УЛС ТӨР

МАН залуу боловсон хүчнээр цус сэлбэж эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэг, Гадаад харилцааны албаны даргаар М.Цэлмүүн нарыг томиллоо. 90-ээд оны залуусыг намын удирдлагын түвшинд гаргаж ирж байгаа нь энэ.

100 жилийн ойн босгон дээр ирээд байгаа МАН шат шатандаа цус сэлбэлт хийх болсон билээ. УИХ-ын сонгуулиар олон жил төрийн эрхэнд “жаалсан” зарим гишүүнийг “тэтгэвэр”-т гаргаж, 70-80-аад оныхныг илүүтэйгээр нэр дэвшүүлсэн. Өдгөө парламентад МАН-аас сонгогдсон гишүүдийн олонх нь идэр насныхан. 2016 оны УИХ-ын 76 гишүүний дундаж нас 47.4 байсан бол энэ удаагийн УИХ-ын гишүүдийн дундаж нас 46.6 болж, 0.8-аар залуужсан юм.

Чухамдаа ухаарал дээрээ бүтээх үе буюу нийгмийн давхарга бүрт ачааны хүндийг үүрэх насныхан. Монголчууд “Дөч хүрсэн эр, дөрөө даасан ат” хэмээн зүгээр ч нэг хэлээгүй биз. Залуу насанд туулаад өнгөрсөн туршлага, ертөнцийг үзэх үзлийн төлөвшил дээр тулгуурлан аливаа асуудал, бэрхшээлийг даван гарах гарц, шийдлийг олох, шинийг эрэлхийлэх үеийнхэн ч гэж нэрлэх нь бий.

Энэ оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр эрх баригч МАН 62 суудал авч дахин Засгийн эрх авсан. Үүгээрээ нэг нам хоёр дараалан Засгийн эрх авсан анхны тохиолдол болсон юм. Ялалтын шалтгааныг хэд хэдэн үндэслэлээр тоймчид дүгнэдэг. Тухайлбал, намын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцэл, дайчин чанар, шийдэмгий төрх болоод гаргасан шийдвэрүүд нь олон нийтэд таалагдсан. Мөн дэлхий нийтийг түгшээгээд байгаа цар тахлыг дотооддоо алдаагүй гавьяа.

Гэхдээ үүнээс илүүтэй сонгуульд нэр дэвшигчдээ сонгож дэвшүүлэх тал дээр МАН урьд өмнөхөөсөө ахиц дэвшил гаргаж, залуу үе, шинэ хүнийг түлхүү оруулж, АН-ын хууччуудтай “тулгасан” үйлдлийг олон нийт алга хавсран хүлээн авсан. Эрх баригчдын шинэ гишүүдийн бараг тал нь 40 болон түүнээс доош насны нэр дэвшигчид байлаа. У.Хүрэлсүх нам дотроо үеийн шилжилтийг хийх зорилтоо тодорхой хэмжээнд ажилттай эхлүүлж чадсан нь энэ.  Тиймдээ ч энэ парламентын 76 гишүүний 45 нь шинэков. Анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд.

Тэгвэл эл нам Орон нутгийн сонгуульд ч мөн залуу үеийнхнийг илүүтэйгээр нэр дэвшүүлээд байгаа. Тодруулбал, НИТХ-ын 45 нэр дэвшигчийн хамгийн залуу нь 30 настай. Улмаар 33 нь шинэ нэр дэвшигч. Ийнхүү хөгшчүүл зайгаа тавьж өгч, дараагийн үе тодрох боллоо.

Иргэдийн хурлын төлөөлөгчөөр олон жил ажилласан төлөөлөгчөө, намдаа үнэнч байсан туслахаа, агаарын бохирдлыг бууруулах ажиллагаанд гар бие оролцсон орлогчоо нэр дэвшүүлсэнгүй гэх шүүмжлэл өрнөсөн. Улс төрийн хувьд ээлжээ хүлээлгэн өгч, дараа үеийнхэндээ зайгаа тавих нь гол зарчим гэдгийг Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар хатуухан сануулна билээ.

Мөн тэрбээр “2020 оны УИХ-ын сонгуулийн дүн болон удаа дараагийн судалгаануудаас үзвэл сонгогчдын хандлага  өөрчлөгдөж байна. Иргэд улс төрийн сонголт хийхдээ нэн тэргүүнд нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийг чухалчлан үзэхийн зэрэгцээ эрч хүчтэй, нийгмийн шинэ дүр төрхийг олонх нь дэмжих хандлагатай болжээ.

Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг бид Нийслэлд Ардын Нам болоод Ардын хувьсгалын дараагийн зуун жилийн хөгжлийн эхний шанг татах хүмүүс гэж ойлгож, том зургаар бас итгэл хариуцлагын том шанагаар хэмжиж харах учиртай” гэдгийг олон нийтэд зарласан. Чухамдаа МАН шинэ лидерүүдээ олны өмнө танилцуулж байгаа нь тэр.

Одоо АН ах намаас үлгэрлэж, цус сэлбэж, өнгө төрхөө өөрчилбөл хүчтэй сөрөг хүчин болох боломж байхсан…

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button