ЭДИЙН ЗАСАГ

ДЭЛХИЙН БАНК: Монголын эдийн засаг 2020 онд 2.4 хувиар агшина

Цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр, эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүснэ

Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг "Бүс нутгийн эдийн засгийн тойм тайлангаа өнөөдөр /2020.09.29/ танилцууллаа.

Гадаад эрэлт суларч, "КОВИД-19” цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2.4 хувиар агшихаар байгааг мэдээлэв.

Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агших тохиолдол гэж Дэлхийн Банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцоллоо.

Бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр, эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсч болзошгүй гэдгийг тодотгожээ.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква “Гэвч дээрх нөхцөл байдлыг зөөлрүүлэх бодлогын ухаалаг сонголтууд бас байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, халдварт өвчнийг оношлох, хянах, тогтоон барих чадавхийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, ядуус болон албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг өргөжүүлж, сайжруулах шаардлагатай” гэлээ.

Өргөн хүрээтэй, олон чиглэл хамарсан арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилийн турш жил бүр нэг нэгж хувиар ч бууруулж болзошгүйг тайланд анхааруулжээ. Мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй, орлого багатай, ажилгүй, ядуу айл өрхүүд хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй байна.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button