Нийгмийн

“Галт зэвсэгтэй холбоотой дуудлага бүр ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ гэсэн үг биш”

Ангийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл хот болон орон нутагт буу алдах, хувийн эзэмшил руу гал алдах, цаашлаад хүний амь хохирох зэрэг харамсалтай хэргүүд гарах болсон билээ. Бид энэ тухай цагдаагийн байгууллагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хот болон хөдөө орон нутгуудад буутай холбоотой осол гэмтэл, нас баралт их гарах боллоо. Үүн дээр цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед буутай холбоотой гэмт, хэрэг зөрчил ихээр гарч байна уу?, аль эсвэл энэ хэвийн үзэгдэл үү? гэдгийг албан ёсны эх сурвалжаас тоон үзүүлэлтийг авч харьцуулалт (дор хаяж сүүлийн 3-5 жилийг харьцуулах хэрэгтэй) хийсний дараа үнэлэлт, дүгнэлт өгч асуудлыг ярих хэрэгтэй. Энэ дүн мэдээг цагдаагийн мэдээлэл, дүн шинжилгээ, статистикийн албанаас авна. Галт зэвсэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл бүхэн гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулаагүй байж болохыг анхаарах хэрэгтэй.

-Бууг ямар хүн эзэмшиж, түүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Галт зэвсгийг ямар иргэн, хуулийн этгээд эзэмшиж, ашиглаж, өмчилж болох талаар Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд нарийн заасан байдаг. Тодруулбал, уг хуулийн 9.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн, иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно” хэмээн заасан байдаг. Харин 10.1-т зааснаар “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно” гэсэн байдаг.

-Галт зэвсэг эзэмшигч нь зөрчил гаргавал хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Галт зэвсэг эзэмшигч нь гэмт хэргийн шинжгүй зөрчил үйлдсэн, гаргасан бол Зөрчлийн тухай хуульд (5.6) заасан хариуцлага хүлээнэ. Харин гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. 2015 оны шинэчилсэн галт зэвсгийн тухай хуульд тусгасан нэг онцлох зүйл заалт бол “галт зэвсэг эзэмших, ашиглах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдах” талаарх зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа этгээд холбогдох хууль, эрх зүйг орчноо мэдэхгүй, хадгалалт, хамгаалалт болоод аюулгүй ажиллагаагаа мэдэхгүйн улмаас л санаандгүй, болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь элбэг байдаг учраас энэ зохицуулалт орсон.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа галт зэвсэгтэй холбоотой нийт дуудлага, мэдээллийг үйлдэл, эс үйлдэхүйгээр нь авч үзвэл ихэнх нь санамсар, болгоомжгүй байдлаас үүдсэн байдаг. Тиймээс л галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж бгаа иргэдэд хуульд заасан дээрх сургалтыг ордог юм. 1,2,3 жилийн Цэргийн алба хаасан хүн энэ сургалтад суух ямар хэрэгтэй юм бэ? гэж иргэд их хэлдэг, ярьдаг. Тэгэхээр юун түрүүнд Цэрэгт зэвсгийн чиглэлээр ямар сургалт ордгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл БАЙЛДААНЫ буунд хагас болон бүтэн задаргаа хийх, цэвэрлэх, тослох цаашлаад хэрхэн буудлага үйлдэх, дайсны амьд хүчийг хэрхэн устгах, хөнөөх талаар л заана. Амьдрал дээр бол ИРГЭНИЙ зориулалттай галт зэвсэг эзэмшвэл эрх зүйн зохицуулалт нь юу билээ? Аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт нь юу билээ гээд НИЙГЭМ-н харилцааны асуудал хөндөгдөнө.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button