Ж.Бат-Эрдэнийн хүн гэгддэг Булганы Засаг даргыг АН-ынхан хөөж байгаа нь анхных биш
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна.
Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ.
Тэгвэл өмнө нь төрийн албанд ажиллаагүй гэх Д.Пүрэв-Очирын нээлттэй дата мэдээллээс шүүж үзэхэд,
- /2018-12-24/ - /2022-04-25/ хугацаанд ИНЕГ-т менежер
- /2022-04-25/ - /2024-11-13/ ИНЕГ-ын Газрын даргын албан тушаалыг хашиж, тус өдрөөс өнөөдрийг болтол Булган аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж буй юм байна.
Харин АТГ-т хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал,
- Өөрийн орлого: 42.7 сая
- Гэр бүлийн орлого: 24.2 сая
- 329 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай
- 203 саяар үнэлэгдэх хоёр автомашинтай
- 7.5 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын гурван адуутай
- 20 сая төгрөгөөр үнэлэх газартай
- 158 сая төгрөгийн үнэт эдлэл
- Хадгаламж: 5 сая
- Бэлэн мөнгө: 2.6 сая
- Нутгийн Ундрага ХХК, Элэг Бүс ХХК-д хувьцаа эзэмшдэг аж.
Д.Пүрэв-Очирын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Булганы Засаг даргаар томилогдсон. ИНЕГ-т ажиллаж байх үедээ өөрийн компаниараа Булганы тендерийг түүсэн, Засаг болоогүй байхдаа АТГ-т шалгагдаж буй талаарх мэдээлэл тухайн үед ил болж байв. Гэсэн ч Засаг даргын суудалдаа суусан. Ерөнхийдөө одоогийн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн хүн гэгддэг. Судлаад үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан цаг хугацаа Д.Пүрэв-Очирын ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогдсонтой огтлолцдог.
ИНЕГ-т ажиллаж байсан түүнийг яагаад "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж АН-ынхан боссон нь анх удаагийнх биш. Эргэн сануулахад 2024 онд түүнийг томилогдож байхад АН-ын бүлгээс АТГ-д хууль зөрчсөн хэмээн гомдол гаргаж байсан удаатай.
Үндэслэл нь,
ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Д.Пүрэв-Очирыг Төрийн албанд ажилласан тооцсон албан бичгийг гаргаж өгч, илт давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар хандаж байж. Гэсэн ч уг шаардлага нь амжилт ололгүй, Д.Пүрэв-Очир томилогдчихсон. Улмаар АН жил гаруйн дараа дахин энэ сэдвээр амилав, түүний оронд хэнийг зүтгүүлэх гэж буй нь анхаарал татаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.