С.Бямбацогт: 50 орчим жил гацсан зэс хайлуулах үйлдвэрийг Хятадын 3, Швейцарын нэг компаниас сонгож бариулна
Засгийн газрын өнөөдрийн /2026-01-28/ хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Бямбацогт "Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн. Удахгүй нэрс зарлагдана.
Өнгөрсөн найман сард Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Зэс хайлуулах үйлдвэр бол Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас буюу 1980-аад оноос хойш яригдаж байгаа төсөл. Бодитой ажил хэрэг болгох үүднээс тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Тухайлбал, ТЭЗҮ-г боловсруулсан. Зэс хайлуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг мөн байгуулсан. Дэлхийд тэргүүлэгч зэс, метал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудтай холбоо тогтоосон. Энэ хүрээнд дэлхийн 20 гаруй орны 55 компанид урилгыг хүргүүлж, эхний сонгон шалгаруулалт зарласан. Долоон улсын 13 компани оролцох саналаа илэрхийлсэн. Улмаар дөрвөн компанийг урьдчилсан байдлаар шалгарууллаа. Эндээс нэг нь шалгарч, ажил гүйцэтгэнэ.
Ямар компаниуд урьдчилсан байдлаар шалгарсан болохыг зарлаж байна. Нуух зүйл байхгүй. БНХАУ-ын гурав, Швейцар улсын нэг компани дараагийн шатанд оролцохоор болсон.
- БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
- БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
- БНХАУ- ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
- Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) Энэ төслийг ямар нэгэн алдаа мадаггүй, шударга шалгаруулалтаар явуулахаар төлөвлөж байна.
Энэ үйлдвэр байгуулагдсанаараа Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж, жилдээ 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Эрдэнэт үйлдвэр өөрийн барьж байгуулсан технологи, зам, хашаа зэргээсээ хувь эзэмшээд явах боломжтой.
Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг сайжруулах 100 хоногийн хугацааг Б.Чойжилсүрэнд өгсөн. Энэ бол өнөөдөр гэнэт бий болсон асуудал биш. Олон жил ужгирсан, олон жил асуудлаа шийдэхгүй бие биеийнхээ ажлыг гацаасан, улстөржсөн асуудал одоо ил болж байна. Өнөөдрийн асуудлыг дан ганц Б.Чойжилсүрэн сайдтай холбох боломжгүй. Гэхдээ Ерөнхий сайдаас үүрэг авсан.
Оюутолгойтойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ажлын хэсгийг Б.Жавхлан, Г.Дамдинням ахалж ажиллаж байгаа. Хэлэлцээр эхэлсэн. Үр дүн гартал хэлэлцэх хугацааг олгосон. 2011 онд байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээгээр долоон жил тутамд нэг удаа хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн заалттай байсан. 2018 онд энэ заалтаа ашиглаж чадаагүй. Харин 2025 онд энэ заалтаа ашиглан уг заалтыг хүчингүй болгож үр дүн гартал хэлэлцээр үргэлжлүүлэхээр болсон. Гэхдээ богино хугацаанд шийдвэрлэх чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл өгсөн байгаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар иргэдээс асуулт авч шууд дамжуулалтаар хариулт өгсөн. Нийт 9800 асуулт ирсэн. Тухайн үед хариулт өгч чадаагүй асуултуудад холбогдох албан тушаалтнуудаар дамжуулан хариулт хүргүүлнэ.
Үүнээс газрын олголттой холбоотой хүнд суртал их байгааг онцолсон. Суманд амьдарч байгаа иргэнд Засаг дарга нь бус Засгийн газрын шийдвэрээр 0.07 га газрыг өгч байгаа. Энэ асуудлыг хурдан шийдэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар болж байгаа. Цагаан сараас өмнө хуулийн төсөлд өөрчлөлт орж, асуудал шийдвэрлэгдэнэ байх. Олон уян хатан шийдвэрийг энд тусгасан.
Татварын өрөө төлөөгүй ААН-ийн дансыг хаахгүй, тодорхой хэсгийг хааж, ажилчдынхаа цалинг өгөх, үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг бүрдүүлэхэд нь анхаарах чиглэлийг ТЕГ, Сангийн яаманд өгсөн" хэмээсэн юм.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hovdiin urianhai zahchin bayduud adagiin hulgaichuud
Хятад дэмий дээ