Н.Учрал: Цаасгүй, цахим парламенттай боллоо

Өнөөдөр /2020.10.07/ УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар парламентын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж буй талаар мэдээллээ.
Г.Занданшатар мэдээллийн эхэнд, “Төрийн албаны заавал цаасан дээр хийгддэг байсан олон үйл ажиллагаа цахимжиж байна. Цаашид цаасыг улам бүр хэмнэх, явдал чирэгдлийг багасгах энэхүү зорилтот ажил улам өргөн хүрээг хамран хэрэгжинэ” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал хэрэглээнд шинээр нэвтэрч буй “Lawforum.parliament.mn” болон “Lawmaker.parliament.mn” сайтуудын талаар тайлбар өглөө. Тэрбээр,
“Бид цахим, цаасгүй парламентыг бий болгох зорилго тавин ажиллаж байгаа. Цаасгүй парламентын хүрээнд хууль боловсруулах, олон нийтэд сурталчлах ажлыг цахимжуулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан ба үүний үр дүнд өнөөдрөөс эхлэн “Lawforum.parliament.mn”, “Lawmaker.parliament.mn” сайтууд нээгдлээ.
Энэ бол хуулийн төслийг боловсруулагдаж байх шатанд нь иргэд болоод тухайн чиглэлээр мэргэшсэн экспертүүд санал, зөвлөмжөө өгөх, байр сууриа илэрхийлэх боломжийг олгож буй цахим платформ юм. Хуулийн төсөл боловсруулагч нь уг сайтад хуулийн төслөө байршуулж, боловсруулах болсон шалтгаан, үзэл баримтлал, хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тооцоолол болон үр дагаврын үнэлгээ зэрэг мэдээллүүдээ хавсаргана. Харин иргэд болон экспертүүд уншиж танилцан, чөлөөтэй санал дүгнэлтээ ирүүлэх юм. Ийн олон нийтэд хэлэлцүүлсний үндсэн дээр аливаа хуулийн төслийг батлах эсэх асуудлыг шийддэг байдлаар парламент үйл ажиллагаа явуулна” гэлээ.
“Lawforum.parliament.mn” нь иргэдэд хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээллийг өгөх, иргэдийн саналыг авах зориулалттай бол “Lawmaker.parliament.mn” нь бүртгүүлсэн иргэд, экспертүүдээс хуулийн төсөлд санал, зөвлөмж цуглуулах зориулалттай аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene ih, deed, kolejuudiig tsahim bolgoochee. Ih deed surguuliig toirson kanon, hevkeh gazruud ene covid-19 ues nash ih oyutan tsugluruulj bna. Mun mash ih hortoi shingen bolon huurai horiig "00" suultuurt hiij tataj bna. Ene ni Baigal orchin. Ozonii davhargad yamar ih hor urshigtaig mergejliin baiguullaga anhaarah tsag bolson bna. Tuhailbal: BGD 5 horoo. Kanonii gazruud . ih deed surguuliin hajuud.