Таны хүүхэд ямар гэр бүлд өсөж, хүмүүжиж байна вэ?

Эцэг эхчүүд хүүхдийнхээ сөрөг хандлага, хүмүүжлийн шалтгааныг өөрсдөөсөө түлхэж, бусад руу чихэхийг урьтал болгодог. Гэвч бидний хэд нь хүүхдийнхээ хандлагыг өөрсдөөсөө эрж, учир шалтгааныг эрэлхийлдэг бол?
НИЙГЭМД ОРОЛЦОО ИХТЭЙ, ӨГЛӨГЧ ГЭР БҮЛ: Энэ төрлийн гэр бүлээс төрсөн хүүхэд ирээдүйд хүмүүнлэг, буяны ажилд сайн дураараа оролцох нь элбэг. Ааш зангийн тухайд даруу төлөв, боловч ганцаардмал болох нь бий. Учир нь сайхан сэтгэлтэй, өглөгч гэр бүлийн хүмүүс бусдын төлөө их цаг зарцуулдаг тул өөрийн үр хүүхдэдээ анхаарал хандуулах нь бага байдаг.
ХЭРҮҮЛ МАРГААН ИХТЭЙ ГЭР БҮЛ: Эцэг эх нь уур бухимдал стресс ихтэй, амьдралын олон асуудалд нухлуулсан айлын хүүхэд төдий чинээ зожиг, өөртөө итгэлгүй, аливаа зүйлийг эвээр бус хүчээр шийдэхийг урьтал болгох нь бий. Ийм зүйлсийг биеэр мэдэрч, туулж ирсэн хүүхдүүд том болох тусам асуудлыг хүндрүүлэх, тэр бүхнийг стресстэж, уур бухимдал гаргах нь бий.
ТӨГС БАЙХЫГ ХИЧЭЭГЧ ГЭР БҮЛ: Хүүхдүүдээ төгс төгөлдрийн дарамтанд оруулж, “Чи хамгийн шилдэг нь байх ёстой. Эгч, ах шигээ чармайх хэрэгтэй” гэх нь хүүхдийг маш ихээр стресстүүлдэг. Энэ үед хүүхдийн толгойд “Хэрэв би сайн байж чадахгүй бол ээж аавынхаа хувьд хэн ч биш. Тэд намайг хайрлахаа болино” гэх мэтээр өөрсдөдөө итгэлгүй болж өсдөг байна.
БУСДЫН ТУСЛАМЖИД НАЙДСАН ЗАЛХУУ ГЭР БҮЛ: Амьдралын идэвхигүй, залхуу, ажил төрөлгүй, тоглоом, зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлсэн гэр бүлүүд олон бий. Ийм гэр бүлээс төрсөн хүүхдүүд нэг бол их чармайлттай, амьдралаа өөрчлөх хүсэх тэмүүлэлтэй, зөв нэгэн болж хүмүүждэг бол, нөгөө талдаа эцэг эх шигээ аливааг хялбарчлах сонирхолтой, залхуу, амьдралын идэвхигүй нэгэн болох магадлал өндөртэй байна.
БУРУУ ЗУРШИЛТАЙ ГЭР БҮЛ: Аав ээж нь архи, тамхинаас хэт их хамааралтай, сахилга батгүй гэр бүлийн хүүхдүүд бага байхдаа эцэг эхийгээ өөрчлөгдөөсэй, өөрсдөд нь илүү их цаг завыг гаргаасай гэж хүсэх ч, том болохын хэрээр тэдний энэ байдал хүүхдэд дарамт болж, маш олон зүйлд стресстэн, үүнийгээ даван гарахад бэрхшээл үүсдэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.