"Эрүүгийн хуулийн 13.14 нь Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
2025 оны намрын чуулганы 75 хоног хуралдах хугацаа маргааш /2025.12.31/ дуусна.
Иймд өнөөдөр /2025.12.30/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэнэ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн шийдвэрийг 2025.11.24-нд гаргасан билээ. Тодруулбал, 2020 онд УИХ-ын өөрчилсөн Эрүүгийн тухай хуулийн эл заалт нь Монгол Улсын иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд халдсан гэдэг шийдвэрийг ҮХЦ гаргаад байна.
Иймд,
- ҮХЦ дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээд тогтоол гаргана.
- УИХ нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ.
- ҮХЦ-ийн Их хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх болох юм.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтыг ҮХЦ 2025.11.25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Эл заалтаар шүүгдэх хэргүүд царцаад буй юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.