Нийгмийн

Г.Солтанд оноосон ГУРВАН жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2020.09.22/ УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хурал болсон ч анхан шатны шүүхээс ногдуулсан гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлсөн. Ингэхдээ 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард хорих ял оноосон юм.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button