Улаанбаатарт өдөртөө +8 хэмийн дулаан

2026 оны 04-р сарын 02-ны 20 цагаас 04-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.