УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

АЖЛЫН ХЭСЭГ: Асгатын мөнгөний ордын цэвэр ашгийг 197,1 сая ам.доллар гэж төсөөлсөн

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Асгатын мөнгөний орд Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагааннуурын чөлөөт бүсээс 40 орчим км, Улаанбаатар хотоос 1800 км-т оршдог. Хайгуулын ажлыг 1976 оноос эхэлж хүдрийн таван бүсийн хэмжээнд хийж байсан. Цаашид зөвлөлтийн геологичидтой хамтран 100 км дотор хайгуулын ажил хийснээр уг ордыг илрүүлсэн байдаг.  Нөөц нь 6.4 сая хүдрийн нөөцтэй. Мөнгөний нөөц нь 2200 тонн, зэс нь 72.6 мянган тонн, дагалдах бусад элементүүд байдаг. Авто зам, сайжруулсан шороон зам хүндрэлтэй. Эрчим хүчинд холбогдоогүй зэрэг шалтгаанаас хамаараад нэлээд хугацаанд эргэлтэд орохгүй удсан байна.

Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр ““Эрдэнэс Монгол” компанийн зүгээс дөрвөн лиценз хүлээж авсны нэг нь Асгатын мөнгөний орд байсан аж. 2019 оны зургаадугаар сарын зах зээлийн үнэлгээг түшиглэж, ТЭЗҮ-г шинэчилж үзсэн. Хөрөнгө оруулалт 127,3 сая ам.доллар, 500 гаруй ажлын байр нэмэгдэх, борлуулалтын орлого 318,1 сая ам.доллар,  үйл ажиллагааны зардал 256,6 сая ам.доллар, цэвэр ашиг 197,1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар, мөнгөн урсгалыг 178,7 ам.доллараар төсөөлж, өгөөжөө өгөх хугацааг 11 жил гэж тооцсон. Гэхдээ яг одоо ТЭЗҮ-г өнөөгийн үнэ цэнд хөрвүүлж, шинээр тооцож байгаа. Хөрөнгө оруулалтын хувилбарыг 60/40, 51/49, бүхлээр нь төрийн мэдэл гэсэн гурван хувилбар гэж тооцож байгаа ч судалгаа, хөрөнгө оруулагч талтай ярьж, хэлэлцэх боломжтой. ТЭЗҮ-г бүрэн дууссаны дараа дахин танилцуулна” хэмээв.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжиж, санал хураалт явуулж дэмжлээ.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:Асгатын мөнгөний ордыг ашиглах нь зөв. Хүнд цаг үед эдийн засгийг дэмжих, тэлэх бодлогын хүрээнд нэг ч гэсэн төслийг эхлүүлэх нь зөв. Бүс нутгийн хөгжилд ч хэрэгтэй. Ойролцоогоор 500 хүний ажлын байр бий болох чиглэлээр ч зөв зүйтэй гэж бодож байна. Үнийн таамаглал хэр бодитой тооцсон бэ. Засаглал талаасаа таатай үнийн төсөөлөл биш байх шиг байна. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлцэл хийхэд бидэнд сайнгүй дүр зураг харагдаж байна. Ашиглалт талаасаа хоёр улсын хил дамнасан орд газар. Тиймээс бид ОХУ-тай хамтран шийдэл байгаа гэж харж байгаа. АНУ, Австрали талаас санал ирсэн бол ОХУ-ын талтай хамтран ажиллах, ойлголцох боломжтой компаниуд орж ирж байна уу. Мөн Монголын тал Асгатын мөнгөний орд дээр хувь эзэмших асуудлыг хэрхэн тусгасан бэ. Хуулиараа бид 50 хүртэл хувь эзэмших боломжтой. Гэхдээ төр заавал өөрөө орох, хувь эзэмшихээс илүү татвар илүү авах уу гэдэг чиглэл рүү шийдлээ чиглүүлэх нь хэр бодитой байж болох вэ.  Бид хувь эзэмших гэхээс илүү ашиг, үр өгөөжөө бодож, татвараа өндөр байлгах нөхцөлийг сонгох нь зөв юм болов уу гэж бодож байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглал доогуур буюу нэг кг мөнгө 700 орчим ам.доллар байгаа. Нөгөө талаас олон компаниуд хамтран ажиллах, төслөө хамтран ажиллах санал ирүүлсэн компаниуд боломжийн үнийн судалгаа хийж, саналаа ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар орд ашиглах нөхцөл хойшилсон нь баяжуулалтын технологи, дэд бүтэц хоёр байсан. Асгатын орд руу очих хүртэл ОХУ-ын хилээр нэвтэрдэг учраас Оростой хэлэлцэх, ярилцах, зөвшилцөх зүйл олон бий.  