг.

Орано майнинг дээр АМНАТ-ийг 19 хувь хүртэл өсгөсөн бол "Оюу Толгой" ХХК-иас 5 хувийг авдаг хэвээр

Сонсголын үеэр Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Э.Баясгалан таван жилийн дараа гэнэт чөлөөлөгдсөн шалтгаанаа илэрхийлсэн бөгөөд тэр Онтрэ компанитай холбоотой асуудлын талаар шүгэл үлээсэн. Түүний ярианаас онцгой анхаарал татсан зүйл нь "Яагаад энэ хоёр лицензийг Оюу Толгой руу шилжүүлж авах гээд байна вэ гэвэл хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамруулж, Оюу Толгой эзэмшсэнээр өнөөдөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний 5 хувийн АМНАТ төлөх асуудал Онтрэгийн хоёр лиценз дээр үйлчилж эхэлнэ гэсэн үг. ТЭЗҮ-дээ энэ хоёр лицензийг хэрхэн оруулсан бэ гэхээр одоо байгаа 2016 оны болон 2023 онд хүргэгдээд батлагдаагүй хоёр ТЭЗҮ дээр Онтрэгийн хоёр лиценз дээр АМНАТ-ийг 5 хувиар тооцоод явж байгаа. Иймээс Засгийн газар болон Оюу Толгой ХХК хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамруулна гэсэн дайралт буюу өөрсдийн байр суурийг хамгаалсан асуудал явж байгаа" гэсэн юм.

Энэ нь Рио Тинто дээрх хоёр лицензийг хөрөнгө оруулалтын гэрээнд ганц заалтаар тусгачихаад, эдлэх эрхийг нь болохоор хөрөнгө оруулалтын гэрээний бусад заалтаар зохицуулах, тухайлбал Хөрөнгө оруулалтын хуулиар өнөөдөр Оюу Толгой дээр АМНАТ-ийг 5 хувиар тогтоосон хэвээр байдаг.

Энэ 5 хувийн таазыг Орано майнингтай хийсэн гэрээгээр жил бүр нэмэгдэх тооцооллоор 19 хувь хүртэл өсгөсөн байхад Оюу Толгой дээр 2009 оноос хойш огт өөрчлөгдөөгүй хэвээр байгаа.

Иймд хэрвээ уг хоёр лицензтэй холбоотой асуудлаар Монголын Засгийн газар Онтрэ компанитай дангаар хувь эзэмшлийн асуудал ярьж, хөрөнгө оруулалтын гэрээ шинээр хийхдээ тулбал өнөөдрийн АМНАТ-ийн суурь нь л 5 хувь, тэгээд өсөн нэмэгдэх дүнгээр болчихсон учраас Рио Тинто-д ашиггүй нөхцөл гэж үзсэн хэрэг. Тиймээс даруй "Оюу Толгой" руу шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлж, улмаар арбитрын шийдвэр гэсэн шахалтаар аль хэдийнээ Жавхлант ордын лицензийг шилжүүлээд эхэлчихсэн юм. Ингэж "Оюу Толгой" ХХК руу хоёр лицензийг шилжүүлээд, хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамруулна, угаасаа Онтрэгийн талаар хөрөнгө оруулалтын гэрээнд заалтаар тусгачихсан гэдэг тулгалтаа хийж буй.

Сонсгол дээр "Оюу Толгой" ХХК-ийн шинэхэн монгол захирал С.Мөнхсүх "Рио Тинто" болон Онтрэ компани хоёр өөр эрх ашигтай компани" буюу тэдний лиценз шилжүүлэх процесс нь ерөөсөө хоёр компанийн дунд аргагүй өрнөж байгаа зүйл гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэхийг оролдоно лээ. Гэхдээ баримт худлаа хэлэхгүй.

Энэ оны 5-р сард “Рио Тинто”-гийн Монгол дахь захирал Х.Амаржаргал “Онтрэ-гийн тусгай зөвшөөрлийг “Оюу толгой" ХХК руу шилжүүлэх ажиллагаа эхэлсэн. Ирэх сард дуусна. Онтрэ компани ашгийн 34 хувиа Монголын Засгийн газарт өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн юм билээ” хэмээн ярьсан нь хэвлэлүүдэд одоо ч бий. Оюу Толгойн орд бол стратегийн орд бөгөөд яаж ашиглахаа Монголын УИХ, Засгийн газар мэдэх хэрэг.

Гэтэл Монголын Засгийн газрын өмнөөс, хоёр өөр эрх ашигтай компани гэсэн атлаа нөгөө компанийнхаа өмнөөс гүйцэтгэх шатны удирдлага нь байр суурь илэрхийлснийг харахад яавч ашиг сонирхол бүрэн тусдаа гэхээргүй.

Түүнчлэн 2025 оны 1-р сард болсон "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар Рио Тинто компанийн 6 гишүүн дийлэнх олонхиороо тухайн хоёр лицензийг Оюу Толгой компани руу шилжүүлэх тогтоолыг баталсан талаар Э.Баясгалан сонсголын үеэр мөн хэлсэн нь дээрх агуулгыг нотолгоо болов.

"Онтрэ"-гийн эзэмшлийн Шивээ толгой, Жавхлант талбайн хайгуулын зөвшөөрлийг ашиглалтынх болгож өгсөн Л.Даваацогт замбараагүй лиценз олгож, авилга авсан хэргээр ял авсан

2001 оны 4-р сард “Онтре Гоулд”-д 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгогдсон бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр Шивээ толгой, Жавхлант нэртэй  MV-015226, MV-015225 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон байна.

2009 онд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар Л.Даваацогт ажиллаж байсан бөгөөд тэрбээр 2013 онд шүүхээр яллагдсан.

Учир нь 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтаар “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдож тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх 4 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.4-т заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны 2 дугаар сарын 19-ны өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягын найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хясан боогдуулж үүсэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсан нөхцөл байдал тогтоогдож түүнийг баривчлан Төв аймгийн хориход саатуулж байсан түүхтэй. Гэтэл батлан даалтаар суллагдсаныхаа дараа оргон зайлж, орон даяр эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд цагдан хорих 461-т хорьж, улмаар Баянзүрх дүүргийн шүүхээс түүнд 6 жилийн хорих ял оноосон байна.

Шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарын замбараагүй олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ буцаах нөхцөл үүсэж байсан юм.

Оюу Толгой тойрсон асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол болж буй энэ үед дээрх агуулгуудыг бүр нээлттэй болгож, тал талаас нь хэлэлцэх биз ээ.

Т.БАТСҮРЭН

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батнайрамдал сайн ажиллах найдвар төрүүлж байна амжилт хүсэе. Гэхдээ хажуугаар нь нөгөө л намынхаа өмхий санааг хавчуулахаа мартахгүй нь зовлонтой юм даа. Зарим үед бүр сценари бэлдсэн нь харагдаж байна ш д!

Зочин
Зочин

Онтре, ОТ-г ...эби алсан...хэмжээнд муул, муухай харагдуул, лицензийг нь хураан авч суусан вагоныхаа литрт өг.

Холбоотой мэдээ

Back to top button