НИЙГЭМ

Нийслэлд 10 гаруй сургууль, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөн барьж байна

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн.

Дүүрэг хороо бүрд сургууль цэцэрлэг байгуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлд 19 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтад оржээ. Цаашид 10 гаруй сургуулийн өргөтгөл, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөж барьж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байна. Тус сургуулийн барилгыг “Неман констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа боловч гадна дэд бүтцийн зураг төслийг магадлалаар батлуулаагүйн улмаас дулаан, цахилгаан татах боломжгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс учирлав.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хурдан хугацаанд ажлаа дуусгахыг холбогдох албаныханд санууллаа. Тэрбээр ирэх сарын 5-ны өдрөөс өмнө яаралтай гадна дэд бүтцийн зураг төслийг батлуулж,магадлалаар оруулаад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын алба болон гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Тус дүүрэгт 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн суудалтай олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилга баригдаж буй юм. Он дамжин хэрэгжих барилгын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан санууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button