ОХУ 2027-2029 оны төсөв батлахдаа батлан хамгаалахын зардлаа түүхэн дээд хэмжээнд хүргэжээ
ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум мягмар гарагт /2026.11.24/ 2027–2029 оны холбооны төсвийн төслийг гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталлаа. Төрийн ДУм батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт түүхэн дээд хэмжээний мөнгө төсөвлөжээ. Мөн Украины дайныг санхүүжүүлэхийн тулд хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болж байна.
Төсвийн төлөвлөгөөнд тусгасныг харвал 2027 онд төсвийн алдагдал 5.44 их наяд рубль (66.26 тэрбум ам.доллар) буюу ДНБ-ийн 2.2 хувьтай тэнцэнэ гэж албаныхан таамаглаж байгаа аж. Харин ОХУ-ын ДНБ-ийг 248.32 их наяд рубль (гурван их наяд ам.доллар) байхаар тооцжээ. Энэ жил ОХУ-ын төсвийн алдагдал 7.34 их наяд рубль (89.47 тэрбум ам.доллар) буюу 2026 оны ДНБ-ий 3.2 хувьд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Шадар сайд болон Сангийн сайд Антон Силуанов хэлснээр ирэх жил төсвийн алдагдал буурах төлөвтэй байна. Тэрбээр "Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж буй энэ үед энэ нь маш чухал үзүүлэлт юм" гэж хэлсэн аж.
Гэхдээ дайны зардал нэмэгдсэнээр жил бүр төсвийн алдагдал зорилтот хэмжээнээс давж байгаа тул төсөв боловсруулах ажил жил ирэх тусам төвөгтэй болж буйг хүлээн зөвшөөрчээ.
2027–2029 онд ОХУ-ын төсвийн алдагдал 15.81 их наяд рубль (192.57 тэрбум ам.доллар) хүрэх төлөвтэй байна. Дайны зардал нэмэгдэж байгаа учир төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн татварын өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, хөрөнгө оруулалт болон бусад идэвхгүй орлогод 22 хүртэлх хувийн шаталсан татвар ногдуулах, хил дамнасан цахим худалдааны гүйлгээнд 22 хувийн НӨАТ тогтоох, уул уурхай болон төмөрлөг боловсруулах компаниудад 30 хувийн гэнэтийн ашгийн татвар ногдуулах болсон байна.
Эх сурвалж: The Moscow Times













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.