АНУ, Австрали улсын компаниудын зүгээс ордыг ашиглахад хамгийн боломжтой хувилбар нь ОХУ, Казахстанаас тоног төхөөрөмжөө нийлүүлэх нь үр ашигтай гэж үзэж байгаа юм билээ. Орд нь стратегийн орд учраас гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах асуудал нь хамтарсан компани байгуулж, хувь хэмжээ буюу бүх боломжтой хувилбаруудыг ярилцаж, хэлэлцээр хийж шийдвэрлэх боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.АНАНДБАЗАР:Асгатын ордыг олон улсын компани хөрөнгө оруулах боломжгүй. ОХУ-ын дэд бүтцийг ашиглах учраас ашиггүй хөрөнгө оруулалт хийхгүй. Тиймээс маш бодитой судалгаа хийж, ямар үед ашигтай байх вэ гэдгийг нь харах хэрэгтэй. Стратегийн ач холбогдолтой ч ашиглахад хүнд ордыг ОХУ-тай хэлэлцээр хийх нь эдийн засгийн хувьд үр дүнтэй. Дандаа нэг талын ашиг харж бизнес, хамтын ажиллагаа явдаггүй. Ашиглах эзэд нь ОХУ-ын компани байхаас та бүхний ярьж байгаа АНУ-ын компани орж ирэхгүй. Өнгөрсөн хугацаанд Асгатын ордын ашиглах асуудлыг олон удаа ярьж байсан ч үр дүнд хүрч байсан нь байхгүй. Энэ орд байгаль орчинд маш хортой нөлөөтэй. Тиймээс байгаль орчинд хортой нөлөөллийг хэрхэн бууруулах, ямар боломж, технологийн шийдэл байгаа юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дараа бид хэлэлцэх нь зөв гэж бодож байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:Энэ ордыг ашиглахад геополитикийн асуудал гарч ирж байгаа. Монгол, ОХУ-ын хилийн зааг буюу дамнадаг. Оросын  талаас дангаараа ашиглах нь ашиггүй гэж үздэг. Тиймээс манай талтай хамтран өөр өөрсдийн нөөцөө ашиглах чиглэлээр хоёр тал дундаа нэг баяжуулах үйлдвэр барих зэрэг хувилбарууд байх боломжтой гэж үздэг. АНУ-ын компанийн хувьд хөрөнгө оруулалтын туршлагатай, ОХУ-д ажиллаж, амьдарч байсан Еврей, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой компани гэж үзэж байгаа. Баяжуулах үйлдвэрийн байршлыг зөв тогтоож, мөнгийг салгаж авах зэрэг байгаль орчинтой холбоотой асуудал бий. Баяжуулалтын технологиос болоод өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь зогссон байсан. 2018 оноос хойш гадаадын компаниудтай хамтран шаталсан технологийг нэвтрүүлж байгаа. Баяжуулалтын  технологийн нарийн шийдлийг  дэлгэрэнгүй танилцуулж болно.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: Асгатын мөнгөний ордыг ашиглах чиглэлээр маш бодитой санал оруулж ирэх хэрэгтэй байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд бид ашиглаж чадаагүй. Одоо яг гол шийдэл нь юу байх вэ. Боломж, бололцоо нь юу байгаа, юунаас эхлэх хэрэгтэй байна вэ. Бололцоотой оныг хэзээ гэж тооцож байгаа вэ. Асгатын мөнгөний ордыг дарж хэвтэх бус өөрсдөд ямар боломж, бололцоо зэрэг бүх л талаас нь харах хэрэгтэй. Бүх зүйл дээр геополитик, улс төр оруулахгүйгээр техник, технологио яриад явах нь зөв болов уу.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Асгатын орд дээр хүндрэлүүд бий. Хамгийн түрүүнд дэд бүтэц, баяжуулалтын технологийн асуудал. Тиймээс энэ дөрвөн жилийн хугацаанд Асгатын ордыг  ашиглалтад оруулья гэж хэлж зүрхлээгүй. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт судалгаа, туршилт, ТЭЗҮ зэрэг бүх зүйлээ хийж, хөрөнгө оруулагчдад бүрэн мэдээлэл өгөх бэлтгэлээ хангана гэж тусгасан. Өнөөдөр бидэнд хэд хэдэн компаниуд боломжтой гэж байгаа ч эхний ээлжинд баяжуулалтын  технологийг хэрхэн хийх, шат дараалсан үйл ажиллагааг тодорхой болгох чиглэлээр туршилт хийгдэж байгаа. АНУ-ын компанийн зүгээс энэ туршилтыг хийж, хүссэн үр дүнгээ авсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Асгатын хувьд технологитой холбоотой цаасан дээр гарсан бэлэн төсөл байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button