Нийгмийн

Цогтцэцийд нэр дэвшигчийн амь яагаад ҮРЭГДЭВ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д бие даан нэр дэвшигч С.М нь золгүй байдлаар амь насаа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. Талийгаачийн үхлийн тухай цагдаагийн байгууллага, ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөр зүйлсийг мэдээллээд буй.


-ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН Э.БОЛДБААТАР МАН-ААС СОНГОГДСОН СУМЫН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ-

Мэдээлэл анхлан МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Э.Болдбаатар нь архидан согтуурсан үедээ талийгаачийг автомашинаараа дайрч амийг нь хохироосон хэмээн цацагдсан.


-Э.БОЛДБААТАР ГЭЖ ХЭН БЭ-

Э.Болдбаатар нь 2017 онд МАН-аас ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон өдгөө гурав дахь жилдээ ажиллаж буй аж. Тэрбээр Эрдэнэс-Таван толгой ХХК болон Цогтцэций шанх транс ХХК-д хувьцаа эзэмшдэг.


ҮҮНЭЭС ДҮГНЭХЭД: Талийгаач С.М нь сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бөгөөд харин амь насыг нь хохироосон хэмээн шалгагдаж буй иргэнтэй найз нөхдийн холбоотой байжээ. Тэдний хооронд сонгуулиас үүдэлтэй маргаан гараагүй, хэвлэлээр мэдээлэгдсэнчлэн эсрэг намын нэр дэвшигчид биш аж.


-ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР: САНАМСАРГҮЙ БАЙДЛААР Л НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧИХЛЭЭ-

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРЭЭС: “Талийгаач маань найзуудтайгаа жаахан архи ууж байгаад, гэнэтийн осолд орсон. Тэрнээс ямар нэг улс төрийн зорилго, санаатайгаар нэгнийнхээ аминд хүрсэн асуудал байхгүй. Талийгаач сумын ИТХ-д нэр дэвшиж, харин найз нь сонгуулийн сурталчилгаанд нь туслаж байсан. Ямар нэг маргаан гараагүй. Санамсаргүй байдлаар л нэгнийхээ аминд хүрчихлээ. Талийгаач эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Үнэхээр харамсалтай байна” хэмээх мэдээллийг өгсөн.


-СУМЫН ИРГЭН: ТАЛИЙГААЧИЙГ ХӨНӨӨСӨН ХҮН МАН-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭДЭГ НЬ ХУДАЛ-

Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэнтэй холбогдож дараах мэдээллийг авсан юм.

-Танай сумаас ИТХ-д өрсөлдөж байсан нэр дэвшигч золгүй байдлаар нас барсан. Та талийгаачийг таньдаг байсан уу?

-Тийм ээ. Нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй, уйгагүй хүн байж билээ. Сумынхаа уугуул иргэдийн нэг байсан. Нас барсан нь харамсалтай байна.

-Талийгаачийн нас барсан шалтгаан, сэжигтнээр шалгагдаж байгаа иргэнийг мэдэх үү?

-Сум жижигхэн шүү дээ. Хүн нас барсан хэрэг бол хурдан тархана. Миний сонссоноор талийгаач нас бардаг өдрөө дөрвөн найзын хамт хоол идэж, дараа нь багахан архи уусан юм билээ. Ингээд уулзалт тарж, гэр гэртээ харих үедээ нэг нь нөгөөгөө харалгүй ухарч байхдаа мөргөөд амийг нь хөнөөсөн юм билээ л дээ. Гэтэл сүүлд сонсох нь нэр дэвшигчид нэгнээ хөнөөсөн гэж байсан. Тэд хоёул сайн найзууд байсан гэсэн.

-Тэгэхээр талийгаачийг хөнөөсөн хүн МАН-аас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг нь худал гэсэн үг үү?

-Тийм ээ. Худлаа.

-Та энэ мэдээллийг хэвлэл болон сошиал хуудсаар авсан уу. Баттай эх сурвалж уу?

-Сошиал, хэвлэл үзээгүй. Сонсох нь дандаа худал мэдээлэл явж байгаа бололтой. Би сонгуулийн штабт нь ажилладаг найзаасаа сонссон.


-Б НЬ ТАЛИЙГААЧИЙГ МӨРГӨСНӨӨ НАЙЗДАА ХЭЛЖ, НАЙЗ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГАД ДУУДЛАГА ӨГЧЭЭ-

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЖ БУЙГААР: Уг харамсалтай осол 14.00 цагийн үед болсон гэх бөгөөд талийгаач М, сэжигтэн Б нар нь хоёр найзын хамт хоол идэж, согтууруулах ундаа хэрэглэсний дараа сэжигтэн Б эхлээд харихаар хашаан дотор машинаа ухраах үедээ ард зогсож байсан М-ийг харалгүй хашаатай хавсарч мөргөсөн аж. Ийнхүү сэжигтэн талийгаачийг мөргөсөн тухайгаа найздаа хэлж, найз нь анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Мөн тэд уг харамсалтай осол гарахаас өмнө үл ойлголцож маргасан зүйлгүй, золгүй явдал байсныг онцлов. Сэжигтэнд өдгөө хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг хийж эхлүүлсэн бөгөөд санаатай аль эсвэл золгүй явдал байсныг тогтоосны дараа шүүхээр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авах аж.


-ТАЛИЙГААЧИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН Б ГЭГЧ НЬ ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙГААГҮЙ-

Талийгчийн амийг хөнөөгч нь дээр дурдсанчлан, МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Э.Болдбаатар биш бол жинхэнэ буруутан хэн бэ гэх асуулт урган гарч ирнэ. Бидэнд олдсон мэдээллээр талийгчийн амийг хөнөөсөн Б нь ямар нэг намд харьяалалгүй, талийгаачтай эртний найзууд гэх бөгөөд урьд нь ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй аж. Мөн талийгаачтай гэр бүлийн найзууд байсан гэх бөгөөд маргалдах, өш санах шалтгаан байхгүй гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button