Сэрэмжлүүлэг: Бамбай хоншоорт могой ичээнээсээ гарчээ
Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж буй эдгээр өдрүүдэд ичигсэд ичээнээсээ гарч эхэлжээ. Тодруулбал, нам дор газрын бут сөөг, хадны засварт элбэг харагддаг бамбай хоншоорт могой ичээнээсээ гарчээ. Улаанбаатар хот орчмоор эгэл бамбай хоншоорт могойноос гадна хоргүй, рашааны могой нэлээд тохиолддог, энэ могой хотын төвийн зарим хэсгээр үе, үе үзэгддэг билээ. Мөн амралтын өдрүүдэд уул хад руу салхилахаар гарахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Бамбайн хоншоорт могойн хор нь хүний амь насанд хүрэх хэмжээний хүчирхэг хор биш. Гэхдээ тухайн хүний бие организм могойн хоронд мэдрэмтгий байдлаас шалтгаалж үйлчилдэг. Мөн тухайн хүний нас, могойн хэмжээ, хазуулсан газар зэргээс шалтгаалан хорны үйлчилгээ өөр байна. Жишээ нь өндөр настан, хүүхдүүд бол могойн хоронд маш мэдрэг. Мэдээж гар хөлд хазуулбал арай гайгүй харин хүзүү, толгой зэрэг эмзэг газар хазуулсан бол хэцүү. Бамбайн хоншоортод хазуулсан хүмүүсийг хархад 7-14 хоногийн дотор шинж тэмдэг нь арилна.
Хүмүүс могойнд хатгуулсны дараа сэтгэл нь түгшиж, сандарч гүйдэг. Энэ үед цусны эргэлтийг хурдасгаж, хорыг улам тараана. Могойд хазуулсан хүнийг хамгийн түрүүнд тайвшруулж, хөдөлгөөнгүй хэвтүүлж, аль болох өтгөн бүлээн цай их хэмжээгээр уулгах хэрэгтэй. Хөл гарандаа хазуулсан бол гарт байгаа цаг, бөгж, гинж, бугуйвчийг бүгдийг нь авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хавдаж хавагнасны дараа тайлж авах боломжгүй бөгөөд тухайн хэсгийн цусан хангамж муудан үхжилт болох аюултай. Ингээд түргэн тусламж дуудна гэдгийг МУБИС-ийн Биологийн тэнхмийн багш, хоёр нутагтан, мөлхөгч судлаач П.Эрдэнэтүшиг нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ анхааруулж байжээ.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.